Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төсөл, барилга байгууламжийн компанийн Монгол дахь төлөөлөгч Боржигон овогт А.Далангуравтай ярилцлаа.

-Монгол улсад бизнес хийхэд хэр таатай орчин байна гэдгээс ярилцлагаа эхлэе?

-Гадаадын компани аль нэг улс оронд очиж бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа хууль дүрмийг нь хүндэтгэж, дагаж мөрдөх ёстой. Хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах нь зүйн хэрэг. Гэвч Монгол Улсын сонгуулийн үр дүнд сонгогдсон Улсын Их Хурал нь хөрөнгө оруулалтын тухай хууль эрхзүйн актаа ойр ойрхон сольж байгаа нь тогтвортой үйл ажиллагаа явуулах гэсэн бизнес эрхлэгчдийн урмыг хугалдаг тал бий.
Засаглалыг сайжруулах талаар тунхаглан ярьдаг ч суурь хууль эрхзүйн акт нь тогтворгүй байдалтай холбоотойгоор одоог хүртэл сайжраагүй байгаа нь өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж үзэж байна.

-Засаглалын асуудалд ямар хүндрэл гарч байна?
-Хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахын тулд алхам тутамдаа зөвшөөрөл авах ёстой болдог. Нэг барилга барих болоход олон зөвшөөрөл хэрэгтэй. Тэгсэн хэрнээ тэр бүх зөвшөөрөл болгон дээр нь тодорхой хүндрэлүүд үүсдэг. Энэ нь цаг алдах болон тодорхойгүй байдлыг дагуулж хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж байна.
Дэлхий дээр хөрөнгө оруулалтын орчин сайтай, байгалийн баялаг ихтэй улс орон зөндөө бий. Жишээ нь, Монголын зарим ашиглаж байгаа зэсийн хүдрийн агууламж 0.53 байхад Чилид багадаа нэг процентийн агуулгатай орд байдаг. Нэгэнт хөрөнгө оруулалтын сонголт олон байхад тэднийг татахын тулд Монголын хууль зүйн орчин таатай засаглалын асуудал нь хүнд сурталгүй байх хэрэгтэй байгаа юм.
Миний мэдэхээр уул уурхайн салбарт ажиллаж байсан барууны том компаниудын олонхи нь Монголын зах зээлээс гарч явсан. Тэдэнд дэлхийн эдийн засгийн байдал, Хятадын хэрэгцээ багассан зэрэг шалтгаанаас гадна хууль эрхзүйн орчин төрийн байгууллагын хүнд суртал нөлөөлсөн.

-Монголд хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр оролцох нь элбэг байдаг. Харин танайд ямар байдаг вэ?
-Төрийн байгууллага бизнесийн бүх зүйлд хэт оролцох нь саад болохоос өөр зүйлгүй. Хятад улсаар жишээлэхэд төрийн оролцоотой бүх компани ашиг муутай ажилладаг. Харин хувийн хэвшил маш хурдан хөгждөг. Тиймээс бизнест, компанийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс хэт их оролцоод байвал нэмэр болохоос илүү нэрмээс болно гэдгийг мэддэг.
Мэдээж компанийг татвар, байгаль орчин гээд олон талаас нь төр хянах, шалгах ёстой. Үүний тулд журмыг нь тогтвортой, ойлгомжтой болгон сайтар боловсруулж өгөх хэрэгтэй. Компаниуд журамтай танилцаад, үйл ажиллагаагаа журмын дагуу явуулах нь зөв.

