Солонгост олон жил амьдарч байгаад өнгөрсөн зун нутагтаа ирсэн нэгэн залуу ярьж байна. "Монголдоо ирэхсэн гэж олон жил хүссэнийг яана. Энэ чинь миний өсч төрсөн эх орон минь шүү дээ. Гэтэл ирдэггүй ч байж уу гэж бодогдох үе гардаг юм байна. Долоон сарын 1-нд өнөө айхавтар юм болоход би шаналж, эх оронд минь юу л болоод байна даа гэж уйлж байлаа шүү дээ" хэмээсээр ямар зовлон бэрхшээл тулгараад байгаагаа тоочино.

Цуглуулсан хэдэн төгрөгөөрөө бизнес хийх санаатай, тавилгын үйлдвэр нээхээр баахан явлаа. Үйлдвэр ч гэж дээ багахан цех шүү дээ. Гэтэл тийм амар бүтэх ажил биш юм. Төрийн байгууллагууд нь яасан хүнд сурталтай юм. Юм хийхэд яасан их тамга тэмдэг шаарддаг юм бэ. Сүүлдээ залхсан. Машинаа үзлэгт оруулахад хүртэл танил тал шаарддаг юм байна. Манай Монгол ч хэцүү газар болжээ. Анх ирээд соёлын шок биш хүмүүсийн харьцааны шоконд орчихоод явж байна гэж ярина. Тэрээр нэгэн яамны үүдний хүлээлгийн өрөөнд цайны цагийг дуусахыг хүлээж зогсонгоо ийн хөөрөлдсөн билээ, дэргэдэх хүмүүстэйгээ.

Лондонд арав гаруй жил сурч, хөдөлмөрлөөд ирсэн залуу ажилд орох гээд элдэв төрлийн яармаг, үзэсгэлэнгээр эргэлдсээр жил тойрны дараа гайгүй цалинтай ажилд орсон байна. Ю.Оргил хэмээн өөрийгөө танилцуулсан энэ залуу "Би ажилд орохын тулд их явсан. Яг хаана очиж, хэнд хандахаа мэдэхгүй байсан. Уг нь би гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуу. Монголд ирэхэд харьд ирсэн юм шиг л ажил хөөцөлдөх, элдэв хүнтэй уулзахад таньдаг байх шаардлага гарсан. Надад таних нэг ч хүн байгаагүй. Найзууд, танилуудаасаа хэдийнэ холбоо тасарчихсан болохоор аавынхаа нутгийн хүнээр зуучлуулж ажилд орсон" хэмээн ярьсан юм. Туркт үргэлжлүүлэн сурч байгаа залуусыг зурагтаар "Монголд очихоор нийгмийн байдал хүнд. Ажлын байр олдоггүй гэсэн ш дээ. Эндээ юм уу, өөр улс оронд очиж ажилладаг ч юм билүү гэж бодож байгаа" хэмээн ярилцлага өгч байхыг харлаа.

Гадаадад олон жил болоод эх орондоо буцаж ирдэг залууст тулгарах бэрхшээл түм бум аж. Тэдний хувьд Монголд ирээд машин барих, гарцаар гарахад бэрхшээлтэй байдаг гэнэ. Мөн интернэт нь удаан, үйлчилгээний байгууллагууд нь бохир гээд тэдний амнаас гомдлын аястай, шүүмжийн үгс их унадаг. Гэвч хичнээн голсон ч эх орон нь юм хойно гадаадад хэр олон жил болсноосоосоо шалтгаалж 2-7 сарын хугацаанд "шоконд" байдаг гэдэг судалгаа гарчээ. Уг нь тэд гэртээ ирсэн хүмүүс сэн.

Дэлхийн үсрэнгүй хөгжөөд байгаа орнууд төрийн бодлогоор залуусаа зориуд сургаад буцаад эх орондоо ирэхэд нь ажлын байраар хангаад өгчихдөг. Гэтэл манайд тийм хэмжээний бодлого алга. Ядаж л гадаадаас ирсэн залууст сэтгэл санааны дэмжлэг өгдөг клуб, хууль зүйн талын зөвлөгөө өгч, чиг баримжаа олгож, шинээр ажил хийхээр болвол ямар газраар явж, хэдэн бичиг баримт хөөцөлддөг талаар нь зөвлөдөг газартай болмоор юм.

Гадаадаас ирсэн залуус гэртээ ирээд маргааш нь л гүйгээд очдог тийм газартай болчихвол үгүй ээ мөн олны залуусын магнай тэнийх байх.

 

Д.САРУУЛ