Монголчууд “Морьдохын хазгай” гэж ярьдаг нь, зүгээр нэг үг биш л дээ. Тэгвэл хотын даргаар томилогдож, будаг нь ханхалсан шинэхэн өрөөнд заларч байгаа Су.Батболд даргын тухайд эхнээсээ л элдэв янзын асуудалд нэр холбогдов.

Золбин нохой мууранд тэрбум тэрбумыг зарж спираль тавина, шөнийн клуб энэ тэрийг 24 цагаас хойш ажиллуулахыг хориглоно гэхчлэн нэг л байгаа оноогоо асуудлууд руу ханцуй шамлан дайрах болсон нь, ер нь энэ хүн Хотын даргын суудалд тохирох хүн мөн үү, нийслэлчүүдийнхээ өмнө тулгамдаж ирсэн асуудлуудын цөмийг олж харах чадвартай нэгэн үү гэж асуухад, харахад хүргээд байгаа гэж болох юм. Тэрчлэн намынхаа нэр хүндийг нэлээд хойш нь чангаах үйлдлийг Су.Батболд эрхэм хийж байгааг нийслэлчүүд нүдээрээ харж суугаа билээ. Бодит байдал дээрээ нэлээд диктатурны маягийн бодлого барьсан, бусдын эрх, эрх чөлөөг өөрийнхөө нэр сүр албан тушаалаар халхавч хийн боомилсон нэгэн байж болзошгүй хэмээн түүний талаар мэдээллүүд гарах болсон. Төрийн албан хаагчдыг айдаст автуулсан гэх асуудалд орсон хотын дарга маань өмнөх дарга Э.Бат-Үүлийн жижигрүүлээд байсан өрөөг голж, илүү томруулж, засч, янзлуулаад эзэн суусан гэж байгаа. Хаа хаанаа хэмнэлт гэж үг хэрэглэж байгаа энэ үед уг нь түүний эл үйлдэл илүү баймаар. Гэвч одоо яалтай билээ.

За тэгээд түүнийг нийслэлд нэн шинэ хэлмэгдүүлэлтийн түүхийг эхлүүлэх гэж байгаа талаар нь хэвлэлийнхэн бичих болсон билээ. Учир нь, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Су.Батболд захиргааны албан тушаалтнууддаа 2012 оноос хойш нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад ажил албан тушаалтай болсон төрийн албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн нь, хэн хүний анхаарлыг татаж, нүд чихийг сортойлгоод авсан. Тэр өөрийнхөө энэ алхмыг төрийн албыг цэвэрлэх, чадавхжуулах сэдэлтэй хэмээн тодотгож буй ч, хэрэг дээрээ бол 2012 оноос хойш шинээр ажилд орсон хүмүүсийг онцгойлон судалж, дүгнэлт гаргахыг шаардсан нь хар сэр дагуулах болсон юм. Улстөржихгүй байя, мэргэжлийн байя энэ тэр гээд олон долоон юм ярьж гарч ирсэн нөхдүүдийн үйлдэл ийм байна гэдэг харамсалтай л даа. Ер нь бол Монгол төрд бодлогын залгамж гэж юм байх ёстой. Тэрчлэн нийслэлд ч тэр шугамаа алдах ёсгүй. Би л эрх мэдэлтэй боллоо гээд өмнө нь бусдынхаа хийчихсэн юмыг нураагаад дахиж хийдэг юм болоод шоу хийгээд байх нь зохистой хэрэг биш ээ. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн дөрвөн жил зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд 96 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтанд оруулж, ард нь 10 мянга орчим ажлын байр шинээр бий болсон байдаг. Гэтэл хотын шинэхэн даргын гарч ирэнгүйтээ гаргасан захирамжаар бол тэдгээр ажилтай болсон хүмүүс ч түүний тандалтад орж магадгүй талаар хэлэгсэд байсан юм.

Ер нь Су.Батболдын багийхны арга ажиллагааг харахад Нийслэлчүүдийнхээ асуудлыг шийдэж, хотоо хөгжүүлэх тухай ярихаас илүүтэй, өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд хийгдсэн үйл ажиллагаануудыг шүүмжлэхэд л хамаг анхаарлаа тавиад, төвлөрүүлээд байгаа харагдаж буй юм. Тиймээс ч Су.Батболд гэж хүн ер нь Нийслэлийг удирдах чадамжтай нэгэн үү гэж асуухад хүрч байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн