УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдахтай зэрэгцэн АН-ын дарга З.Энхболд  намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан билээ.
 
Үүнээс хойш АН-ын ҮЗХ-ы хурал гурвантаа зарлагдсан ч цуцлагдан, өнөөдрийн хүртэл тус нам албан ёсны удирдлаггүй өдийг хүрсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тус намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй бөгөөд сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн төв штабыг ч давхар удирдсан юм.
 
Тэгвэл АН-ын жирийн гишүүд энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг маш муу болсон хэмээн дүгнэж буй бөгөөд тус нам олны анхаарал татаж буй "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд шилжсэн зэрэг асуудлаар огт дуугаралгүй явган улс төр хийсээр өнгөрөөж буй нь нууц биш юм. 
 
Энэ бүхний буруутан нь Д.Эрдэнэбат бөгөөд тэрээр өөрөө "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд шилжсэн явдалтай холбоотой улс төрч аж. 
 
 Тодруулбал зургадугаар сарын 13-нд болсон Засгийн газрын хуралдаанд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид зарах асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оруулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тэрээр АТГ -т шалгагдахаар болж  буй гэнэ.
 
Тэр бүү хэл АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаар дуугүй байх нь зөв гэж хэлсэн байна.
 

Э.Мягмардорж
сонин.мн