Улс төр: Эдийн засгийн хямралыг даван туулахаар эрх баригчид хэмнэлт, таналтыг хийнэ хэмээсэн. Тэгвэл олны эсэргүүцэлтэй тулгарсан асуудал болох "Цалин хасах"-ыг дэмжсэнгүй ээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл болон төсвийн тодотголын асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн юм.

Бүлгийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрчээ. Харин татвар нэмэх эсэх асуудлыг ажлын хэсэг дахин нягталж үзэхээр болсон байна. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид төсвийн тодотголтой холбоотой асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Нийгэмд цалин хасах нь, татвар нэмэх нь, хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг зогсоох нь гэсэн мэдээлэл түгж байна. УИХ-д өргөн барьсан төсөл хөтөлбөр эцсийн баримт биш. УИХ-аар өргөн барьсан төслийг баталж байж эцсийн шийдвэр гардаг. Өргөн барьсан төслийг эхлээд бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байж төсвийн тодотгол хууль болж эцсийн баримт бичиг болж гарна. Үндсэндээ Засгийн газрын оруулж ирж байгаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд авч үзэхэд эдийн засаг бидний тооцоолж байснаас харьцангуй доогуур нөхцөл байдалтай байна. Тиймээс Засгийн газрын оруулж ирж буй мөрийн хөтөлбөр бол өнөөгийн эдийн засгийн чадамжид тулгуурласан гэж ойлгох хэрэгтэй" гэв.

Ийнхүү хэмнэлтийг иргэдээсээ эхлэх гэж улайрах тэдэн рүү Гишүүдийг хуралд нь урьдаг мессежний төлбөр, Ц.Нямдорж гишүүний төрсөн өдрийн бэлгийг төрөөс даадгийг болиулъя гэсэн чулууг шидлээ.

“Зууны мэдээ” сонин “Тансаглалаа таная” булангаараа дамжуулан Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлье гэж УИХ-ын эрхэм гишүүдэд уриалаад байгаа билээ. Энэ удаад эрхэм гишүүдтэй холбоотой зарим зардлуудыг онцолж байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн дагуу нэлээд зардлыггаргадаг ажээ. 2016 оны наймдугаар сарын 1-29-ний хооронд нийт 17 захирамжаар нэлээд зардлыггаргасан байна. Захирамж нь голдуу зардал гаргах, буцалтгүй тусламж, дурсгалын зүйл гардуулах,эмчилгээний зардал олгох гэсэн утгатай. Эдгээрээс гурвыг онцолъё.

1. 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зардал гаргах тухай 524 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид “...УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд хуралдааны зар болон мэдээлэл хүргэх зорилгоор тусгай дугаараас мессеж илгээх үйлчилгээний төлбөр 1 449 000 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийг 2016 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргаж, “Мобиком корпораци” ХХК-тай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст даалгасугай” гэжээ.

2. Мөн наймдугаар сарын 3-ны өдөр зардал гаргах тухай 457 тоот захирамж гарган “...УИХ-ын 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн чуулганы хуралдаан ажлын цагаас сунаж хуралдсан тул УИХ-ын гишүүд болон Тамгын газрын тухайн үед ажилласан хэлтэс, алба, төвийн ажилтнуудад зориулж, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолбороос захиалсан хоолны төлбөр 1 520 000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг УИХ-ын 2016 оны урсгал төсвийн зохих зүйлээс гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэсэн байна.

3. Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид “...УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулдан баяр хүргэж, дусргалын зүйл /мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ орол­цуулан/ гардуулахад шаар­даг­дах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гар­гахыг Захиргаа, нийт­лэг үйлчилгээний хэл­тэст зөвшөөрсүгэй” гэжээ.

