2013 оны 7-р сарын 1-2-нд шилжих шөнө Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн татварын газарт ажиллаж байсан Ц.Туяа гэгч нь Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э-г нөхөртэйгээ хардсаны улмаас байрны орцонд 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн.  

Хэрэг гарахад хамгийн их нөлөөлсөн гол буруутан нь Д.Батболд. Д.Батболд нь анхны эхнэр, хүүхдээсээ салж Ц.Туяатай хамтран амьдарч, үрийн зулай үнэрлэсэн.  Чухам тэр үеэс л  талийгаач Э-тэй нууц амраг болсон байгаа юм. Татварын байцаагч бүсгүй хамтран амьдрагчид нь  75 хутгалуулсан шөнө   Д.Батболд Яргайтад нэгэн амралтанд М гэгч шинэ нууц амрагтайгаа хэвтэж байхад нь цагдаа нар баривчлаж байсан.  Тэрбээр эхнэрээсээ гадна өчнөөн хүүхэнтэй янаг амрагийн холбоотой болох нь шүүх хурлын үеэр ил болж байсан.  Уул, уурхайн яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын алба хашдаг тэрбээр  шороонд булуулсан, шоронд орсон хоёр бүсгүйд ижил өнгийн “Volkswagen Touаreg” маркийн автомашин бэлэглэсэн байдаг.  Эгэл жирийн төрийн албан хаагчид хаанаас ийм их хэмжээний мөнгө гарч ирээд байна вэ? Тэр яагаад татварын байцаагч бүсгүйчүүдтэй дотноссон бэ? Бодох л асуудал.

Энэ хэрэгт талийгаач  Э болон түүний гэр бүлийнхэн,  Ц.Туяа болон түүний гэр бүлийнхэн  хохирогч болчихоод байна.

Ц.Туяа энэ жил 39 настай.  Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 81-р сургууль, 1994 онд “Сэрүүлэг” дээд сургуульд орсон ч удалгүй сольж 1996 онд МУИС-ийг төгсчээ. Хоёрын хоёр сургууль төгссөн дээд боловсролтой бүсгүй 2004 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж, 2009 оноос ажлаасаа гарсан.  Өөрөөр хэлбэл Ц.Туяа нь Д.Батболдоос өмнө нь нөхөртэй байсан бөгөөд экс нөхөр нь өөр эмэгтэйтэй амрагийн холбоотой  болсон тул хардалтын улмаас  нэг бүсгүйг хутгалж байжээ. Тухайн үед түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар танхайрсан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэн Баянгол дүүргийн шүүхэд уг хэргийг 2000 онд хэлэлцэж, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан.  Харин үүний дараа буюу  долоон сарын эхний өдөр  гэмт хэрэг үйлдсэн нь баригдаж тэрбээр өчигдөр анхан шатны шүүхээс 22 жилийн ял сонссон.  Тэгэхээр 61 настайдаа  наранд гарна.  Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэх боломжгүй тэтгэвэр аваад сууж байхаар  буурал болно гэсэн үг. Хэрвээ гэмээ ухаараад сайн хүмүүжвэл  таван жилийн өмнө суллагдах боломжтой болчихож байгаа юм. Тэгсэн ч 56 настайдаа буюу мөн л тэтгэвэр авах насандаа суллагдана гэсэн үг. Энэ нь алуурчин Ц.Туяа  ажил хөдөлмөр эрхлэхгүй улсаар тэжээлгэхээс өөр гарцгүй болж байгаа юм.  Энэ хугацаанд түүний хоёр хүүхэд  зөв хүмүүжилтэй болоосой л гэж найдах эх хүн олон байна. Өөрөөр хэлбэл  уурын мунхагаар  хоёр сайхан үрээсээ хол  хүйтэн хананы дунд хоригдож, амьдралаа утгагүй, өнгө гэрэлгүй болгож  нэг бүсгүй  амьдаараа хохирч байгаа юм.  

Харин энэ хэргээс хамгийн ихээр хохирсон хүн бол талийгаач. Тэрбээр  бусдын хамтран амьдрагчтай амраглаж байхдаа ч дарамтад байсан гэдэг. Тодруулбал  Д.Батболдын Заамар дахь алтны уурхай болоод зарим нэг булхайтай үйлдлийг нь талийгаач  мэддэг байжээ.  Тиймдээ ч  гадагшаа явж сурна гэхэд нь Д.Батболд  “Миний гар, хөл урт шүү. Аль ч боомтоор чамайг гаргахгүй байж чадна” хэмээн дарамталдаг байсан ажээ. Дээрээс нь “хамтран амьдрагчаасаа сална, чамтай амьдарна” хэмээн талийгаач бүсгүйн сэтгэлтийг аргаддаг байсан гэж байгаа. Талийгаач бүсгүйн хувьд Ц.Туяагын дарамтыг  мөн тэсдэг байсан гэхээр нас барах хүртлээ  сэтгэл зүйн хувьд асар хүнд байдалд байсан нь тодорхой.  Өнөөдөр талийгаач Э-гийн ээж “Миний охиныг хөнөөсөн алуурчинд цаазын ял өг. Манай улс цаазын ялгүй орон. Гэтэл хүмүүс нь нэгнийгээ алаад явж байна. Хийсэн хэрэгт нь тааруулаад цаазын ял оноо. Яаж төрүүлсэн үрийн минь амийг хөнөөж чадав аа.” Гэж хэлж, уйлахаас өөр ямар ч аргагүй болж,  Д.Батболдыг үзэн ядахаас  өөрийг хийж чадахгүй байна.  Яагаад гэвэл  Д.Баболдод  харгалзах ял оноох хууль эрх зүйн үндэслэл байхгүйд хохирогч болон шүүгдэгчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа.

 Тэгвэл  энэ хэргийг болсонтой холбоотойгоор  өөрийгөө  уснаас хуурай авч гарч байгаа Д.Батболдын Заамар дахь уурхайд татварын, аудитын  шалгалт оруулж, хаанаас  ингэж их хөрөнгөтэй болж байгаа зэргийг нь судлаад үзэх хэрэгтэй болчихож байгаа юм.  Тэгэхгүй бол энэ хүн уснаас хуурай гарчихаад дээрээс нь ажлаасаа нэг жилийн чөлөө авна гэдэг Монгол улсаас оргон зайлж, нийгэм энэ хэргийг мартсаны дараа  эргэн ирж дахин хэдэн бүсгүйн дунд эргэлдэж, амь нас, үнэтэй цаг, сэтгэл санаагаар нь тоглочих юм билээ.  

Д.Батболдыг  заавал шалгаж орлого, зарлагыг нь тооцон үзэж, хэрвээ улсад хохирол учруулж,  мөнгө идэж уусан байвал  түүнийг ил гаргахыг  хууль хяналтын байгууллагынхан  санаачлагаараа хийчих ёстой юм.  

А.Баярмаа