Сарыг хулгайлах төлөвлөгөө гэж нэг хүүхэлдэй байдаг. Хорон санаатан шидтэн хамгийн мундаг хорон санаатан шидтэн гэдгээ нотлохын тулд дэлхийгээс сарыг хулгайлахаар шийддэг. Гэвч сүүлдээ мань эр буруу юм хийж байснаа ухаардаг. Харин амьдрал дээр монгол улсаас төмөр замыг хулгайлах төлөвлөгөө гарган хулгайлсан бидний эх орон нэгтнүүд байна. Тэд харин буруу юм хийснээ ухаарч нүглээ наманчлах болов уу?

Сүүлийн үед хэл ам дагуулаад байгаа Даланзадгад- Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төслийн ТЭЗҮ-г шалгаруулсан явц, хийсэн ажлынх нь талаар хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдийг нэгтгэж харвал, яах аргагүй ингэж бодно. “Эх оронч” Х.Баттулга болон “Эх орноосоо зугатсан” Ч.Ганбат нарын холбогдсон энэ хэрэг яаж эхлэв. Америк мафийн компаний нэртэй компанитай “эх оронч” мэдэгдээд байгаа шигээ үнэхээр буруугүй юу?

Баримт сөхвөл...Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан “эх оронч” Х.Баттулга нь 2010.04.06-ны өдрийн тушаалаар “Монголын төмөр зам” ТӨХК-ний захиралаар Баасандоржийн Батзаяаг, 2010.12.28-ний өдрийн ЗТБХБ-ын Сайдын 427 дугаар тушаалаар “Шинэ төмөр замын төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар Ч.Ганбатыг томилж, ганцхан сарын дараа 2011.01.24 өдрийн тушаалын нэгдүгээр хавсралтаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх компануудыг шалгаруулах ажлын хэсгийн гишүүн болгосоноор энэ “Төмөр замыг хулгайлах төлөвлөгөө” хэрэгжиж эхэлжээ.

Ийн өөрийн итгэлтэй хүмүүсээр багаа урьдчилан бүрдүүлсэн Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд, “эх оронч” Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын хамтарсан 30/24 дугаартай тушаалаар Төмөр зам барих төслийн ТЭЗҮ-г хийх компанийг сонгох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан байна.

Удалгүй “МТЗ” ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011.03.01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Даланзадгад-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд ТЭЗҮ хийх багаар “McKinsey & Company” компанийг шууд сонгож “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 37,38,39-р дүгээр зүйлд заасан “Зөвлөх сонгох журам, арга”-уудыг зөрчин шууд сонгож хууль бус шийдвэрийг гаргасан байна.

Ингээд зориг шуударсан эх оронч тэргүүтнүүд Төрийн өмчийн хорооны 2011.03.17-ны өдрийн 107 дугаар тогтоолоор зөвшөөрөл авч, Ч.Батзаяагийн удирдаж байсан “МТЗ” ТӨХК-ийн эзэмшилд байдаг 3 зүтгүүрийг Хаан банкинд 1 жилийн хугацаатай барьцаалан зээл авч, төлбөрийн 4.000.000 ам долларыг төслийн ерөнхий зөвлөх “McKinsey & Consulting Company”-д, 750.000 ам долларыг туслан гүйцэтгэгч “Pillsbury” компанид, 100.000 ам долларыг “BNP Paribas” компанид, 800.000 ам долларыг “Liberty partners” ХХК-д тус бүр “МТЗ” ТӨХК-ний Хаан банкны 5022693265 тоот данснаас шилжүүлэг хийсэн байна.

Ингээд гүйцэтгэгч тал буюу “McKinsey & Company” тэргүүтэй нөхдүүд энэхүү өртөг өндөртэй захиалгын ажлынхаа тайланг “Энэхүү техник эдийн засгийн үндэслэлийг “МТЗ” ТӨХК-ийн дотоод хэрэгцээнд зориулан боловсруулсан бөгөөд...2011 оны 4 дүгээр сарын 18 ны өдрөөс хойш 4 сарын хугацаанд хийж гүцэтгэсэн ажлын үр дүн, санал зөвлөмжийг агуулсан болно” гэсэн хүн ойлгоход бэрх, сонин утгатай үгээр эхлүүлсэн байна.

Хамгийн хачирхалтай нь монгол мөнгөөр 11 тэрбум төгрөгийн “зөвлөх үйлчилгээ” үзүүлэх эрхийг шууд авчихаад, “Энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно...Энэхүү тайланд тусгагдсан зөвлөх багийн техникийн зөвлөмжийг шууд хэрэгжүүлэх ёсгүй бөгөөд техникийн зөвлөхөөр дахин нягталж баталгаажуулах шаардлагатай” гэж хуурамч ажлынхаа алдаа, дутагдлыг халхавчилсан байна.

Гүйцэтгэгч талыг ийн хүнд ойлгомжгүй үгээр хоосон цаас бөглөөд 8 сард өгөхөд нь, “МТЗ” ТӨХК-аас 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “McKinsey & Company”-ний боловсруулсан ТЭЗҮ-ийг хүлээн авах “Ажлын хэсэг байгуулах тухай” гүйцэтгэх захирал Б.Батзаяа тушаал гарган хүлээж авахдаа, тухай үед төслийн ажлын хэсэгт эдийн засагчаар ажлласан Н.Мөнхдөлийн гарын үсгийн хуурамчаар дуурайлган үйлдэж хүлээн авсан актанд оруулсан нь нотлонгдсон байна. Эдийн засагч хүн юу хийдгийг энд дурьдах нь илүүц биз.

