Тогтвортой хөгжлийн талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол бидний одоогийн хэрэгцээ болоод ирээдүй хойч үеийн хэрэгцээ эдийн засгийн ижил түвшинд зэрэг хангагдаж байх нөхцлийг бүрдүүлэх зарчим юм. Хөгжил гэхээр зайлшгүй өсөлттэй зүйлийг бид төсөөлдөг.

Ямар ч улс орон тодорхой түвшинд хүрсэн хөгжил, дэвшил, амжилт бүтээлээ улам арвижуулахын төлөө ажилладаг, түүний төлөө зүтгэж, бодлого, зорилтооо зөв тодорхойлоод явдаг. Харин манай улсад хэд хэдэн ажыг орхигдуулж байна. Үүний нэг жишээ эх, хүүхдийн эндэгдэл буурах биш өсч байна гэж саяхан буюу 9-н сарын 2-нд SBN телевизээр цацагдсан. Тогтвортой хөгжлийн зорилтын эхний жилийн эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлтөд 66,9 буюу өмнөх оны мөн үеийн түвшнээс 3,5 дахин их, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 26,2 болж нялхсын эндэгдэл 22.7, нярайн эндэгдэл 10.8 болж өссөн буюу эхийн эндэгдэл 2015 онд бүтэн жилдээ бодит тоогоор 21 болсон байгаа юм. Эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын гачаал, тархины хүчилтөрөгчийн дутмагшил, төрөлхийн гаж хөгжил, төрөх үеийн бүтэлт, эх доторхи халдвар орж байгаа юм. Илэрч буй янз бүрийн эрхтэн тогтолцооны гажиг нь эхийн эрүүл мэндэд ихээхэн холбоотой нь тодорхой бөгөөд эхийн хэвлий дэх үр хөврөлийн өвчлөлөөс шалтгаалсан гажиг багагүй хувийг эзэлж байна гэж үзэж байна.

Бага насны хүүхдийн өвчлөл эндэгдэлд гажгийн үзүүлж буй нөлөөг бид дутуу үнэлж, оношлох талаар хангалтгүй, гажигтай хүүхэд ихэвчлэн хоёрдогч нянгийн өвчнөөр хүндэрдгийг хүүхдийн өвчлөлийн үндсэн шалтгаан гэж өнгөц ойлгож байгааг анхаарах цаг болжээ. Иймээс жирэмсэний хяналтын чанарыг сайжруулах, ялангуяа эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхэд тавих хяналт, эрүүлжүүлэлт, тэдэнд олгох нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх Мөн хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүд, өрх, сумын эмч, мэргэжилтнүүдийн хариуцлага, мэдлэг, ур чадварыг сайжруулах нэн тэргүүний асуудал. Бас нэг асуудалд өсвөр үеийнхний төрөлт, үр хөндөлт, сэтгэцийн эрүүл мэнд асуудлууд байсаар байна.

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй янз бүрийн эм, тэр дундаа үр зулбуулах эм хууль бусаар орж ирэн охид, эмэгтэчүүд өргөнөөр хэрэглэх болсон нь эрүүл хүүхэд төрөхөд хортойгоор нөлөөлж, агаарын бохирдол, эдийн засгийн таагүй байдал үүдэлтэй эмэгтэйчүүдийн биеийн эрүүл мэндийн ерөнхий доройтол зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас улмаар амьгүй төрөлт бий болж байгаа юм. Эхийн эндэгдлийн тохиолдол Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Ховд, Өмнөговь аймгуудад тус бүр 2, Баянхонгор, Дархан-Уул аймагт тус бүр 1, хүүхдийн эндэгдлийн тохиолдол Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа юм. Үр хөндөлтийн тоо нэмэгдсээр байгаа ба давтан үр хөндөлт дийлэнхи хувийг эзэлж байна. Хотын эмэгтэйчүүд хөдөөгийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин илүүтэйгээр үр хөндүүлж байна.

Харин үүнд импортоор орж ирэх үр хөндөлт, жирэмсэлтээс хамгаалах эмэнд хяналт тавьж бууруулах нь зүйтэй юм. Манай улсад үр хөндүүлэх хийгдэх эмнэлэг буурсан ч нууцаар хийх үйл ажиллагаа зогсохгүй байгаа юм.

М.Буянжаргал