“Mongolia Open 2016” тэмцээнд Г.Мандахнаран 5 дахь, Д.Хүдэрбулга 3 дахь удаа түрүүлэв

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарч өрсөлдлөө.


Тав дахь удаагаа болж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Ц.Энхжаргал, ДАШТ-ний медальт Б.Номин, Д.Отгонцэцэг, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Даваачимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, З.Занабазар, Н.Лхамгармаа, Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг, Ж.Чулуунбат, Б.Шоовдор нар гээд манай зуу гаруй бөхчүүд зодоглож байна.

Энэ тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын зэрэг гадаадын 6 орны нийт 96 гадаадын бөх бөх хүрэлцэн ирж барилдаж байна. Тэдний дотор якутын бөх, дэлхийн хошой аварга Виктор Лебедев, якутын бөх, Дэлхийн цомын тэмцээний аварга Владимир Флегонтов, дэлхийн залуучуудын аварга Александр Рассадин, буриадын бөх, Залуучуудын олимпийн наадмын аварга Алдар Балжиннимаев, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын 3 удаагийн аварга Марина Александровна Вильмова, казахстаны бөх, Азийн наадмын мөнгө, азийн аварга, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Расул Калиев, азийн залуучуудын аварга Булат Сакаев нар байна.

Якутын багийн дасгалжуулагчаар 2001 оны ДАШТ-ний 65 кг-ын жинд Беларусь улсын нэрийн өмнөөс орж түрүүлсэн Герман Контоев, Казахстан улсын багийн дасгалжуулагчаар тус улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Төв аймгийн Баянцогт суманд төрсөн Эсентай нар оролцож байна.

Тэмцээнийг ДБНХ-ны техникийн төлөөлөгч, олон улсын шүүгч ноён Исао Окияма удирдаж байна. Тэмцээнд гадаадын 7, манай 21 олон улсын шүүгч ажиллаж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллаж байна. Тэмцээн дүрэм ёсоор 3 дэвжээн дээр явагдаж байна. Тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 1 мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 700, гуравдугаар байр эзлэсэн бөхөд 400 ам.долларын шагнал олгож байна.

Эхний өдрийн барилдаанд 7 жинд нь Монголын, 1 жинд нь Казахстаны бөхчүүд алтан медаль хүртлээ.

Эрэгтэй 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Б.Номин нарын барилдаан чөлөөт бөхийн урлагийг харуулж Б.Номин өрсөлдөгчөө мушгиж бүхэл 4 оноо авсан ч дараа нь шуналтаж сугадаж дайраад хариу мэхэнд орж цэвэр ялагдлаа. Ийнхүү Гавьяат тамирчин Г.Мандахнаран 5 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга 3 дахь удаа, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг нар 2 дахь удаа, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, олон улсын хэмжээний мастер Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг нар анх удаа түрүүлэв.

48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал алтан медалийн төлөө олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөнтэй барилдахдаа туршлага зааж өрсөлдөгчдөө оноо авах ямар ч боломж олгосонгүй ялав. 69 кг-ын жинд хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нар өрсөлдөж Ш.Түмэнцэцэг нь 5:2 онооны харьцаагаар ялж сүүлийн 3 тэмцээнд дараалан яллаа. Тэмцээний эрэгтэй 57 кг-ын жинд хурц ширүүн барилдаан болно гэж үзэгчид хүлээж байсан ч олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар бэртлийн улмаас барилдсангүй, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр түрүүлсэн. Энэ жилийн улсын аварга олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа мөнгө, С.Батболд хүрэл медаль авч олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, Г.Отгонжаргал нар медальд хүрсэнгүй.

Улсын шүүгч Г.Амархүү өнгөрсөн жил Казахстан улсын Астана хотод болсон тус улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд шалгалт өгч тэнцсэн учир түүнд олгосон олон улсын шүүгчийн үнэмлэхийг түүнд МЧБХ-ны Шүүгчдийн зөвөллийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр гардуулж баяр хүргэлээ. Манай отгон олон улсын шүүгч маань 1985 онд төрсөн, олон улсын хэмжээний мастер хийгээд 2014 онд улсын шүүгч болж байжээ.

Тэмцээний эхний өдрийн дүн

Эрэгтэй:

57 кг:

1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн болон нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-нйй хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Х.Дондуков /ОХУ/

Энэ жинд 27 бөх барилджээ.

65 кг:

1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга/
2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, МҮИС, насанд хүрэгчдийн болон залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Амандук Бакеев /Казахстан/
3. Виктор Степанов /ОХУ/

Энэ жинд 18 бөх өрсөлджээ.

74 кг:

1. Сакен Айжанов /Казахстан/
2. Берик Аринов /Казахстан/
3. Данирь Кайсанов /Казахстан/
3. Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 7 бөх барилджээ.


97 кг:

1. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, азийн аварга/
2. Евгений Королец /ОХУ/
3. Чагнаадоржийн Ганзориг /”Мандал-Оюут” дэвжээ, азийн аварга/
3. Өлзийсайханы Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
Энэ жинд 13 бөх барилджээ.

Эмэгтэй

48 кг:

1. Цогтбазарын Энхжаргал /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, азийн хошой аварга/
2. Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт/
3. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/
3. Саяна Цыбыкова /ОХУ/
Энэ жинд 9 бөх барилджээ.

55 кг:

1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга/
2. Марина Вильмова /ОХУ, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Нина Менконова /ОХУ/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
Энэ жинд 8 бөх барилджээ.

60 кг:

1.Бүрнээбаатарын Нямгэрэл /“Алдар” спорт хороо/
2. Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо, Азийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд
сургууль/
3. Сандагдоржийн Наранцэцэг /ҮБТДС/
Энэ жинд 8 бөх барилджээ.

69 кг:

1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Чаян Фан /БНХАУ/
3. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл медальт, Азийн аварга/
3. Мөнхбатын Хишигмаа /”Арслан” клуб /
Энэ жинд 7 бөх барилджээ.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно.

 

 

 

 

Эх сурвалж: ddn.mn