Өнгөрсөн сонгуулиудын уршгаар Монголд таван ам бүлтэй нэг гэр бүлийг жишээ болгон аваад үзэхэд төрөөс халамж авдаггүй иргэн ховор болсон. Хүүхэд бүр 20 мянган төгрөг, мөн хоёр хүүхэд нь оюутан бол жилд нэг сая төгрөгийн сургалтын төлбөрийг хөнгөлүүлнэ.

Угаас төрөөс иргэдэд олгож байгаа мөнгөн тусламж, тэднийг ядуу байлгах гэсэн басамжилсан юм шиг санагддаг. Уг нь иргэн хэн нэгнээс гуйхгүй их ажилтай, ашиг орлоготой байж гэмээнэ сайхан амьдралд хүрнэ. Өөрөөр хэлбэл загас барьж өгөхөөр загас барих аргыг зааж өг гэх үг бий. Идэх загас олж өгөөд байхаар тэд барих аргаа олохгүйь олохын төлөө зүтгэхгүй.

Иргэн баян бол улс баян гэдэг. Гэвч 20000 төгрөгийн төлөө ажил сургуулиа таслан дараалал үүсгэн зогсох иргэдийн эмгэнэлтэй дүр зураг нүдний өмнө дурайсаар л. Өнөөдөр сар бүр өгдөг 20000 төгрөгөөр амь зуулгаа залгуулдаг нэг хэсэг байхад энэ мөнгийг авахаас ч ичдэг хүмүүс бий. Гэхдээ иргэдийн ихэнх нь авахыг хүсэн мөрөөдөж, хүлээдэг. р нь улс орнуудыг дүгнэх нэг үнэлэмж нь нийгмийн халамж байдаг.

Нийгмийн халамж нэмэгдэх нь тухайн улс орны хөдөлмөрийн насны залуусын тоо багасаж байгааг илтгэдэг. Харин Манай улсын хувьд хөдөлмөрийн насны залуус байгаа хэдий ч төрөөс хөдөлмөрлөх эрхийг нь бэлэнчлэх сэтгэлгээгээр нухчин дарж байна. Ийм байдалтай байж байтал нөгөө л янзаараа АН-ынхан энэ сонгуульд санал авахын тулд хувьцаа худалдаад бас л хэдэн төгрөгөөр иргэдээ хуураад эхэлчихлээ. Бэлэнчлэх сэтгэлгээг иргэддээ зааж өгдөг, ядуу байхад сургадаг ийм сонин халамжийн тогтолцоог хэзээ халж, хөдөлмөрлөж сайхан амьдардаг улс болох вэ.

Г.Наран-Од