-Монгол Улсад 7000 гаруй Хятадын компани бүртгэлтэй гэж сонсч байсан юм байна. Эдгээр компаниас уул уурхайн чиглэлээр хэд нь ажилладаг бол?
-Яг үнэндээ үйл ажиллагаа явуулж байгаа нь 1000 гаруй л байгаа байх. Гэхдээ жижиг хоолны газар, ресторан, жижиг үйлдвэр ажиллуулж байгаа нэг хүнтэй компани ч энэ бүртгэлд байгаа шүү дээ. Монголын том ордны лицензийг эзэмшдэг хятад компани бараг байдаггүй. Дандаа барууны компани байдаг.
Би саяхан болж өнгөрсөн Монголын эдийн засгийн форум 2016-д оролцсон. Тэнд сургамж, сорилт, шийдэл гэсэн сэдэв ярьж байна лээ. Сургамж нь гэвэл үнэндээ Монгол Улс дэлхийн уул уурхайн салбарт 10 жилийн хөгжлийг алдсан байх гэж би бодож байна. Энэ хугацаанд бодлогоо зөв тодорхойлсон улс орнууд хэдэн алхмаар хөгжсөн. Энэ бол Монгол Улсын хувьд бодох ёстой асуудлын нэг байх.
Гэтэл одоо энэ хүндрэлээс гарахын тулд хууль, дүрэм журмаа сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж байж хөгжинө. Дэлхий дээр хөрөнгө оруулалтын эрхзүйн таатай нөхцөлтэй баялаг ихтэй улс орон зөндөө байхад хөрөнгө оруулагчдыг татах ажлаа сайжруулахгүй бол Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын хувьд таатай бус орны тоонд орох тал бий.

-Монголын эдийн засаг яавал хурдан хөгжих бол?
-Уул уурхайн салбар нь түүхий эдийн үнийн өсөлт бууралтын циклтэй холбоотойгоор 10 орчим жил сайн, 10 орчим жил муу гэсэн үелзэлтэй байдаг. Одоо муу үе нь таарчихсан.
онголын эдийн засгийн салбарыг ерөнхийдөө гурван хэсэгт хувааж ярья. Нэгдүгээрт, уул уурхайн салбар. Одоогоор Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагш гаргаж байгааг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох хэрэгтэй.
Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрүүдийг яаралтай барьж, энэ ажилд гаднаас хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон Монголоос гарч буй бүх баялгийг боловсруулж гаргах бодлого хэрэгжүүлэх.
Гуравдугаарт, бодлогоо зөв явуулж, байгаль орчноо хамгаалах нь чухал. Хятад улс эдийн засгаа дээшлүүлэх явцдаа байгаль орчноо бохирдуулсан. Монгол улс үүнийг давтаж болохгүй гэж хэлэх байна.
Хөрөнгө оруулалтын орчин сайн байвал мөнгө аяндаа урсаад ирнэ. Мөнгө гэдэг ашигтай газраа яг ус шиг урсдаг гэдэг үнэний хувьтай байх.

-Зөвхөн уул уурхай гэлгүйгээр монголчууд мал аж ахуйгаа эрхэлж, газар тариалангийн салбарт ч түлхүү ороход буруудахгүй байх. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
-Хэдийгээр монголчууд уламжилж ирсэн мал аж ахуйтай, энэ салбараа хөгжүүлэх нь зөв ч хэтрүүлвэл хөрс нь даахаа болино. Манай Өвөр Монголд малын тоо толгой 100 гаруй саяд хүрч хөрс нь малын хөлийн ачааллаа даахгүй болж байсан сургамж бий.
Мэдээж газар тариалан эрхлэх нь маш чухал. Монгол улс 40-өөд мянган тонн буудайн гурил импортлох боллоо гэдгийг хэвлэлээс уншсан. Энэ нь монголчууд өөрсдийн тариалалтаараа хүнсээ хангаж чадахгүй байгаатай холбоотой.
Улс орон заавал хүн амаа хүнсээр бүрэн хангах ёстой. Тиймээс тариалангийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжүүлнэ гэхээр түүхий газрыг хагалаад тариа нэмж тарина гэсэн үг биш. Монголын цаг агаар эрс тэс, эмзэг. Хаврын салхи шуурга хөрсийг хийсгээд явчихдаг. Тиймээс шинэ технологи, сайн аргачлал нэвтрүүлж бага талбайд их ургац авах нь чухал.

-Бага талбайд их ургац авахын тулд юу хийх ёстой гэж?
-Сүүлийн үед Монголын буудайны чанар муудаж цавуулаг нь хангалтгүй байна гэж хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Ургамал ч хөрснөөс тодорхой хэмжээний тэжээл авч ургадаг. Бид эрүүл хоол идэж уураг, витамин, эрдэс бодисоо нөхдөг шиг тариа газраас хэрэгтэй тэжээлээ авч ургадаг. Энэ бүхнийг зохицуулах эрдэс агуулсан бордоо зайлшгүй хэрэгтэй. Нэг ёсондоо тарианы чанарыг зохицуулагч бол бордоо юм. Тиймээс миний дэмжиж тусалж байгаа компани Монголд анх удаа бордооны шинэ үйлдвэр барихаар ажиллаж байна. Монголын хөрсөнд тохирсон, экологийн цэвэр бордооны үйлдвэр юм. Миний хийж буй бизнес надад ашиг өгөхөөс илүүтэй Монгол Улсын хууль дүрмэнд нийцсэн, мөн хэрэгцээ бодлогод нь тохирсон байхыг би чухалчилж байна. Тиймээс л Монголын тариаланчдыг сайн чанарын бордоогоор хангах зайлшгүй шаардлага байгааг ойлгож энэ ажлаа эхлүүлсэн.

-Энэ үйлдвэр хэзээнээс бордоогоо зах зээлд гаргаж эхлэх вэ. Монголын тариаланчдыг хангахуйц бордоо үйлдвэрлэх хүчин чадал бий юу?
-Монголд малаа маллаж амьдардаг олон хүн байна. Бид энэ мал аж ахуй эрхэлж байгаа малчдын малын бууц болон шувууны сангасыг исэлдүүлж холиод, эрдэс бордоо хийх юм. Сайн чанарын тарианд хэрэгтэй эрдэс бодисыг бордоогоор нөхсөнөөр чанар улам сайжирна. Монголд газар тариалангийн эргэлтийн талбай 700 мянган га байдаг юм байна. Харин манай бордоог хэрэглэснээр бага талбайд үр тариалаад, 700 мянган га-гаас авдаг шиг хэмжээний сайн чанарын ургац хураадаг болох учиртай. Тэгэхээр олон га газрын хөрсийг муутгахгүй, малын бэлчээрээс хороолгүй тариалангийн талбайг хөгжүүлэх чухал алхам юм.
Үүнийг би хэдийгээр бизнес болгон хийж байгаа ч Монгол улсад ашигтай зүйл гэдэгт итгэлтэй байна. Улс орны хувьд хүнсний аюулгүй байдал нэн чухал. Хүн өдөр бүр хувцас авах шаардлагагүй ч заавал хоол идэх хэрэгтэй шүү дээ. Гурван сая хүн амтай монголчууд юун түрүүнд хүнсний асуудлаа шийдэхийн нэг том асуудал нь талх тариа байх нь гарцаагүй. Дотооддоо тариа будаагаа хангаад цаашлаад гадагшаа гаргах боломж бүрдэх нь эндээс бас харагдаж болох юм.

