Ч.ҮЛ-ОЛДОХ

Үндэсний бөхийн улсын гарын даа, бөхсонирхогч Аюушжавын Пүрэвжавыг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

- Та олон жил бөхчүүдтэй ойр байж, үндэснийбөхийн гарын даагаар ажиллаж, төвийн сонинхэвлэлүүдэд томоохон барилдаануудын дүйзийг бэлтгэн хэвлүүлж ирсэн. Хэдийнээсүндэсний бөхийн спортыг сонирхох болов?

-1970 оноос үндэсний бөхийн спортыг сонирхож, түүнээс хойш заал, танхимын барилдаануудыг алгасалгүй үзэж ирсэн. Ингэхдээ зүгээр нэг үзэхгүй, тэмдэглэл хөтөлнө. Бичиж тэмдэглэсэн зүйлүүдээ нэвсгэр цаас болгоод дараа нь хаячихдаг байснаа болиод 1975 оноос хойш тухайн үеийн таван төгрөгний зузаан дэвтэр дээр бичээд хадгалдаг болсон.

Төгсгөл нь III нүүрт Энэ тэмдэглэл маань одоо 7-8 дэвтэр болсон. Түүн дээр мянга гаруй томоохон барилдааны дүйзүүд надад байгаа. Танай сониныг “Засгийн газрын мэдээ” нэрээр гарч байхаас эхлээд барилдааны дүйзүүдийг өгч ирсэн. Сүүлд танай сонин “Бөхийн мэдээ” хавсралт гарах болсноор хүмүүс ихээхэн сонирхож хардаг болсон байна лээ. Харин “Таван цагариг” сонинд бол 1995 оноос хойш барилдааны дүйз нийтлүүлэх болсон. Дүйзийг бичихдээ бөхийн мэдээ, оролцсон бүрэлдэхүүн, оноолтоор нь бичиж өгдөг учраас хүмүүс ихээхэн сонирхдог юм билээ. Зарим нь хайчилж аваад хадгалдаг гэсэн. Бас над шиг бичиж, тэмдэглэдэг хүмүүс ч тааралдаж байсан. Жишээ нь, Өмнөговийн нэг залуу “Монгол бөхийн өргөө” ашиглалтад орсон цагаас эхлэн бүх барилдааны тэмдэглэлийг хийснээ сонинд хэвлүүлсэн байсан.

-Эрийн гурван наадмын нэг үндэсний бөхийн барилдааныг монгол хүн бүр огшиж үздэг. Улс, аймгийн цолтойхэчнээн бөх барилдах бол, улсын цолтон хэд төрөх бол гээд олон асуулт, таамаг байна?

-Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана. Тэгэхээр нэг, хоёрын даваа сулрахгүй гэсэн үг. Яагаад гэвэл, аймгуудын наадмын тов зөрж байгаа учраас хөдөө орон нутагт амьдарч байгаа улсын цолтой бөхчүүд бүгд ирж зодоглоно. Манай Завханаас гэхэд л улсын начин Г.Бат-Амгалан барилдана гэдгээ хэлчихээд байж байна. Аймгийн цолтой бөхчүүд ч олон барилдана. Өмнө нь 300 орчим улс, аймгийн цолтон барилддаг байсан. 2001 онд нэг удаа 500-гаад улс, аймгийн цолтон барилдаж байсан юм. Энэ жилийн хувьд 600 орчим байх болов уу. Аймгийн цолтон олон болсон учраас тэгж бодож байна. Урьдчилсан байдлаар нэрсийн жагсаалт гаргаж үзэхэд энэ жил барилдах улсын цолтон 132 байна лээ. Үүн дээр нэмэгдэж ч магадгүй. Өнгөрсөн жил аймгийн арслан цолтон 100 барилдсан. Улсын цолтон 86 байсан. Энэ жил аймгийн арслан цолтон 150-160 орчим барилдах байх. 1024 бөх барилдаж байгаагийн нэг давуу тал нь начин цол горилж байгаа бөхчүүд 32-т үлдэхэд улсын начин цол хүртэнэ. Тэгэхээр хүн болгоны цээжинд 32-т үлдчих болов уу, начин цол хүртэх болов уу гэсэн бодолтой байх болов уу. Тийм учраас шинээр 10 гаруй улсын цолтон төрөх болов уу. Өнгөрсөн жил долоо, түүний өмнө гурван улсын цолтон төрж байсан. Энэ жил арав гарна, гэхдээ 15-16-д хүрчихгүй болов уу. Ямар ч байсан 12-13 хүн улсын цол хүртэх байх. Цаашилбал, наймд үлдэж байж улсын заан цол авах учраас ганц, хоёрын зэрэг улсын заан цолтон төрөх боломжтой. Заанаас дээш цолтон гарьд, арслан, аварга цолтон төрөх боломж бий. Ч.Санжаадамба л гэхэд дөрөвт үлдэхэд гарьд болно шүү дээ. Үзүүрлэвэл, арс­лан, түрүүлчихвэл аварга болно. Хоёр шинэ арслан байгаа. Тэд өнгөрсөн жи­лийнх шиг үзүүр, түрүүнд үлдвэл баяр наадмын дүр­мийн дагуу нэг нь аварга, нөгөө нь даян аварга болно. Цол ахиулж өгч байгаа учраас ийм байж таарна.

