Сонгуулийн үеэр өөртөө ч итгэх арга алга. Өглөөний үнэн оройдоо худал болчихно. Энэ хэдэн өдөрт үүрээр мандсан нар орой шингэх нь үнэн, бусад нь хуурамч байлаа. Эцсийн эргэлзээг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрүүлэв. Сонгуулийн сурталчилгаа зогссон хойно “Эрдэнэт”-ийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувь Монголынх боллоо гэдэг мэдэгдэл нь баяр бахдалаасаа илүү бас нэг хэрүүлийн галыг ноцоов. Сонгуулиар цацсан сайн мэдээ бүхэн мууд урвахдаа амархан аж.

Гээндээ ба гоондоо

Хэдэн жилийн өмнө “Эрдэнэт”-ийн ганц хувийг ОХУ-аас аваад баярлаж явсан монголчууд энэ удаа талцаж хардлага сэрдлэг, хэрүүл тэмцэл дэгдээв. Ч.Сайханбилэг мэдэгдлийнхээ эхэнд “Сайн мэдээг зарим улстөрийн хүчин, зарим хэсэг бүлэг хүмүүс саар мэдээ болгож сонсгох гээд байгаа учраас би өнөөдрийн энэ мэдээллийг хийж байгаа юм” гэж тодотгов. Харин түүнийг албан ёсны мэдээлэл өгөхөөс хавьгүй өмнө Твиттэрт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр “Эрдэнэтийн бүх дансыг хаасан байна” гэж жиргэсэн нь хүмүүсийн анхааралд өртсөн юм. Үүнээс улбаалан “АН-ынхан Эрдэнэтийг зараад Таван толгойн хувьцааны 300 мянгыг тараасан”, “Хятадад Эрдэнэтээ өгчихөж” гэхчилэн цуурч гарсан билээ. Сонгуулийн сүүлийн өдөр “Ц.Сандуйн 60 тэрбумыг босгох төлөвлөгөө” нь “задарч” барианы зурхай дээр “бүдэрсэн” МАН-ынхан АН-д хариу цохилт өгөх зайлшгүй шаардлага байсан. МАН-ынхан энэ удаа “Эрдэнэт”-ийн 49 хувиар тоглохоор шийдсэн байхад гайхах хэрэггүй. Үүнийг нь мэдсэн Ч.Сайханбилэг яаран мэдээлэл хийсэн бололтой.
Гэхдээ гэнэт олдсон нимбэгээр ундаа хийх гэж хичээж харагдсан. “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа”, “Сайн хувьцаа” зэрэг сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Сайн мэдээ” хөмсөг дор түгээсэн АН-ын Ерөнхий сайд дээрх мэдээлэлдээ “Сайн мэдээ” гэдэг тодотголоо тавантаа давтав. Авчиг “сайн юм” төдий л болсонгүй. Ялахын төлөө эх орноо нураахад бэлэн намуудын хэн хэнд нь гээндээ ч бий, гоондоо ч бий.

Гологдсон хүүхэн

Урьд ганц хувиа гуйлгаж гувшуулж Монголд өгсөн оросууд гэнэт “Эрдэнэт”-ийн 49 хувиа зарсан нь эрхгүй сонирхол татав. Дэлхийн банкны 2016 оны тайланд дурдсанчлан “ОХУ-ын эдийн засаг замын донсолгоонд” өртжээ. “Нефтийн үнийн уналт, олон улсын хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь 0.7 хувиар унана” гэдгийг тус тайлан урьдчилан хэлсэн. Энэ бол 2015 онд 3.8 хувиар унаснаасаа улам дордоно л гэсэн үг. Бүр 2014 онд рублийн ам.доллартай харьцах ханш 46 хувиар буухад бид бүгд Улаан-Үүдийн дэлгүүр хоршоог зөөж байлаа. Товчхондоо ОХУ өнгөрсөн хоёр жилд Украинаас тасдаж авсан газар нутгийн төлөөсийг асар их үнээр төлж байгаа. Ийм нөхцөлд “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг “Ростех” холдинг боломжийн үнээр хувиа заржээ. Бидний мэдэх Автоваз, Камаз, Оросын нисдэг тэрэгний компаниуд Ростехийн мэдэлд байдаг. 2007 онд үүсгэсэн ОХУ-ын төрийн өмчит холдинг өөрийн мэдлийн 663 компаниас ашиг багатай гэж үзсэнээ зарж мөнгөтэй болохоос өөр аргагүй болсон аж. “Ростех” 2012 онд “ВСМПО-Ависма” компанийхаа 45 хувийг менежмэнтээр 970 сая ам.доллар хүргэж зарсан ч өрийг нь төлөөд үнэн хэрэгтээ 181 сая ам.доллар бэлнээр авсан юм. Харин “Коммерсант” сонинд Анатолий Джумайло Зөвлөлтийн үеийн хоцрогдсон, ашиг муутай үйлдвэрийн хувийг харин ч аятайхан үнээр зарчихлаа гэх маягтай бичиж. “Оросын тал жилдээ сайн л бол “Эрдэнэт”-ийн ногдол ашиг гэж 20 сая доллар хүртдэг. “Эрдэнэт”-ийн ашгийн гуравны нэгийг үйлдвэрийн хөгжилд, гуравны нэгийг Монголын гачигдалд өгөөд, дөнгөж гуравны нэг нь хувьцаа эзэмшигчдэд ашиг болж ирдэг” гэжээ. Монголчуудын Зууны бүтээн байгуулалтыг зутарсан оросууд “чамласан” нь маньдаа харин маш том олз болов.

