Даяарчлал, ардчилал, ил тод байдлын давалгааны ар талд хаана ямар баялаг байна, тэрийг яаж үнэгүй олж авах, яаж үнэд хүргэх, яаж баялгын жинхэнэ эздийг хуурах, хооронд нь сөргөлдүүлэх гэх мэтчлэн гадны корпорацуудын цогц бодлого судалгааны ажлууд явагдаж байдаг.

Үндсэн технологи бол иргэд, лидерүүдийг урьдчилан бэлддэг явдал юм. Ийм л байх ёстой гэдэгтээ итгэлтэй тэдний талын хүмүүс бэлэн болсон байдаг. Тэгээд Үндсэн хууль ба бусад хамаарах хуульд шаардлагатай заалтыг тэд нараар суулгуулна. Бусад орны хуульд мөн суулгадаг тул ОУ-ын жишиг загвар гэгчээр үлгэрлэнэ. Ингээд тухайн улсын хуулийн хүрээнд дээрмийн гэрээ байгуулахад хэдхэн эрх баригчдыг худалдаж авах л үлдэнэ. Улс төрийн үзэл баримтлал, намын хамаарал хамаагүй. Учир нь намуудыг мөнгөний ангуучид болгох бодлого хүчтэй явна. Намууд улс орны хөгжил дэвшил, үйлдвэржилтэнд анхаарлаа хандуулахаас илүүтэй дараагийн сонгууль, эрх мэдлээ хадгалах, нөгөө нам нь улс орныг удирдаж чадахгүй байна гэдгийг нотлохын төлөө хамаг хүчээ зардаг муу зуршилтай болсон байдаг.

1992 онд баталсан Үндсэн хуулийн 1-р бүлгийн 10-р зүйлийн 2-т Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. 3-т Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 1-р бүлгийн 2-р зүйлийн 2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэх мэтээр "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэсэн заалтыг Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай ... гэх мэт хамаарч болох олон хуулиудад суулгаж өгсөн байгаа.

Ийм төрлийн заалтуудыг хуулиудад суулгасны хүчинд өнөөдөр нэг сумын даргын шийдвэрээр Монголын газар нутгийг гадны хэн нэгэнд эзэмшүүлж, ашиглуулж, үржил шимийг соруулж, эрдэс баялгийг зөөлгүүлэх боломжийг нээж өгсөн болно. Өнөөдрийн Цээл сумын асуудал ердөө ганц жишээ юм. Үүний гол хэргийн эзэд УИХ-д чимээгүй үр шимээ хүртээд сууцгааж байна.

Ийм хуультай тул өнөөдөр Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг оруулж батлахаар зэхээд байгаа билээ. Энэ ковенцид нэгтэн орох аваас Үндсэн хуулийн ба бусад хуулийн дээрхи заалтын дагуу Монголын эрх ашгийг эсрэг үйл ажиллагааг хуульчлан хийхээс өөр сонголтгүй болно. Цөмийн хаягдал гарцаагүй булшлах болно.

Монгол Улсад үр ашиггүй ямар ч луйврын гэрээ хийгдэж, Монголын ямар ч хууль зөрчигдөж байсан энэхүү заалтаар хуулийн дагуу луйврын гэрээ, хулгай дээрэм үргэлжилсээр байна. Эцэст улсын эдийн засаг дампуурч, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ .

Улс төр зөв бол эдийн засаг зөв болох юм. Улс төр буруу бол эдийн засаг буруу замаар явсаар байх болно.

Гадны бодлого судалгааны ээлжит ажил бол 25 жилийн дараа үүссэн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан МУ-ын Үндсэн хуульд хэлбэр тоо төдий шинэ өөрчлөлт оруулж, МУ-ын ашиг сонирхолд үл нийцэх хуулийн заалт цоорхойг хэвээр үлдээж хулгай дээрмээ дахин 25 жил баталгаажуулж авах явдал юм.

Монголчуудын хувьд бол Монгол Улсын чинхүү эрх ашгийг хамгаалсан хуультай байх нь нэн тэргүүний зорилго болоод байна.

Ингэхийн тулд юуны өмнө хэн нь ямар нь мэдэгдэхээ байсан олон улс төрийн намууд үзэл баримтлалаа ил тод болгож, олон нийтэд танилцуулж, хөрөнгөтний эрх ашгийг хамгаалах "барууны" эсвэл иргэд олонхийн эрх ашгийг хамгаалах "зүүний" гэдгээ тунхаглах, хэрэв иргэдийн эрх ашгийг хамгаалах юм бол хэрхэн, ямар арга замаар гэхчилэн хөгжлийн бодлого, хөтөлбөрөө олон нийтээр хэлэлцүүлж нийтээрээ сайхан амьдрах бодлогоор өрсөлдөх ёстой юм.

Зүүний, социал демократ үзэлтэй нам гэж тунхаглаад хамтын ардчиллын үзэл бодлого мөрддөггүй, зөвхөн лоозон төдий байж ард иргэдийг хууран мэхлэдэг, хэрэг дээрээ цөөн хөрөнгөтний төлөө үйлчилдэг намуудыг Дээд шүүх тараадаг байх зохистой. УИХ-д барууны, зүүний гэхчилэн үзэл баримтлалдаа тууштай намууд үзэл бодлоор уралдаж байх ёстой юм.

Улс төрийн намууд хэн нь хэн бэ гэдгээ ард иргэддээ хэлэх цаг болсон. Хийсэн бүтээснээрээ үзэл баримтлалаа харуулах, хамгаалах цаг болсон. Жини индекс тогтмол ихэсч, нүдэн дээр баян ядуугийн ялгаа улам тодорч, ажил орлоггүй иргэд улам олширч, олонх ядуурсаар нийгмийн дундаж давхарга үндсэндээ устаж үгүй болоход тулаад байгааг харахад жинхэнэ "зүүний" үзэлтэй, тууштай тэмцэгч нам Монгол Улсад лавтай үгүй болжээ.

Өнөөдөр төрийн өмнө намууд, намын өмнө гишүүд хариуцлага хүлээж амласнаа биелүүлдэг, бага зардлаар төсвийн байгууламжаа ажиллуулдаг болох бодит шаардлагыг цаг үе биднээс шаардаж байна.

Л.Баярсайхан

zuvsongolt.mn