Өнөөдрийн "бэрх" баригчдын 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн "Монгол хүн-2020" мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь уншаад үзвэл элэг муутай монголчуудын элэг нь бараг л эдгэрнэ шүү. Муухан хошин шогийн үзүүлбэрээс дээр мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн Ардчилсан намын "Монгол хүн-2020"-д "Ажилтай, орлоготой монгол хүн" гэсэн дэд хэсэг бий. Үүнд "Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана", "Цалин тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ", "Цалин тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ" гэсэн уриа ч гэмээр, лоозон гэмээр сайхан сайхан үгс хөвөрнө.

Хачир дээрээ инфляц нь нэг оронтой тоон дотор байгаа ч төгрөгийн худалдан авах чадвар 52 хувиар унасан үзүүлэлттэй байна. Инфляцийг нэг оронтой тоонд барихад хамгийн их "тус" хүргэсэн хүчин зүйл нь ард түмэн. Ард түмний дунд бэлэн мөнгөний хомсдол үүсч худалдан авах чадвар буурснаар инфляцийн түвшин хоёр хувьд хүрсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр жил бүр цалин нэмэх амлалт өгч гарч ирсэн эрх баригчид амлалтандаа хүрэлгүй луу унжиж цалин, тэтгэврийг нэмэхгүй байсаар сонгуультай золгож байна. Тэтгэврийн ахмадуудын цалинг 20-хон мянган төгрөгөөр нэмж, түүнийгээ хотын дарга Э.Бат-Үүл нэг хувийн татвар гэгчээр буцаагаад булаагаад авчихсаныг иргэд ярьж байна.

Эсвэл эрх баригчид "Цалин тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ" гэсэн "даруухан" амлалтаа "чимээгүй" биелүүлж яваа юм биш биз. Жил бүр цалин, тэтгэвэр, нэмэх эрх баригчдын амлалт биелэх боломж байсан уу гэвэл байсан. "Чингис", "Самурай", Хөгжлийн банкны бондын гуравхан хувийг ард түмэндээ зориулчихсан бол тэд энэ удаагийн сонгуульд нэмэх оноотой орох байлаа. Даан ч эрх баригчдад ард түмнээ бодох сэтгэл байсангүй. Хоосон ам гарч, хий мэдэмхийрсээр байгаад Монгол Улсыг сүйрлийн зам руу оруулчихлаа. "Цөөн мал бүхий малчин өрхийн амьдралыг баталгаажуулах зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хаачив. Хэдийр ирж яваа цаг ч гэсэн малчин түмэн чинь зовж зүдэрч л байгаа. Ядаж байхад энэ жилийн өвөл өмнөх жилүүдийнхээс хүйтэн байсан болохоор хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг доогуураа ард түмэн чинь яриад л байдаг. Харин дээгүүр ярихгүй байгаа нь төрийн бодлого зөвхөн хэдхэн төрийн түшээд рүү чиглэсний илрэл гэж ойлгогдож байна. Аргаа барсан ард түмэндээ урлаг соёлынхон чинь гараа сунгаж, хандивын тоглолт хүртэл зохион байгуулж олсон орлогоороо малчдад тусаллаа. Гэтэл Засгийн газар нь нэрээ хавчуулсан болоод өнгөрч байгаад малчин түмэн чинь халаглаж сууна.

Зөвхөн төрийн эрхэнд гарахын тулд л сайхан амалж, сайн лоозогнож байсан дүр зургийг өнөөдрийн эрх баригчдаас харж болно. Дөрөвхөн жилийн дотор Монгол Улсын зээлжих зэрэглэл -B гэсэн үнэлгээ рүү уруудаж, ажилд орох хүсэлтэй таван иргэний нэг нь л ажилтай болж байна. Тэгвэл 2011 онд ажилд орох хүсэлтэй хоёр иргэний нэг нь ажилтай болж байв. "Ажилтай орлоготой монгол хүн" хаана байна вэ гэсэн асуултыг эрх баригчдад дайя. Өнөөдрийн үнэн төрх гэвэл "Ажилгүй, орлогогүй монгол хүн" л байна. Ийм хөгжлийн доройтлыг ард түмэн хүсээгүй. Өнөөдрийн эрх баригчдаас ард түмэн их зүйл хүсээгүй, ажилтай, орлоготой байя л гэж хүссэн. Даан ч эрх баригчдын сэтгэл, зүтгэл дутлаа. Гэхдээ "Ажилгүй, орлогогүй монгол хүн"-ээ аврах цаг удахгүй ирнэ.

С.НЭМЭХ