Цорын ганц сонголт

“Хамтарсан үйлдвэрийн дүрэм ёсоор бол “Ростех” Монголын Засгийн газарт санал тавиад, “Эрдэнэт”-ийг төрийн өмчид авах байсан” гэдэг шүүмжлэл эхэндээ их зөв сонстож байлаа. Гэхдээ гадаад өр нь 22 тэрбум ам.доллар давчихаад “Өрийг өглөг гэж нэрлэх” тэнгэрлиг ухаан сийлсэн АН-ын Засгийн газарт тийм мөнгө байхгүй. Эрх баригчид Таван толгойн хувьцааг худалдаж авах нэрээр төгрөг хэвлэж тараасан шигээ “Ростех”-д хэдэн ч тонн төгрөг хэвлээд өгсөн оросууд тоож авахгүй учир хувийн хэвшилд боломж гарчээ. Монголд 500 сая ам.доллар бэлэн тоолоод өгөх компани нүдний гэм. Уул нь хоёр гурав компани байсан ч урхагт өс хонзон, хэрүүл тэмцлээсээ үүдээд сүүлийн хэдэн жилийн дотор бараг юу ч үлдсэнүй. MCS холдингийг Х.Баттулга нар дампууруулах бүх боломжоо ашигласан. Одоо зайлуул олон сая ам.долларын өрөө яаж төлөхөө мэдэхгүй толгойгоо гашилгаж суугаа. “Бодь” групп гэж байлаа. Гэвч бас хөрөнгө оруулагчид хоёр хуваагдаад, тус тусдаа банктай үлдсэн ч “Эрдэнэт”-д хэн хэнийх нь сачий дутна. Одоо ганц Худалдаа хөгжлийн банк л үлдсэн. ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоны мэдэгдлээс харвал “Ростех” эхлэж санал тавьсан аж. Ингээд ХХБ-ны зөвлөмжөөр “Монголын зэс” корпораци “Эрдэнэт”, “Монголросцветмет” хоёрын 49 хувийг авчээ. Мэдээж “Ростех” мөнгөтэй хүнтэй л наймаа ярина. Ярих ярихдаа хэдэн ногоон илүү салгахаа бодно. Өгөө авааны дүрмийг оросууд тогтоож таарна. Ийм хэлцэлд хугацаа их ордог. Харин хоёр тал “авсан өгсөндөө өлзийтэй” гэж тун саяхан хэлжээ. Оросын хэвлэлүүдэд энэ сарын 28, 29-д энэ тухай мэдээ гарсан байна. Харин миний тэнгэрлиг ард түмэн мөнгөгүй эцгээсээ чихэр нэхэж дэлгүүрийн шалан дээр тэлчилэн уйлж байгаа эрх хүүхэд шиг аашилсан хэвээр.

Уйлсныг бүү асуу

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авсан сургаар баярласан хүн ховор. Гэхдээ бид нэгдэж чадлаа. Нийтлэг дайсантай бол нэг тал гэдэг монгол ухаан үнэн болох нь батлагдав. “Монголын зэс” корпораци гэх мэт гол зүйлийг алгасаад улстөржихөө л нэн тэргүүнд тавилаа. Харин ХХБ хувьцаа эзэмшигчид нь “хужаа” болохыг дор нь “тогтоосон”. Харин тус банкны сайтад байх “ХХБанкны нийт хувьцааны 65.83 хувийг Globull Investment & Development SCA (Globull), 7.32 хувийг US Global Investment LLC (Global), 19.95 хувийг United Banking Corporation LLC (UBC), 4.78 хувийг GS Mongolia Investments Limited (Goldman Sachs), 2.12 хувийг банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг” гэсэн бэлэн мэдээллийг хэн маань ч тоосонгүй. Гадны зах зээл дээрээс 500 сая ам.долларын бонд босгочихдог, гадаадад нэр хүндтэй монгол компани өөр байхгүй.
Гэтэл монгол хүн бүхэн өөр өөрийн өнцгөөр ХХБ-ыг зүхэж гарсан. ХХБ руу дайрагсдыг гурван бүлэгт хувааж болохоор. Улстөрийн хонжоо хайгсад, тэжээгчээ алдагсад, атаархагчид гэж. Хаа очиж атаархагчид энэ удаа бусдаасаа хорлон багатай. Харин “Эрдэнэт”-ээр тэжээлгэдэг хэсэг бүлэг онцгой хилэгнэсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувь ХХБ-д очсон хойно цаашид бэлгэвч, бэлэн хоолыг хэдэн мянгаар нь шахах эсвэл нээнтэг олж хаалтын гэрээ хийдэг хүмүүс хоолгүй болох нь тодорхой. Эдний уур хилэнг эрүүл ухаанаар ойлгож болох юм. Гэтэл улстөрийн хонжоо хайгсдын бүлэг хамгийн идэвхтэй мөртөө эрүүлээр ойлгоход бэрх шалтгаар дайрч байлаа. Сонгуульд ялахын тулд тэд уяхан замбутивын нарыг ч гутаахад бэлэн харагдсан. Салснаасаа хойш нэгнээ үзэхээ больчихсон МАН, МАХН хоёр нэг талд баттай зогссон. Харин энэ гурван бүлэг дуу дуугаа аван цуугилдах нь яалт ч үгүй нэг хэмнэлтэй. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу… Где учир шалтгаан?

Нийтлэлч Б.БАТБАЯР