Сурагч байхаасаа л нэгэн баярт ач холбогдол өгдөг байлаа. Аав, ээжээрээ цэцэг, шоколад авахуулж ангийнхаа охидыг баярлуулна гээд хөөрцөглөнө. Энэ нь “Мартын 8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр л дөө. Одоогийнх шиг сүрхий бэлэг сэлт байсан ч биш, өөрсдийнхөө хэмжээнд хөөрхөн л бэлэг өгч байна гэж бодно.

Үдээс хойш сургуулийн урлагийн зааланд баярын арга хэмжээ болж охидоо ёстой л ичтэл бүжгэнд урина. Соёлын төвийн том зааланд дээд тэнгэрийг энгэртээ зангидсан мэт цэнхэр алчуур хүзүүндээ зүүж гангарсан эгч нар бүжгийн талбайг хөндлөн гулд эргэж дуусдаг байсансан.

Урин хаврын хонх хэдийнэ жингэнэж бүсгүйчүүд, эмэгтэйчүүд баярын мишээл тодруулан алхацгааж байгаа нь нэн тодхон байна. “Зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан онцгой хямдрал 50-60 хувь”, “Гоо сайхны бараа бүтээгдэхүүнээ эрхэмсэг бүсгүй танд зориулав”, “Хайрт ээж, халамжит ханьдаа үзүүлэх цорын ганц шилдэг тоглолт болох гэж байна” гэсэн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдийнэ цацагдаад эхэлчихэж. Энэ нь мэдээж “Мартын 8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ойртож буйн дохио хийгээд эрчүүд минь та нарт ийм боломж байна гэсэн битүүхэн сануулга өгч буй хэрэг юм. Улиг домог болтол тэмдэглэдэг олон баяраас зөвхөн эмэгтэйчүүдээ баярлуулна гэдэг утгаараа “Мартын 8”-ны баяр онцлог байдаг. Өдөр бүр биш ч гэсэн энэ л өдөр эрчүүд эмэгтэйчүүддээ үнэн сэтгэлээ дэвсдэг.

Эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд жагсаал цуглаан хийж байсан нь уг баярын үндэс болж байжээ. Сонирхуулахад, хамгийн анхны жагсаал МЭӨ VII зуунд эртний Грекийн Лисстратагийн толгойлсон хөдөлгөөн юм байна. Түүнээс хойш олон зууны турш эмэгтэйчүүд үр хүүхэд, ажиллах орчин, цалин хангамжийнхаа төлөө тэмцэж ирсэн байдаг. Угаасаа эмэгтэйчүүд аливаа зүйлийг эхлүүлсэн бол ард нь гарч санаа нь амардаг улс. 1908 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд эрэгтэйчүүд 10 цаг ажиллаж байхад эмэгтэйчүүд 16 цаг хөдөлмөрлөж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ. Энэхүү жагсаал ч тэдний хүссэнээр өндөрлөсөн байна.

1910 онд Орост эмэгтэйчүүд дайныг эсэргүүцэн жагссан нь улмаар бослого хөдөлгөөн болж тухайн үеийн Оросын Засгийн газраас дайныг зогсоох шийдвэр гаргах хүртэл оргилдоо хүрч байсныг тэмдэглэжээ. Үүний дараа 1910 онд интернационалийн хоёрдугаар хурал дээр Германы тэмцэгч эмэгтэй Клара Цеткин “Гуравдугаар сарын 8-ныг олон улсын эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн өдөр болгож зарлая” гэсэн санаачилга гаргасныг тус хуралд оролцсон 100 гаруй эмэгтэй дэмжсэнээр эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болсон түүхтэй юм. Харин 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлжээ. Монголын эмэгтэйчүүд 1924 онд анх удаагаа өөрсдийнхөө байгууллагыг байгуулсан байдаг. Энэ үеэс эхлэн монголчууд эмэгтэйчүүдийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж эхэлсэн бол 1970-аад оны эхэн үеэс баяр ёслолын байдалтай тэмдэглэж эхэлжээ.

Эмэгтэйчүүдийн уг баярыг Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикстан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болсон юм. Түүнчлэн Узбекстанд гэхэд энэ өдрийг "Эхийн өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай гэнэ. Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн баяр гэхээсээ илүүтэйгээр ээжүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн юм. Их Британид гэхэд “Ээжийн ням гариг” хэмээн ээжүүдийн өдрийг тэмдэглэдэг байна. Уг баяраараа цэцэг, шоколад болон чихэр бэлэглэдэг аж. Серби, Маккедониа, Болгар, Словен, ОХУ болон Румын зэрэг орнуудад ээжүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-нд тэмдэглэдэг. Энэтхэг, Өмнөд Америк, Мексик болон Малайзад харин хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 10-нд тэмдэглэж заншжээ.