-Наадмын өмнө тэр сайн барилдана, энэ шөвгийн наймд үлдэнэ, тэр бөх түрүүлэх болов уу гээд янз бүрийнтаавар, таамаг дэвшүүлж байдаг. Танд ямар таамаг байна?

-Би дотроо бодохоос таавар, уралдаанд оролцож нэр ус гаргаж өгөөд байдаггүй. Мэргэн түргэн нь биш болохоор шууд хэлнэ гэж юу байхав. Дотроо бол бодож байгаа. Тэр, энэ үлдэх болов уу гээд бодоход ямар ч байсан шөвгийн наймд гурван залуу арслан байна.

-Хэн?

-П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд гурав байна. Аль аль нь 30 хүрээгүй залуус.

-Гарьдуудаас хэнийг шөвгийн наймд үлдэнэ гэж бодож байна?

-Улсын гарьд Н.Ганбаа­тар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нарын залуус байна. Заануудаас Ч.Санжаадамба, Б.Батмөнх, харцагуудаас Ц.Содном­дорж, өнгөр­­сөн жил сайн барилдсан Н.Батзаяа байх магадлалтай. Харцагуудаас Б.Пүрэвсайхан дээшээ сайн барилдах боломжтой. Улсын начингуудаас Р.Пүрэвдагва, Т.Баасанхүү нарын шижигнэсэн начингууд байна. Насаар хамгийн залуу, отгон начин гэвэл Э.Даш. Дундговийн Эрдэнэдалай сумын хүүхэд юм билээ. 1992 оных гэхээр ид залуу байна. Түүний хувьд цолоо ахиулах боломжтой.

-Аймгийн цолтнуудаас хэнийг сайн барилдана гэж харж байна?

-Аймгийн цолтнуудаас цолоо ахиулчих, шөвгийн наймд үлдчих, цаашилбал үзүүр түрүүнд очих боломжтой залуус бий. О.Хангай, Н.Золбоо, Б.Бат-Өлзий, Ш.Мөнгөнбаатар, Н.Жаргалбаяр нар улсын начин болох бүрэн магадлалтай.

-Та Завхан нутгийнх байх аа. Нутгаасаа хэнийг улсын цол авах байх гэж бодож байна?

-Би Завханы Баянтэсийнх. Манай нутгаас сайн барилдаж байгаа Ш.Пүрэвгарьд гэж аймгийн арслан бий. Өвөө нь, аав нь сумын заанууд байсан, удамтай бөх. Хэнийг л бол хэнийг хаячихдаг мэх, барилдааны хувилбар ч сайтай. Би түүнийг улсын начин болчих боломжтой гэж бодож байгаа. Ингээд нэрлээд байвал улсын цол авах арван хэдэн хүн бий. Бас нэрлээгүй, тааварт огт байгаагүй хүн ч наадмаар гараад ирдэг шүү дээ.

-Таны саяын нэрлэсэн бөхчүүдээс хэн нэг нь түрүүлнэ гэсэн үг үү?

