Манай улс гурван сая гаруй хүн амтай. Харин малын тоо толгой энэ жил 60 хүрэх төлөвтэй байгаа. Хүн амаасаа 20 дахин олон малтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд 20 орчим толгой мал ногдоно. Энэхүү дүн үзүүлэлтээс харвал ард түмэндээ боломжийн хямд үнээр махаа борлуулах бүрэн боломжтой.

Гэтэл энэ нь биелэгдэшгүй зүйл мэт. Жил бүрийн Цагаан сарын өмнөх үеэс эхлээд хавар дуустал махны үнэ иргэдийн хувьд “толгойн өвчин” болдог гэхэд болно. Махны үнийг тогтоон барих зорилгоор Засгийн газар нөөцийн мах бэлтгэж, зах зээлийн үнээс доогуур худалдаалдаг байсан. Энэ нь ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр ирсэн юм. Гэтэл энэ онд нөөцийн мах худалдаалах нь байтугай бэлтгэх тухай тушаал шийдвэр гараагүй байгаа аж. Иймд энэ жил “нөөцийн мах” гэдэг үгийг мартах бололтой. Сүүлийн зургаан жил хаврын энэ урт цагт Монголчууд нөөцийн мах идсэн.

Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн зургаан компанид үйл ажиллагааны зардал болох 14 тэрбум төгрөгийг одоо болтол өгөөгүй. Өнгөрсөн оны төсөвт 14 тэрбум төгрөгийг тусгаж чадаагүй тул 2016 оны улсын төсөвт суулгажээ. Түүнчлэн Мах хөтөлбөрийн хүрээнд компаниудад зээл олгоно гэсэн ч одоо хүртэл шийдэгдээгүй тул нөөцийн махны талаар яриад ч хэрэггүй биз.

Монголын махны холбооны менежер И.Баттогтох “Намар мах нөөцөлдөг цагаар л дээрх мөнгийг өгөх ёстой. Дөрөвдүгээр сар гарчихсан хаврын хавсаргатай өдрүүдэд нөөцийн махтай холбоотой мөнгө аваад ч нэмэргүй. Нөөцийн махыг намар бэлтгэдэг. Хавар бэлддэггүй” хэмээв.

Дөрөвдүгээр сар гарчихсан хаврын хавсаргатай өдрүүдэд нөөцийн махтай холбоотой мөнгө аваад ч нэмэргүй

Хүнс хөдөө аж ахуйн яам энэ жилийн хувьд махаа экспортолж эхэллээ гэж шоудаж байхын оронд нийслэлчүүдийн хаврын цагт иддэг махны үнийг тогтвортой барьдаг нөөцийн махны талаар олигтой ажил хийгээгүй суужээ.

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан өнгөрсөн долоо хоногийн махны үнэ ханшийг харахад хонины ястай нэг килограмм мах дунджаар 6485 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7495 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа юм. Нөөцийн мах бэлтгээгүй тул махны үнэ хэрхэхийг зөвхөн “их гарын” ченжүүд л шийдэх нөхцөл байдал ийн үүсчээ.

Тэгвэл нийтээрээ бэлэн мөнгөний хомстолд орж байгаа энэ үед махны үнэ хаданд гарчихвал иргэдийн нуруун дээр ачаа нэмэхээс бус тус болохгүй.

Өнгөрсөн жил нийслэлчүүд 12 мянган тонн нөөцийн махыг худалдан авсан байгаа юм. Энэ жилийн хувьд цөөн тооны компани бага хэмжээний мах өөрсдийн хөрөнгөөр нөөцөлснийг нийслэлчүүдэд борлуулах сураг гарсан. Гэхдээ энэ нь Улаанбаатар хотын иргэдийн эрэлтэд хүрэлцэхгүй.

Нөөцийн мах бэлтгээгүй тул махны үнийг ченжүүд тогтоох бөгөөд махны үнэ ямар байх вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна

Т.Буянаа