Монгол улсын эдийн засгийг хэн нуруундаа үүрч авч явах вэ? Мэдээж бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн компаниуд, үйлдвэрлэгчид хамгийн их оролцоотой. Тэгвэл эдийн засгаа аврахыг уриалсан Ерөнхий сайд, 76-д хувийн компаниуд дампуурч, жижиг худалдаа эрхлэгчид хоногийн хоолноосоо салах нь ямар ч падгүй бололтой.

Саяханы нэг өдөр монголынхоо хэвлэлийн компаниудад нэлээд дээгүүр давхидаг байгууллагын танилтай таарав. Ажил төрөл хайж яваа тухайгаа хуучлав. Тэднийх 60 гаруй ажилтантай байсан юмсанж. Эдийн засгийн хямралын шуурганаар арай хийж дэнчигнэж явж байгаад оны өмнө хэдэн ажилчдаа аргагүй эрхэнд цомхотгосон байна. Цагаан сарын дараа ажилгүй хэдэн өдөр зогсолт хийхэд нэлээд хүн ажлаасаа гарч, дарга байсан нэг нөхөр одоо бүүр үйлдвэрийн менежер нэртэй цэвэрлэгч, нярав, хэвлэгч гээд хийхгүй ажилгүй болж. Ингээд гарын 10 хуруунд багтах үгүйдээ үлдсэн үйлдвэр өнөө маргаашгүй үүдээ барьж, дампуурлаа зарлах болсон гэнэ. Үүний улмаас ажилгүйчүүдийн эгнээ тэлж байгаа нь ойлгомжтой юм.

Компаниуд "цомхотгол" хийж байгаа нь улсын эдийн засаг ямар түвшинд байгаагийн тод илрэл.

НӨАТ гэгчээс болж жижиг, дунд бизнес эрхлэгчид хэцүүдэж байна. Тэд хоногийн хоолоо залгуулахын тулд жижиг дэлгүүр ажилуулдаг. Мөн захын наймаачид бараа нь зарагдахгүй банкны зээлээ ч төлж барахаа байж. НӨАТ-аар далд байсан орлого ил гарсан нь сайн. Харин нөгөө талдаа муу үр дагавартай болж хувираад байгааг олонтаа дуулгалаа. Сугалаатай баримт гэгчийг нэхэж үйлчлүүлэгчдээ сүлжээ, монополь дэлгүүрүүд рүү жижиг худалдаа эрхлэгчид алдаж байна. Хамгийн их хүнийг ажлын байртай болгодог банк хүртэл цомхотголоор хэдэн зуун хүнийг ажилгүйчүүдийн эгнээ рүү элсүүлж байна.

Нөгөөтэйгүүр нэг доллар 2050 төгрөгтэй тэнцлээ. Тодруулбал, Монголбанкны зарласан ханш 2047 төгрөгт хүрлээ. Өнөөдрийн байдлаар ам.долларын зарах ханш банкуудад 2050-2053 төгрөг, арилжааны цэгүүдэд 2051 төгрөгт хүрэв. Энэ оны улсын нэгдсэн төсвийг батлахдаа нэг ам.долларыг 2030 төгрөг байна гэж тооцсон. Сангийн яамны энэ тооцоо бодит байдлаас хэдийнээ хэтэрчихсэн.

Түүнчлэн Монгол улсын өр нэмэгдлээ. Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авчээ. Уг мөнгө Сангийн яамны дансанд орсон хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалтад оролцохдоо мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын гадаад зах зээлээс бүрдүүлэхээр төлөвлөж буй 500 сая долларын зээлийн эхний хэсэг нь болж байна. Энэхүү 250 сая ам.долларын зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь таван жил бөгөөд жилийн хүү нь LIBOR + 6.25% байхаар тогтжээ. Харин хоёр дахь зээл буюу үлдсэн 250 сая долларын хувьд яриа хэлэлцээр өрнөж буй бөгөөд гурван жилийн хугацаатай LIBOR + 5.75%-ийн хүүтэй байх төлөвтэй байгаа гэнэ.

Ийнхүү өр нэмэгдэж+доллар өсч+худалдаа эрхлэгчид шахагдаж, компаниуд үүдээ барьж байна.

Х.Даваа