Манай улсын эдийн засаг гүн хямралд орсон гэж Сангийн сайд Чойжилсүрэн олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өгөхдөө төв банкны долларын нөөц хасахтай гарсан талаар нуулгүй хэлж орхисон. Уг мэдэээллийн дараагийн өдрөөс ам.долларын ханш хөөрөгдөж эрчээ аваад буй. Түүний энэхүү болчимгүй мэдэгдлээс болж ханш хяналтаас гарч мэднэ. Учир нь олзыг тосож аваад алт болгохоо мэдэх нөхдүүд бол "ченж"-үүд. Тэд үүнийг сонсоод дуулчихсан л байгаа.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр манай улсын төсвийн алдагдал 1 их наядыг хол давчихлаа. Сангийн сайд мөн л нуулгүй бүгдийг хэлчихье л гэж шийдсэн бололтой. Гэтэл энэ нь аюулын харанга дэлдчихэв.

Тэгвэл энэ талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн. Дэлхийн аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Түүний хэлсэн үгнээс эдийн засагт үүсэх үр дагавар маш их. Эдийн засаг савлаж, доргиж болно. Гэтэл зохиомол валютын хомсдлыг бий болгох мэдэгдэл хийсэн нь туйлын харамсалтай.

Монголбанк 6 жилээр, Сангийн яам сайдаа 4 жилээр томилдог нь бодлогын хувьд бие биенээ хянах төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг атал Монголбанкны ерөнхийлөгч улстөрч шиг мэдээлэл хийчихлээ. Ийм түвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай гэж хүсэх байна. Мөн Ерөнхий сайд болзошгүй алдагдлыг -5.1 их наяд гэж хэлж байгаа нь өөрөө маш болчимгүй үйлдэл. Учир нь өнөөдөр зайлшгүй төлөх төсөв дээр суусан өр төлбөрийн тухай ярихаас биш дараа жил 2017, 2018 онд төлөх төлбөрийн бүх дүнг энд оруулж ирээд, ингэж томоор хүмүүсийг цочроож болохгүй. Энэ бол маш хариуцлагагүй ажил гэж бодож байгаа" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн З.Энхболд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг үгүйсгэв. Тэрбээр "Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад ор. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн ЕС Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнээ" гэв.

Ийнхүү хариуцлагагүй мэдэгдлүүдийн "гор" эхнээсээ гарч эхэллээ.