Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх сонгуулиас өндөр гарлаа. Өөрөөр хэлбэл, 2012 онд улсын хэмжээнд нийт сонгогчдын 65.1 хувь өгч байсан. Тэгвэл энэ удаа 72.1 хувь байгаа нь сонгогчид сонгуульдаа идэвхитэй оролцсоны үр дүн юм. Үүнээс аймгуудын ирц 75.5 хувь, Нийслэл 68.0 хувьтай ирцээ бүрдүүлэв. Ийнхүү ирц бүрдсэн тул сонгууль хүчин төгөлдөр боллоо.

Өнөө жилийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн олонх нь ялсан дүн гарлаа. Тэд сонгогчдын итгэл хүлээн ажиллах биз ээ. “Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн нийтдээ 63-65 тойрогт ялалт байгууллаа. Манай нам аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Завхан аймгаас бусад аймагт ялалт байгуулаад байна. Манай намыг дэмжсэн нийт ард түмэндээ баярлалаа. Манай намын штаб, нэр дэвшигчийн штабт ажилласан хүмүүст талархал илэрхийлье. Бидэнд их итгэл найдвар өглөө. Энэ итгэл найдварын ард их хариуцлага байгаа. Бид та бүхний итгэлийг дааж ажиллана” хэмээн өчигдөр сонгуулийн урьдчилсан дүнг мэдсэний дараа МАН-ын дарга М.Энхболд хэлсэн юм.