Манай улсын иргэдийн хувьд БНСУ- руу ажиллах болон бусад зорилгоор тус улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлдэг билээ. Тэгвэл сүүлийн хэдэн өдөр виз мэдүүлэгч нарын материалыг цагдаагийн тодорхойлолтгүй бол хүлээн авахгүй хэмээжээ.

Тэгтэл Хууль зүйн сайдын А/12 тоот тушаалаар 2013 оноос цагдаагийн тодорхойлолтыг иргэдэд олгохгүй байхаар болсон. Харин ялтай эсэх лавлагааг “тодорхойлолт”-оор эрх бүхий 20 байгууллагад олгохоор болсон юм.

Гэтэл Цагдаагийн байгууллагаас БНСУ-ын Элчин сайдын яам тус тодорхойлолтыг шаардах ёсгүй хэмээн иргэдийг төөрөгдүүлээд байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллага БНСУ-ын Элчин сайдын яамны хүсэлтийн дагуу энэ сарын 21-н хүртэл иргэдэд цагдаагийн тодорхойлолт олгож байсан. Одоо тодорхойлолт авах иргэд тус элчин сайдын яамандаа хандаж, 1000 төгрөгийн хураамжаа төлөн албан тоотоор цагдаагийн тодорхойлолт авч өгнө үү хэмээн хандах хэрэгтэй” гэсэн юм.

Хууль зүйн сайдын журмын дагуу зарим нэг байгууллагууд заавал тухайн иргэнийг ялтай эсэхийг лавлахаар бол цагдаагийн байгууллагад албан тоотоор хандаж, 1000 төгрөгийн хураамжийг тухайн иргэнээс аван цагдаагийн тодорхойлолт авах боломжтой хэмээн тусгасан байдаг байна. Иймд Монгол Улсын хууль дүрмийн дагуу БНСУ-ын Элчин сайдын яам тухайн иргэнийг ялтай эсэхийг мэдэхийг хүсч байгаа бол цагдаагийн байгууллагад албан ёсоор тоот бичгээр хандах эрхтэй гэдгийг иргэн та тус Элчин сайдын яаманд уламжлан хэлэх эрхтэй. Ялтай эсэх лавлагааг тус улсын Элчин сайдын яам өөрсдөө тодруулан мэдэх журамтай байтал иргэдийн материалыг хүлээн авахгүй байгаа нь хуульд нийцэхгүй үйлдэл юм.

Т.Буянаа