Олон улсын улсын монголч эрдэмтний XI их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд дэлхийн монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэ хурал нь таван жил тутам болдог дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том арга хэмжээ юм. Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар илтгэл хэлэлцүүлнэ. Энэхүү хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр дэлхий улс оронд монгол судлалын олон холбоо, нийгэмлэг байдаг боловч монгол судлаач эрдэмтдийг нэгтгэсэн хамгийн том байгууллага нь Олон улсын монгол судлалын холбоо бөгөөд улс улсын монголч эрдэмтэд тус холбооны гишүүн байдаг. Энэ нь Монгол Улс дэлхийн монгол судлалын төв гэдгийг монголч эрдэмтэд хүлээн зөвшөөрсний тодорхой илэрхийлэл юм. Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан, УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулсан цаг үед энэ удаагийн хурал зохион болж буйгаараа ихээхэн онцлогтой.

Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Тиймээс Олон улсын монголч эрдэмтний XI их хурал нь АСЕМ-ын дараах Монгол орон, монголчуудыг сурталчлах чухал арга хэмжээ болох юм.