Үүнээс өмнөх үйл явдлын өрнөл БНХАУ дахь “McKinsey&Company” компаниас Чулуунхүүгийн Ганбат захиралтай “Либерти Партнерс” ХХК-ний Голомт банкны дансанд, 2011.4-р сараас 2012.4-р сар хүртлэх хугацаанд 3 удаагийн сэжигтэй гүйлгээгээр 124.000 ам доллар шилжүүлснээр үргэлжлэв. Зүй нь “МТЗ” ТӨХК нь зөвхөн “McKinsey&Company” компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал нөгөөдүүл нь мөнгө хөлсөө бүрэн авахын тул Ч.Ганбатын өөрийн “Либерти партнерс” компанийг 2011.04.07-ны өдөр гэрээнд оролцогч тал болгож, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “Тендерт оролцогч нь бараа, ажил үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон баримт бичгийг бэлтгэсэн, эсвэл гэрээний хэрэгжилтийг хянах зөвлөх үйлчилгээ үзүүлэх...” -ийг ил цагаан зөрчиж нэг дор захиалагч бас гүйцэтгэгч болсон байна. Юу гүйцэтгэсэн нь та бүхэнд ойлгогдож байгаа байх.

Гэтэл бүр жилийн хойно нэг шилжүүлэг хийгдсэн байна. “МТЗ” ТӨХК-иас “McKinsey&Company” компанид ТЭЗҮ хийсэн ажлын гүйцэтгэлийн төлбөр шилжүүлсэн БНХАУ-ын Бээжин хот дахь “China Merchants” банкны данснаас Монгол улсын “Бизнес Инвест Девелопмент” банк бус санхүүгийн байгууллагад 2012.09.24-ны өдөр 200,000 ам доллар шилжүүлсэн бөгөөд үүнийгээ “McKinsey & Company” компаний ажилтан Жонн Хэнигин гэгч тус “Бизнес Инвест Девелопмент” ББСБ-аас зээл авсан мөнгөний буцаан төлөлт гэж тайлбарласан боловч зээл аваагүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Жирийн хүний зүүдэнд л ором их мөнгө яаж явсныг харъя.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-НИЙ данснаас

Нэг. Pillsbury Winthrop shaw pittman-ы АНУ-д төвтэй JP Morgan, chase bank 2000028308009 дансанд:

2011.04.11-нд 300,000 $,

2011.06.15-нд 150,000 $ 2011.07.18-нд 90,000 $

2011.12.06-нд 8000 $ Нийт: 548.000 $ доллар шилжүүлж, уг данснаас LIBERTY PARTNERS LLC буюу Ч.Ганбатын дансанд 2014.08.12-нд 49.983.0 $ буцаан шилжүүлжээ.

Мөн BNP Paribas corporate&investment-ын АНУ-д төвтэй Wachovia bank nostro 200-10094800155 дансанд

2014.04.11-нд – 40.000 $

2011.06.15-нд – 20.000 $

2011.07.18-нд – 12.000 $

Нийт: 72.000 $ шилжүүлсэн байна.

Харин ТЭЗҮ-гийн захиалгын хамгийн том гүйцэтгэгч Mckinsey & Consulting company-ны БНХАУ-д төвтэй China merchants bank-ны 862380956310001 дансанд

2011.04.11-нд – 1,600,000 $

2011.06.15-нд – 800,000 $

2011.07.18-нд – 480,000 $

2011.12.06-нд – 320,000 $

Нийт: 3.200.000 $ доллар шилүүлж, тус данснаас эргүүлэн 2012.09.21-нд “Бизнес инвест девелонмент” ББСБ-ын “Худалдаа хөгжлийн банк”-ны дансанд 200.000 ам доллар шилжүүлж, харин “LIBERTY PARTNERS” ХХК-руу

2011.07.08-нд 37.174.60$

2011.12.14-нд 49.036.47$

2012.04.13-нд 37.814.98$ буюу нийт: 124.026 долларыг 3 хуваан эргүүлэн шилжүүлжээ. Үүн дээр анхлан МТЗ ТӨХК-аас “LIBERTY PARTNERS” руу шилжүүлсэн 800.000 долларыг нэмээд нийтдээ 1.197.000 доллар буюу 2.400.000.000 төгрөг нь лав “эх оронч”-дын гарт илээр оржээ.

“Энэхүү тайлан нь судалгааны хугацаанд мэгдэгдэж байсан мэдээлэл дээр үндэслэсэн ба зөвлөх нь тэдгээр мэдээллийг боловсруулаагүй ба хөндлөнгийн этгээдээр хянан баталгаажуулаагүй болно. Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу?” гэсэн бас л ухаж ойлгох аргагүй тайлбартай 11 тэрбум төгрөгөөр 4-хөн сар боловсруулсан гэх ТЭЗҮ нэртэй төмөр замыг хулгайлах төлөвлөгөөны нэг хэсэг л ийм байна. Жирийн хулгайч вагоноос нүүрс хулгайлдаг бол том хулгайч төмөр замыг тэр чигээр нь хулгайлдаг гэдэг үнэн ажээ.

PHOTONEWS.MN