МАН-ынхан Засгийн газраа эмхлэн байгуулсаар байтал хоёр сар болж байна. Сонгуульд оролцохдоо мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэсэн ам өчиг нь нэдэр дээрээ худал болох нь хийж байгаа томилгоонуудаас батлагдсаар байгаа. Салбарын сайд, дэд сайдууд бол улс төрийн албан тушаалтан гэдэг утгаараа МАН-ынхан нэгэндээ бялуу хүртээх замаар сонгож, бас томилж болно. Үүнийг үгүйсгэх арга алга. Харин салбарын гал тогоог хариуцан ажиллах яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ улс төрөөсөө хол байлгах зарчим, ёс зүй харагдахгүй байгаа нь айдас төрүүлж байна. Ялангуяа, Монгол Улсын аюулгүй байдлыг нуруун дээрээ үүрч яваа онцлогтой салбар болох Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар буу барьж, цэрэг командалж үзээгүй улс төр дагаж доншуучилсан мэргэжлийн бус хүн томилохоор нам дотроо сэм хуйвалдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, иргэдийн дунд яригдаж байна. Тэр дундаа цагдаа, онцгойд ажиллаж байсан Ц.Амгаланбаяр болон Х.Батбилэг гэдэг хүмүүсийн нэр дуулдах болж. Угтаа эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө нэг ч өдөр санаагаа чилээж, хуруугаа хөдөлгөөгүй нөхдүүд нэрээ дэвшүүлээд явахдаа ч ичих хэрэгтэй.

Ер нь нам, улс төр дагасан хүн онцлог салбарыг удирдах хүртлээ боловсон хүчний доройтолд орчихсон хэрэг үү. Үүнийг Миеэ хүүгийн Засгийн газраас асуух хэрэгтэй болж байх шиг байна. Хэдийгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч гэсэн эрх мэдэл нь М.Энхболдын гарт төвлөрсөн байгаа нь олон жишээнээс бэлхнээ харагдаж байгаа юм.

Өнөөдөр батлан хамгаалах салбарт байлдагчаас, сонсогчоос ажлын гараагаа эхэлсэн олон шилдэг офицер, генералууд байна. Бусад салбарыг бодоход мэргэжил, ур чадвараа системтэйгээр хамгийн сайн дээшлүүлсэн, ажлын арвин туршлага, сургамжтай, бүрэн хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй газар бол Зэвсэгт хүчин өөрөө. Салаан захирагчаас эхлээд шат дараалан ажилласан, доод тал нь гурван шатны цэргийн сургууль төгсч, хоёроос гурван академи дүүргэсэн, салбартаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн олон офицер, генералууд байна. Харамсалтай нь, Мэргэжлийн хэмээх тодотголтой Миеэгийн Засгийн газар онцлогтой салбарт хүртэл нам дагасан нөхдүүдийг томилохоор зүтгүүлж байгаад Зэвсэгт хүчнийхэн, цэрэг эрчүүд дургүйцэж хүлээж авах нь ойлгомжтой. Магадгүй тэд үүрэг тушаал авдаг шигээ чимээгүй сууна гэж бодож байвал эндүүрэл ч болж мэднэ. Салбараар нь тоглохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол хариуцсан салбарт буу барьж, цэрэг командалж үзээгүй байж нам дагаж сэм хуйвалдааны аргаар улстөрчид томилогдохыг олон мянган цэргийн алба хаагчид эсэргүүцэж байгааг дуулгая.

А.Баярмаа