Ийн ганцхан сард гарсан 17 захирамжаас гурвыг нь онцлоход энэ. УИХ-ын гишүүд “Хуралдаа ир” гэж заавал төсвөөс 1 449 000 төгрөг гаргуулан байж, мессежээр уриулах шаардлага бий гэж үү. Тэдний үндсэн үүрэг нь товын дагуу очиж хуралд л суух шүү дээ. Бас чуулганы хуралдаан оройтож, ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар эрхэм гишүүд хийгээд Тамгын газрынхан 1 520 000 төгрөгөөр ганц орой хооллож суух нь бас л хэмнэж болох зардал. За тэгээд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 нас хүрсний төрсөн өдрийн бэлгийг заавал төрөөс, төсвөөс даах ёстой гэж үү? Захирамжид Ц.Нямдорж гишүүний бэлгэнд хэдэн төгрөг зарлагадсаныг бичээгүй байгаа юм. Юутай чтүүнд өгөх бэлгийн мөнгөн аяганы үнэ нэг, хоёр зуун мянгаар тогтохгүй нь ойлгомжтой. Энэ мэтчилэн хэмнэж болох зардлуудыг гаргачихаад хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмжээс танаад суугаа нь хэр зэрэг оновчтой шийдвэр юм бол доо...?!

Дээр дурдсан эрхэм гишүүдийн нэг оройны хоолны үнэ, тэднийг хуралдаа ирнэ үү гэж дуудахаар “Мобиком”-д төлдөг төлбөр нийлээд 150 хүүхдийн нэг сарын мөнгө нь болж байгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Нийгэм:Есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжих замын хөдөлгөөний шинэ хууль хэмээн иргэдийн дунд буруу мэдээлэл түгэв. Тодруулбал, өнгөрөгч жилийн есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийг энэ жил хэрэгжих мэтээр сошал ертөнцөд тархсан нь олон хүнийг төөрөгдөлд орууулаад байсан юм. Энэ талаар ЗЦГ-ааснийт хэвлэл мэдээллийнхэнд хандаж залруулга зарлалыг өгөв.

Есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан " Есдүгээр сарын 1-нээс жолооч таны анхаарах 24 дүрэм" гэх мэдээлэл тарааж буй нь " Ташаа мэдээлэл" гэдгийг Замын цагдаагийн газраас залруулж байна. Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас анхааруулав. Тиймээс жолооч нарыг хууль болон дүрмээ дахин нягтлан үзэхийг ч зөвлөж байна.

Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй нэг асуудал бол Ипотекийн зээл. Үүнийг үргэлжлүүлнэ гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв.

Өмнө засгийн газрын эхлүүлсэн иргэдээ бодсон нэг томоохон хөтөлбөр нь "Орон сууцжуулах" байлаа. Иргэд орон сууцанд хамруулахын тулд зээлийн хүүг бууруулж, хямд үнэтэй байраар хангахаар "Ипотекийн зээл"-ийг эхлүүлсэн.

Энэхүү зээлийн хүрээнд одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны 8 болон 5 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ.

Эдгээр өрхөөс 3.8 их наяд төгрөгийн зээл зах зээлд бүрэлдсэн байна. Харин зээлийн эргэн төлөлт муудсан гэх үзүүлэлтээр уг хөтөлбөрийг зогсоохыг эдийн засагчид, зарим улс төрчид байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл Барилга хот байгуулалтын яам зээлийг зогсоохгүй гэв.

Г.Мөнхбаяр сайд “Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Би өөрөө ахалсан. Монголбанк, Сангийн яам, МИК-ийн төлөөлөл багтлаа. Энэ зээлийг үргэлжлүүлнэ. Гэхдээ орон нутагт 5 хувийн хүүтэй олгох талаар судалж байна. Одоогоор 80 хүртэл метр кв талбайтай орон сууцыг энэ зээлд хамруулдаг. Бид 100, 110 м.кв болгох талаар судалж байна. Учир нь гурван өрөө байр авах иргэдийн эрэлт байгаа” гэсэн юм.