-Та бүхэн манай хөрсөн дээр судалгаа шинжилгээ хийсэн үү. Нэг га газарт хэдий хэмжээний бордоо хэрэглэдэг юм бэ?
-Монголын тариалангийн хөгжил 2016 уулзалтад Монгол, Орос, Хятадын мэргэжилтнүүд орол-цож дэлхий даяар ямар бордоо хэрэглэж байгааг ярьж, санал бодлоо солилцлоо. Манай үйлдвэр бордоогоо Монгол Улсын ХААИС-ийн судлаач, эрдэмтэдтэй хамтран хийж байгаа. Бусад улс орнууд нэг га газарт 300-600 кг бордоо хэрэглэдэг. Монгол Улс 700 мянга га газартаа бордоо хэрэглэх бол 200 гаруй мянган тонн бордоо хэрэг болно. Монголд газар тариалан эрхэлж байгаа хүмүүс бордоо хэрэглэж сайн дадаагүй байна. Энэ нь бас эдийн засгийн боломжтой холбоотой байх. Манай үйлдвэр жилдээ 50 мянга орчим тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ бол Монголын хэрэгцээний дөрөвны нэг хувийг ч хангаж чадахгүй гэсэн үг юм. Манай бордоог тариаланчид их сонирхож хэзээ бэлэн болох вэ, хурдан авъя гэж хандаж байна. Ирэх тав, зургадугаар сараас бордоогоо зах зээлд гаргана.

-Өвөр Монголд газар тариалангийн аж ахуйн олон жилийн туршлагатай шүү дээ. Манайх юун дээр илүү анхаарах хэрэгтэй байна?
-Өвөр Монголд 1960-1970 оны үед тариа их тарьснаас болж хөрс муудсан. Одоо харин тариа бага тарьж, хөрсийг сэргээх төрийн бодлого явж байна. Тиймээс би бордооны шинэ үйлдвэр барьж тариаланчдыг бордоогоор хангаснаар Монгол Улсын тариалангийн аж ахуйг зөв технологиор хөгжүүлж, хөрсийг хамгаалах ажил болно гэж үзэж байна. Тариалангаа хөгжүүлэхийн тулд олон га газарт тариа тарьж муутгах биш, бага газарт өндөр ургац авах боломжтой бордоог гаргаж авах нь нэн чухал ажил юм. Тариа их таривал малын бэлчээргүй болох аюул бас дагалдаж байдаг.

-Та цаашид ямар ажил хийх, аль салбарт ажиллах бодолтой байна вэ?
-Монгол улсад хэрэгтэй үйлдвэрүүдийг барих хүсэлтэй. Би 1994 оны нэгдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд барьж ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр маань 22 дахь жилдээ ажиллаж байна. Мөн Сүхбаатар аймгийн Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы үйлдвэрийн анхны бүх зохион байгуулалтыг хийсэн. Монголд хэрэгтэй ганц хоёр үйлдвэр барьж өгөх гээд явахаар даанч янз бүрийн шалтгаанаар бүтэхгүй юм. Уг нь техник технологи, үйлдвэр барих хөрөнгө мөнгийг зохицуулах боломж байна.
Монгол улсын уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг боловсруулдаг эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байгуулах хэрэгтэй байгаа юм. Ингэж чадвал эхлээд өөрийн дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж, дараа нь экспортлодог болно.
Нийгмийн өгөөж гэдгийг хүмүүс дутуу ойлгодог юм шиг санагддаг. Мөнгө хэрэгтэй болсон хүнд туслахыг өгөөж гэж ойлгох нь олон байна. Гэтэл үгүй юм. Нэг үйлдвэр босголоо гэхэд тухайн орон нутаг дагаад хөгждөг. Үүнийг нийгмийн өгөөж гэнэ шүү дээ. Наадам боллоо, ном гаргалаа, цомог хийлээ гээд гуйсан мөнгийг нь өгөх зэрэг тусламж нь нэн өгөөж муутай. Харин үүний оронд арай олон хүн хамрах эмнэлэг, сургууль барьж өгч болно. Гэхдээ урт удаан хугацаанд олон хүнийг хамруулж ашиг тусаа өгч байгаа зүйлийг л нийгмийн өгөөж гэнэ шүү дээ. Ерөөсөө хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гарч буй үр ашгийг нь нийгмийн өгөөж гэж ойлгох хэрэгтэй. Энэ л сэтгэлээр Монгол Улсад хэрэгтэй зүйл хийх юмсан гэсэн бодолтой явдаг даа.

Эх сурвалж: “Эдийн засгийн мэдээ” сэтгүүл