Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ, Зүүн Ази болон Номхон далайн орнуудыг хариуцсан захирал ноён Берт Хофманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон Дэлхийн банкны 25 жилийн хамтын ажиллагаанд талархалтай хандаж буй талаараа дурдаад цаашдын хамтын ажиллагааны харилцан санал солилцсон байна.

Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа ба өнгөрсөн 25 жилийн хугацаанд Дэлхийн банк манай улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлүүдийг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гэх мэт ач холбогдол өндөртэй салбаруудад олгосоор ирсэн билээ.

Дэлхийн банкны Монгол Улсад 2013-2017 онуудад баримтлах Хамтын ажиллагааны стратегид Монгол Улс уул уурхайн эдийн засгийг тогтвортой, ил тод удирдах чадавхийг бэхжүүлэх, хот суурин газар, орон нутагт эдийн засгийн хөгжил болон ажил эрхлэлтийн тогтвортой мөн олон тулгуурт суурийг бий болгох, үйлчилгээ авах боломж болон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдлийн удирдлагыг сайжруулах замаар эмзэг байдлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах тухай тусгасан байна.