Ингэснээр орон сууцны борлуулалт, ажлын байрны өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж салбар яам нь үзэж байгаа аж. Иргэд сард дунджаар 460 мянган төгрөгийг байрны зээлд төлдөг. Зээлийн хугацааг сунган, нэг сарын төлбөрийг бууруулах нь зөв. Тэгвэл зээл авсан, өгсөн аль аль талын дарамт буурна хэмээн Г.Мөнхбаяр сайд онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц "Ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг Монголбанк, Засгийн газрын түвшинд шийдэх байх. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем бол өөрөө цаашид урт хугацаанд үргэлжлэх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлүүдээ санхүүжүүлээд явах боломж бий. Өнгөрсөн хугацаанд ТЗК-иудаас төлөгдсөн мөнгө, үнэт цаашжуулалтын хэмжээ, эргэн төлөлтийн асуудал, цаашид холбогдох төрийн байгууллагууд ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг ярилцахаар ажил хэргийн уулзалт хийж байна. Бидний зүгээс зээл цаашид үргэлжилнэ. Хүү нь тэд байна гэж хэлэх боломжгүй" гэлээ.

Дараагийн зээлийн эх үүсвэрийг олгосон зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм. Зээлийн эргэн төлөлтийн хувьд харьцангуй сайн төлөгддөг бөгөөд чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа юм.

Эдийн засаг: Хаданд гарч байсан ам.долларын ханш буурав. Мөн хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ буурлаа.

Өнгөрөгч сарын эхнээс нэг ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж, 2265-тэй төгрөгтэй тэнцсэн. Энэ нь зөвхөн Монголбанкнаас зарласан ханш байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар харьцангуй буурч эхэлж байгаа нь ажиглагдлаа. Монголбанкнаас 2207 төгрөгтэй тэнцүүллээ. Арилжааны банкууд 2195-2200-аар авч, 2225-2238 төгрөгөөр зарж байна. Хар зах буюу найман шарга валют арилжааны төв 2182-оор авч 2190-ээр борлуулж байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч долоо хоногт нэмэгдсэн үзүүлэлтэй гарсан бол энэ долоо хоногт буурчээ. Тухайлбал, хонины ястай нэг килограмм мах дунджаар 5070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6375 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм.

Мөн хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөг, хонины цул мах 25 төгрөгөөр тус тус буурчээ. Түүнчлэн хүнсний ногооны үнэ тэнгэрт хадах шинжтэй байсан бол харьцангуй буурав. Монгол лууван 295 төгрөгөөр, байцаа 15 төгрөгөөр, манжин 175 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин цагаан будааны үнэ нэмэгджээ. Бусад хүнсний бүтээгдэхүүн үнэ тогтвортой байна.

Спорт: үргэлж баяртай мэдээг дуулгадаг энэ салбарт таагүй мэдээ дууллаа. "Токитэнкү А.Хүчитбаатарыг зодог тайллаа” гэж Японы сумо бөхийн холбооноос зарласан юм. Тэрбээр цусны хорт хавдар өвчний улмаас жил гаруйн хугацаанд барилдаагүй юм. Одоо ч эмчилгээ хийлгэсээр байгаа. Өнгөрсөн 11 дүгээр сард хавиргаа эмчлүүлэхээр шинжилгээ хийлгэх үеэр хорт хавдартай гэдгээ мэдсэн байна.

Энэ тухай А.Хүчитбаатар "Өнгөрсөн жилээс л бие нь муу байсан. Баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байсан юм. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарлаа. Тэр үеэс хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтэж, биеийн байдал нь сайжирч байна. 20 кг орчим турсан. Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн болохоор эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байна” хэмээн ярьж байжээ.

Токитэнкү А.Хүчитбаатар энэ хугацаанд Жюүрёод 2, санданмэ 1, жонидан 1, жонокүчи зиндаанд 1 түрүүлж, уран барилдаанч шагналыг нэг удаа хүртэж байжээ. Гэвч өвчний улмаас ийнхүү зодог буй харамаслатай мэдээ сонсголоо.


Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа