Монголчууд аливаа зүйлийг сайн сайхнаар хүсч бас ерөөхдөө цай, сүүнийхээ дээжийг өргөж ирсэн эртний уламжлалтай ард түмэн.

Холын замд гарсан нэгний болон төв бараадан сурахаар мордсон хүүгийнхээ араас сүү өргөдөг Монгол ээжийн сэтгэлд одоо ч бий. Яагаад үүнийг онцлоод байна гзхээр нэг хоногийн дараа буюу маргааш УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Тиймээс сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож, нэр дэвшигчдийг шударга өрсөддөөрэй хэмээн сүү өргөхтэй адилтгаж байгаа нь энэ.

Сонгогч талаас нь харвал энэ сонгуулиар та бид ирэх дөрвөн жилд өөрсдийгөө төлөөлж ажиллах УИХ-ын гишүүн, нийслэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө сонгож, төрийн хэргийг удирдах нэн хариуцлагатай улс төрийн томоохон үйл явдалд оролцож буйгаараа онцлог. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгоход сонгогч бүр идэвхтэй оролцох учиртай. Гэхдээ хэн нь сонгогдох бол гэсэн таамагтай зэрэгцээд сонгуулийн ирц нь хүрэх болов уу, бидний татварын мөнгөөр дахиад сонгууль болох вий, хүмүүс хэр идэвхтэй оролцох бол гэдэг асуудал шүдний өвчин болоод байгаа нь нууц биш.

Судалгаанаас үзэхэд 18-25 насны залуусын дөнгөж 10 гаруй хувь нь, 18-35 насны залуусын 20 гаруй хувь нь л саналаа өгдөг гэсэн тоо харагдаж байна.

Ойрын жишээ дурдахад 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65,29 хувь байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа. 1992 оноос хойш байгуулсан зургаан удаагийн парламентын сонгуульд оролцох сонгогчдын ирц тогтмол буурч ирсэн хэдий ч 2012 оных шиг 10 орчим хувиар огцом буурсан нь маргааш улс орон даяар өрнөх сонгуулийн ирц холбогдох байгууллагын анхаарал хандуулах, санаа зовоох асуудал байх нь дамжиггүй. Гагцхүү залуус өөрийн болон өрөөлийн цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийн хөдөлгүүр ганц саналаар дутахгүй гэсэн үзлээр хандах бус үүрэг ухамсараа ойлгож, Үндсэн хуулийн эрхээ баталгаажуулахад сонгуулийн ирц ямар нэгэн байдлаар буурахгүй.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгоход сонгогч бүр идэвхтэй оролцох учиртай. Гэхдээ хэн нь сонгогдох бол гэсэн таамагтай зэрэгцээд сонгуулийн ирц нь хүрэх болов уу, бидний татварын мөнгөөр дахиад сонгууль болох вий, хүмүүс хэр идэвхтэй оролцох бол гэдэг асуудал шүдний өвчин болоод байгаа нь нууц биш.

Энэ удаагийн сонгууль өмнөхтэйгөө харьцуулахад хэд хэдэн онцлогтой. Жишээ нь, 2012 оны УИХ, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулж байсан бол энэ удаад аймгийн ИТХ-ыг зэрэг явуулахаар болсон. Мөн 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч бүхий нийт 497 өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад буй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нам, эвсэл, бие даагчдын тоо нэлээд өссөн хэрэг. Үүнийгээ дагаад сонгууль өмнөх жилүүдийнхээсээ илүү өрсөлдөөнтэй явж тэр хэмжээгээрээ маргаан дагуулах магадлал нь өндөр байж болох. Гэхдээ зөвхөн сурталчилгааныхаа тал дээр шүү дээ.

Өмнө нь сонгуулийн сурталчилгаанаас нь хамаарч нэр дэвшигчдийн хэн нь хөрөнгө хүч хаяж, хэн нь ёс зүй зааж байгаа нь ил байдаг билээ.

Харин энэ удаад Улаанбаатарын гудамж талбай сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчид гэрлийн шон дээр “бөөгнөрсөн”-ийг эс тооцвол өмнөхөө давсангүй. Анзаарсан бол өмнөх сонгуулиар хотын төв гэлтгүй захаар том, том самбарт нэр дэвшигчдийн уриа бүхий хөрөг залардаг байсан. Харин Сонгуулийн тухай хуулийн 78.3-т зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулна гэж заасантай холбогдуулж нийслэлийн гол мөнгө босгодог том, том сурталчилгааны самбарууд эзгүйрч, аж ахуйн нэгжийг сурталчилгаагаа байршуулахыг хүссэн зар, утасны дугаар үлдсэн байх жишээтэй. Хэрвээ нэр дэвшигч бизнесийн зорилгоор байнга ашигладаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглах юм бол хууль зөрчсөнд тооцож нэр дэвших эрхээ хасуулах эрсдэл бий. Эндээс л нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсч сурталчилгааны самбараа үнэ төлбөргүй байршуулах гэж хэрэндээ чардайв. Гэхдээ нэг асуудал өдөр тутам гарч байсан нь сурталчилгааны самбар байршуулсан өдрөө бусдын гарт сүйтгэгдэн эвдэрч хураан авахаас аргагүйд хүрсэн тохиолдол цөөнгүй гарлаа.

Зурагт самбар эвдэрч сүйдсэн, нэр дэвшигчдийг өмнөхөөсөө бага зарлагатайгаар сонгогчидтой уулзалт зохион байгууллаа гээд сонгуулийн сурталчилгаа даруухан өнгөрлөө гэж хэлж болохгүй. Харин сүүлийн үед хурдацтай хөгжиж, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод буй цахим ертөнцөд бие бие рүүгээ дайрсан, хэн нэгнийгээ хэмлэсэн, гүжирдсэн олон арван зурагт нийтлэл, сэтгэгдэл, бичлэгүүд бишгүй хөврөв. Нэг үгээр хэлбэл, нэр дэвшигчдийн “зодоон” бүхэлдээ цахим ертөнцөд өрнөлөө. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүлэгдсэн гэж харж болох ч цахим ертөнцөөр өрнөсөн бичлэг, зурагт нийтлэлүүд өнгө аяс санал авах өдөр явах “зодоон”-ы нэгээхэн хэсгийг ил болгож орхив. Бидний хэлдгээр нүүрээ нуусан шинэ хаягнууд ч тэнд олноор “мэндэлж” бусад нэр дэвшигчдийн дайрч, доромжлох, гүтгэх акцыг хангалттай явуулав. Гэхдээ цахим ертөнцөд насны хязгааргүй, санал өгөхөд хязгаартай байж болох ч сонгууль зохион байгуулах өдөр түүнээс улбаалан маргаан хэрхэн үргэлжлэхийг хэлэх боломжгүй.

Нэр дэвшигчид, намуудын өгч буй акцаас харахад энэ сонгууль хаашаа эргэж болзошгүй учир хууль хүчний байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Тэглээ гээд сонгуулийн дараа үймээн самуун үүсэхийн нэр биш. Үймээн самуун, өнчрөл хагацал, уй гашуу, уйтгар гуниг, айдас хүйдэст автсан өдрийг бид тойроод биш туулаад өнгөрсөн. Монголын түүхэнд хараар бичигдэх энэ өдөр олон олон хүний намтарт толбо болон үлдэж, ард түмний сэтгэлд хар үүл болон хуралдан тогтоод уцаж байна. Бусад оронд ардчилал тогтоход үймээн гарч байсан бол Монголд хулганы хамраас ч цус гаргалгүй ардчилсан тогтоцоонд шилжсэн тэвчээртэй ард түмэн нэг л өдөр уур бухимдлаа барьж дийлэлгүй боссон. Тэгэхээр тэрхүү хар өдрийг хүсээд байх зүйл лав биш нь тодорхой. Гагцхүү нэр дэвшигч бүр өөр хоорондоо хүндэтгэлтэй хандаж, сонгогчид саналаа идэвхтэй өгөх нь дөрвөн жилд нэг болдог сонгуулийн үнэ цэнийг улам тодотгөх учиртай. Тиймээс шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн аль алинд нь сүү өргөе.

С.СҮЛД

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/