Голомт банкнаас 2016.10.05-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллээр гаргасан бодит бус, бусдын нэр хүндэд халдаж гүтгэсэн мэдэгдэлд доорхи хариу мэдэгдлийг гаргаж байна.

2011 оны 9-р сард ОХУ-ын иргэн С.В.Паушокоос Монгол Улсын иргэн хэдэн залуус 300 сая ам.долларын өртэй “Алтандорнод Монгол” ХХК болон түүний хамаарал бүхий компанийн хувьцааг худалдан авсан. Гэвч:

  1. Токиогийн ОУ-ын Арбитрын Шүүх, Монгол Улсын Шүүхээс хуурамч хүчингүй гэрээ болохыг нь тогтоож, төлөх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн буюу огт аваагүй бараа, машин техникийн төлбөрт үүсгэсэн хиймэл өр, төлбөрийг бүгдийг нь үг дуугүй хариуцан төлөх, эсвэл Монгол-Орос-Япон хэсэг хүмүүсийн нийлж хийсэн санхүүгийн хууль бус схемийг цэвэрлэн угаах, баллуурдах ямар ч үүрэг амлалт аваагүй ба гэрээ хэлцэлд ч тийм заалт байхгүй!
  2. Компаниудыг худалдан авах үеийн 2012 оны тайлан балансын өглөг талд нь танай өр, төлбөр, актив талд нь хөрөнгө тэр дундаа танай аккредитивийн зээлээр ачуулсан гэх машин техникийн авлага буюу С.В.Паушок та нарын ОХУ дахь МОПС-БИЗНЕС компаниас авах авлага тэнцүү дүнгээрээ байсан. Гэвч таны эртний хамтрагч С.В.Паушок жил хүрэхгүй хугацааны дараа 2013 онд МОПС-БИЗНЕС компаниа ОХУ-д нууцаар татан буулган дампууруулж, хоосон аккредитивийн өрийг бидэнд үлдээж, танай банкийг “хана мөргүүлсэн”. Энэ асуудлаас болж ОУ-ын иргэний маргаан үүсэж Токиогийн Арбитрын Шүүхэд очсон билээ.
  3. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ компаниудын харилцагч, төлбөр нэхэмжлэгчдээс хамгийн их хэмжээгээр өр төлбөрөө бэлэн мөнгөөр төлүүлж үр шимийг нь хүртсэн нь танай банк бөгөөд нийт 54 тэрбум төгрөгийн төлбөр манайх хийсэн. Бид бүхэн эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа, санхүүгийн хууль бус схемээр зувчуулсан зээлнээс бусад эдгээр компаниудад бодитойгоор авч ашигласан зээлүүдийг үндсэнд нь төлж дуусгасан. Өнөөдрийн байдлаар “Алтандорнод Монгол” ХХК-д шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн Голомт банкинд өр төлбөр төлөх шүүхийн шийдвэр байхгүй байгаа бөгөөд харин Голомт банкинд төлбөр төлөх нь үндэслэлгүй болохыг тогтоосон шүүхийн 2014 оны 3072/Б дугаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
  4. Мөн энэ хугацаанд ганцхан танай банкны зээлнээс гадна компанийг хүлээн авахад хамт ирсэн 57 ширхэг төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны өр, төлбөр тэр дундаа улсын татварт төлөх 90 гаруй тэрбум төгрөгийн татварын өрийг төлж ирсэн. Ингэснээр танай банк болон танайхтай адил хиймэл өр үүсгэн төлбөр нэхсэн нэхэмжлэгчид шүүхийн нэр барьж хөрөнгийг нь хаман авч улсыг хоосон үлдээх эрсдэлээс сэргийлж чадсан. Тийм ч учраас улсын татварын өр хамгийн түрүүнд төлөгдсөн.
  5. Энэ компаниуд дахь бусдын барьцааны эд хөрөнгийг “сорон” үнэ цэнийг нь бууруулхад танай банк онцгойлон оройлон оролцсон. Тухайлбал, Москва хотын дүүргийн болон Москва хот дахь ОУ-ын Худалдааны Арбитрын Шүүхийн 2013 оны шийдвэрээр ОХУ-ын ГАЗПРОМБАНК-нд олгуулахаар шийдвэрлэсэн 8 сая ам.долларын зээлийн төлбөрт “Лиценз барьцаалах №33/06-В-3-2 тоот гэрээ”-гээр ГАЗПРОМБАНК-ны барьцаанд нь байсан Төв аймгийн Заамар сумын нутагт орших хоёр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн 25’442’012’300 төгрөгийн орлогыг танай банк зээлийн төлбөртөө авсан. Тун удахгүй ГАЗПРОМБАНК-ны шаардах эрхийн төлөөлөл энэ хохирлоо танай банкнаас нэхэмжлэх буй заа.
  6. С.В.Паушокийн эзэмшилд байсан компаниудын бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2013 онд татварын өрөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлхэд танай банкны Гүйцэтгэх захирал, Эрсдлийн удирдлагын захирлуудын 09/09, 01/56, 09/45 албан тоотуудаар НШГА, Төрийн өмчийн хороонд барьцаанд байсан “Востокнефтегаз” ХХК-ийн хөрөнгийг “... зөвхөн улсад төлөх татварын өрийн төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрсөн”. Тиймээс банкны барьцааны хөрөнгийг хууль бусаар шилжүүлсэн асуудал байхгүй. Харин танай банкны Зээл хариуцсан дэд захирал нь шүүхэд Гүйцэтгэх захирал банкийг төлөөлөх эрхгүй, зээл барьцаа хөрөнгийн талаар мэдэлгүй, Гүйцэтгэх захирал нь болохоор төрийн байгууллагад Дэд захирал нь банкийг төлөөлөхгүй, барьцаа хөрөнгийн асуудал шийдэх мэдэлгүй гэж мэлзэх юм. Танай банкны захирлууд чинь эрх мэдэлгүй, банкийг төлөөлөх эрхгүй, албан тоот, зурсан гэрээ нь хүчингүй юм бол хэн нь энэ эрхийг хэрэгжүүлдэг, банкийг албан ёсоор төлөөлдөгөө олон нийтэд, харилцагч нартаа ил тод болгоорой.
  7. Улсад татварын өрөнд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө, баазуудыг НШГА-наас томилогдсон хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний компани үнэлээд нийт 9 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Гэтэл танай банкны ЗГ8115006300, ЗГ8115005289, ЗГ8115005290, ЗГ8115005261, ЗГ8115005383 тоот зээлийн гэрээнүүдийн барьцааны гэрээгээр танай банк дээрхи гурван компанийн хөрөнгийг 251.5 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаалсан. Тэр дундаа маргаад байгаа “Востокнефтегаз” ХХК-ийн Нефть хангамжийн баазыг танай банк 2012 оны ИП8115005383 тоот ипотекийн гэрээгээр 30.5 тэрбум төгрөгөөр үнэлж /банк хөрөнгө барьцаалахдаа зах зээлийн үнээс нь хоёр дахин багаар үнэлдэг билээ/ барьцаалсан. Гэтэл Улс энэ хөрөнгийг 24.1 тэрбум төгрөгөөр үнэлж татварын өрөнд авсан. Тэгэхээр бага үнэтэй хөрөнгийг улсад өндөр үнээр шахсан юм уу? Эсхүл танай банк бага үнэтэй хөрөнгийг хиймлээр өндөр үнээр үнэлж, банкны санхүүгийн тайлан мэдээгээ худлаа гаргаж, улмаар С.В.Паушок Монгол Улсаас их хэмжээний хохирол нэхэмжлэхэд нь тусалж хиймэл зээлийн өрийн хохирол бий болгож байсан юм уу?