-Саяын хэлсэн хэдэн бөхчүүдээс өөр хүн гарч ирээд түрүүлчихнэ гэж бодохгүй байна. Гэхдээ аймгийн арслангуудаас түрүүлж мэдэх хүн бий.

-Тэр бөхийн нэр хэн бэ?

-О.Хангай, Г.Эрдэнэхүү нарыг гэж бодож байна. Гэхдээ энэ бол магадгүй гэсэн таамаг шүү дээ. Ер нь хэн ч гарч ирээд түрүүлчихийг байг гэхгүй. П.Бүрэнтөгс аймгийн арслан цолтой барилдаад шууд түрүүлж байсан.Тэгэхэд хэн ч түүнийг түрүүлнэ гэж таахгүй л байсан шүү дээ.

-Та олон барилдаан үзэж, 1000 гаруй дүйзийг гаргаж бичсэн байна. Энэ бүхнээс сэтгэлд тод үлдсэн,хамгийн сонирхолтой ямар барилдаан байдаг вэ?

-Улсын наадмыг яривал, 1979 онд Д.Цэрэнтогтох аварга, Х.Баянмөнх аваргатай тунаж барилдахад бороо орчихсон байсан юм. Өмнө нь Д.Цэрэнтогтох аварга Х.Баянмөнх аваргыг хаяж, дараа нь Ж.Мөнхбат аваргыг хаяж түрүүлсэн жил. Улсын аварга шалгаруулах барилдаан гэж тойргоор барилддаг байхад тэрэнд бас түрүүлчихсэн байсан. Тэгээд 1979 оны наадамд түрүүлэх хамгийн магадлалтай бөх Д.Цэрэнтогтох аварга, мөн Х.Баянмөнх, Д.Хадбаатар, Ж.Мөнхбат гэсэн яриатай байсан. Тэгэхэд яг тэр дөрөв үлдэж байсан юм. Тухайн үед тэр үлдэнэ дээ гэхэд үлддэг байсан бол одоо хэн ч үлдэж магадгүй болсон үе шүү дээ. Бэлтгэл сургуулилт жигдэрсэн, бие биеийнхээ барилдааны арга техникийг сайн мэддэг болчихсон. 1979 оны тэр наадмаар Д.Хадбаатар аваргыг Ж.Мөнхбат аварга амлаж аваад унасан. Гэтэл Д.Цэрэнтогтох аварга Х.Баянмөнх аваргын хөлд гялс хийж ороод өргөөд түрж хөөгөөд хаядгийн даваан дээр хонхор газар тогтсон усан дээр хий гишгэж өөрөө уначихсан. Тэр жилийн наадамд Х.Баянмөнх аварга түрүүлсэн. Д.Цэрэнтогтох аваргын тэр уналт харам­салтай санагдаж билээ.

- Олон жил бөхчүүдтэй ойр байсны хувьд хэлмээр, захимаар зүйл байдаг л байх?

-Зарим үед бодож л суудаг. Жишээ нь, мэх хийж яваад өөрөө унадаг тал бий. Мэхээ дарааллыг нь буруу ч юм уу хийчихээр харамсалтайгаар унах явдал гардаг. Дэгээ хутгаж явснаа өөр тийш муриад хаячих юмыг тэр чигээрээ зүтгэснээс болоод ч юм уу унах явдал гарч л байдаг. Тэр болгоныг хэлээд байдаггүй, өөрсдөө мэдрээд дүгнэлтээ хийж байдаг биз дээ. Бас дасгал­жуулагч, багш нар гээд цаана нь олон хүн бий шүү дээ. Би бөх сонирхогч төдий, хүмүүсийн хэлдгээр хообийтой хүн. Бас шатрын хообийтой.

-Шатрын спортод бол та олон улсын шүүгч байх аа?

-Шатрын спортын дэд мастер, олон улсын шүүгч.

-Үндэсний их баяр, наадмын өмнө манай ун­­шигч­дад болоод монгол­чууддаа хандаж юу хэлэх вэ?

-Баяр наадам сайхан болох байх аа. Нийтээрээ ес хоног амрах амралтынхаа үеэр Монголын ард түмэн минь сайхан амарч, баярлаж цэнгэхийг ерөөж, эрүүл энхийг хүсье. Сайхан наадаарай.