НҮБ уг баярыг Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгох тогтоолыг 1977 онд гаргаж тэр өдрөөс эхлэн Ангол, Буркино-Фасо, Гвиней-Бисау, Камбож, Хятад, Конго, Лаос, Македони, Монгол, Балба, Хойд Солонгос, Уганда зэрэг орнууд төрийн баяр болгожээ. Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Төрийн тэргүүн байхдаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, зургадугаар сарын нэгэнд эх үрсийн баяраар нэг мөсөн тэмдэглэхээр зарлигдсан ч эрчүүд нь энэ баяраа харин ч нэг хамгаалж үлдсэн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа нэгэнтээ "Орчин үеийн эмэгтэй бол морь шиг ажиллаж, хатагтай шиг харагдаж, зөвшилцөлд хүрч чадах боловч зарчмаа хамгаалж чадах асар их хүсэл зориг, оюуны хангалттай нөөц бүхий байх ёстой” хэмээн хэлсэн байдаг.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар “Өглөө, өдөр, орой ижийгээ бодож бай. Тэгж чаддаггүй юм аа гэхэд өдөрт ганц удаа ч болов ижийгээ бодож байгаарай, залуус минь” хэмээн нулимс дуслуулан хэлсэн нь бий. Гуравдугаар сарын наймны өдөр л амжиж ээжийгээ баярлуулчих юмсан гэх залуус олон болжээ. Бага байхдаа “Чамайг ээждээ хэлнэ дээ” гэж хэлж үзээгүй хүн бараг л ховорхон. Болж бүтэхгүй, арга мухардсан үедээ л бид “ээж ээ” гэж уулга алддаг. Энэ бүхнээс үзэхэд дан ганц гуравдугаар сарын наймны өдөр гэлтгүй бүхий л өдөр баярлуулж баймаар хүн бол ээж болж таараад байгаа юм. Эхийн ачийг хариулна гэдэг амаргүй л гэдэг. Яг үнэндээ шүүдрийн дусал цуглуулан цай чанаж өгвөл эхийнхээ ачийг хариулсантай тэнцэнэ хэмээн ярьцгаадаг. Үнэндээ яавал ээжийнхээ ачийг хариулна гэдэг хэмжигдэхүүн хаана ч үгүй. Түүнийг тооцож баталгаажуулсан хүн одоогоор энэ бөмбөрцөг дээр тодорч гийгээгүй л байна. Бурхан багш гэхэд л ээжийнхээ ачийг хариулахаар 90 хоногийн турш буян хийсэн тухай уншиж байлаа.

Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг нь яаж хариулна даа...” хэмээн дэлхийн бүх ээжүүдэд дуулж өгмөөр өдөр байдаг даа. Монголчууд “Эхийн санаа үрд” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй юм. Орчлонгийн хамгийн гоо үзэсгэлэнг бүрдүүлж, саран мэт хөмсгөндөө аз жаргалын солонго татуулан явахдаа биднийг төрүүлж, мөнгөн сор тэргүүнд нь цайтал, сүмбэн цагаан хуруугаа моонийтол үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэдэг. Тэглээ гээд хэзээ ч “Чиний өмнөөс тэгчихлээ” гэж гомдлын үг унагаж байгаагүй юмдаг. Эмэгтэйчүүдээ, ээжүүдийгээ баярлуулъя, залуус аа.

Нэг үеэ бодоход нийгмээ дагаад манай залуусын бэлэг сонгох сэтгэлгээ ч өөр болж цэцэг, навч, хоолонд урихаас өөр болжээ. Тухайлбал, ээж, эхнэр хоёртоо эрүүл мэндийн цогц шинжилгээ өгөх эрхийн бичиг өгч байх жишээтэй. Мөн иог, фитнесст явах эрх гээд эрвийх дэрвийхээрээ л гүйцгээж байна.

Манайхны мөнгөгүй болохоор нүүрийг нь ч харж чадахгүй хэцүү юм гэдэг нэг нэрэлхүү зан байдаг. Ер нь бол бэлэг гэдэг сэтгэлийн л зүйл. 10 настайдаа Мартын 8-ны өдөр ээждээ зурж өгсөн зураг өдгөө ч манай гэрт байдаг юм. Ухаандаа бараг 20 жил үүнийг ээж минь хадгалжээ. Миний хувьд тэр зургийг харахаараа ичдэг хэдий ч үрийнхээ бэлэгнээс ичдэг ээж гэж байдаггүйг тэгэхэд ойлгож байлаа. Ажил ихтэй байгаа эхнэртээ ганц сарнай бариад ажил руу нь яваад оч. Яаж баярлахыг нь хар л даа. Төрсөн гэртээ очиж банштай цай хийгээд өг. Баярлана даа, тэр ээж. “Үр минь ямар ч байсан хоолоо хийгээд идчихдэг болчихжээ. Эхнэр нь ажилтай, байхгүй байсан ч аргалаад хоолоо хийчих юм байна” гээд л хөөрнө. Эх хүний сэтгэл хэдий тэнэгэр байх тусмаа урт удаан насалдаг гэдгийг эрдэмтэд нотолчихсон юм.