Улс татварын өрөндөө хөрөнгө авсан асуудалд танай банкнаас гаргасан удаа дараагийн гомдлыг хууль хяналтын шат шатны байгууллага шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг нь тогтоогоод танайд хариугаа өгсөнийг мартаагүй байх гэж найдаж байна.

Тиймээс та бүхэн Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг хүндлэхгүй, тоодоггүй юмаа гэхэд Олон Улсын Арбитрын Шүүхийн шийдвэрийг эрхбиш хүндэлж, огт аваагүй хөрөнгөнөөс үүссэн хоосон өрийг биднээс нэхэж байхын оронд Монголын болон Японы иргэний хуульд заасны дагуу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн С.В.Паушок болон Японы ИТОЧУ компаниасаа нэхэмжлэн авахыг хүсье!

Өөрөөр хэлэхэд танай банкны нэхээд байгаа 2007 оны хуурамч худалдааны болон аккредитивын гэрээнээс үүдэлтэй 90 гаруй тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү, хөрвүүлсэн зээл нь орж ирээгүй хөрөнгийн хиймэл өр тул түүнийг төлөх хөрөнгө нь угаасаа байхгүй.

Иймд Голомт банк, түүний удирдлага Д.Баясгалан та, нэг бол эдгээр компаниудыг шилжүүлэн авч, дээрхи хиймэл зээлээ банкны эрсдэлийн сандаа уусган арилгах, эсвэл энэ асуудлаар эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа С.В.Паушокийн хэрэгт иргэний хохирогчоор орж хамтран ”схем хийсэн” С.В Паушок – ИТОЧУ нараасаа төлбөрөө нэхнэ үү!

Жич: Үргэлжлэл бий ...

“Алтандорнод Монгол” ХХК