Шинэ төмөр зам төсөл буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг албан ёсоор шалгаж буй билээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн Х.Баттулга надад ямар ч эрүүгийн хэрэг үүсгээгүй, би сайн дураараа очиж л тайлбар өгсөн гэж буй ч түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан нь тодорхой болжээ.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарт 201501000154 тоот дугаартай хавтаст хэрэг үүсгээд буй юм байна.

УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга ч 2015 оны 12-р сарын 24-ний шөнийн 02 цагт АТГ-т ирж мэдүүлэг өгөн, өөрийг нь сэжигтнээр тооцож буйг хүлээн зөвшөөрчээ.

Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүнийх нь халдашгүй бүрэн эрх саад болж буй тул Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд албан ёсоор тавих шаардлага үүсч буйг эх сурвалж өгүүлж буй юм.

 

П.Мандах