Монгол улсын мөнгөн тэмдэгт өнөөдөр үнэгүйдсэн. Үнэгүйдсэн гэдэгт гурван жишээ татъя.

Жишээ нэг: Нэг болон таван төгрөг одоо болтол гүйлгээнээс гараагүй хүчин төгөлдөр Монгол лусын мөнгөн тэмдэгт. Нэг болон таван төгрөгийн мөнгөн тэмдэг биш харин билэгдлийн чанартай болсон. Хэрвээ төгрөг үнэгүйдээгүй байсан бол, ААН-үүд нэг болон таван төгрөгийг гүйлгээнд оруулбал өнөөдөр ингэтлээ төгрөг үнэгүйдэхгүй байсан.

Жишээ хоёр: Ам.долларын ханш өнөөдөр 2300 төгрөг рүү дөхөж байна. Монголбанкнаас зарласан үнэ нь ийм байна.

Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлснээс хойш ам.долларын ханш зогсолтгүй өссөөр байгаа. Гэтэл Монголбанкний Ерөнхийлөгчийг солиод ч нэмэр болсонгүй. Өөрөөр хэлбэл Монголбанк валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байсаар байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар вальютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэв. Өөрөөр хэлбэл төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана гэснээс анхаарч байгаа гэсэнгүй. Харин ч Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөсөн. Үүнийгээ “Хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх болно. Тэр үед Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм гэсэн. Тэгэхээр та бид бүсээ чангалж удаан байх бололтой юм.

Жишээ гурав: Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол, худалдаа наймаа хийж байгаа л бол хэн ч гэсэн ам.доллараар биш төгрөгөөр төлбөр тооцоо хийх ёстой байдаг. Гэтэл “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийг зөрчин нэр бүхий зочид буудал, бүрэн дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгээгүй, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гадаад валютаар илэрхийлсэн, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр тооцооны нэгжээр илэрхийлсэн, цалин хөлсийг төгрөгөөр олгоогүй байна. Тэдгээр байгууллагад Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хамтарсан ажлын хэсгүүд “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн дагуу шаардлага тавьж, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох, улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг даалгавар өгч, мөн таван аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага ногдуулж, торгуулийн арга хэмжээ аваад л өнгөрсөн байна. Хуулийг гууль болгогчдод төр төмөр нүүрээ харуулах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол улсад ам.доллараар ханш тогтоож байгаа нь төгрөгийн ханшийг унахад нөлөөлж байгаа юм.

Тиймээс төвбанкнаас ярих биш ажил хийх хэрэгтэй байгааг сануулж байна. Эс бөгөөс эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэд ханшийн өсөлтийн улмаас идэх хоолоо хагасалж, үр хүүхэд нь улам хүнд байдаод орж байгааг анхаарна уу.

М.Мөнгөн