\"Сэтгэлгээний хямрал" цуврал-03\
 
...Хүний амьдрал "засмал" шиг дардан замаар явдаггүй, энхэл донхол, шавар шавхайтай бартаат замаар үргэлжилдэг. Бүх зүйл маш сайхнаар бүтэх гэж байснаа гэнэт бүтэхээ болих, хүссэн зүйлс ид шидийн мэт биелэх гэж байснаа гэнэт хясах, магнайгаа тэнийтэл баярлаж байснаа цээжээ эгштэл харамсаж уйлах тохиолдол бүхэн нь энэ амьдралын хэмнэл. Тийм тохиолдол болгонд тайвнаар эргэцүүлж бодохын оронд, учир шалтгааныг нь хайн тунгаахын оронд, тайвширч өөр боломжуудыг сэтгэж олохын оронд, хамгийн амархнаар нь "мухар сүсэг"-т даатган тайлбарлаж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хуурдаг хүмүүс олон болжээ. Өөрийнхөө хувь заяаг өөрөөсөө бус бусдаас "асууж", заяаны ханиа дэргэдээсээ бус зам дээрээс "хайж", өөрийнхөө ирээдүйг өөрөө бүтээхийн оронд өрөөл бусдад "даатгаж" эхэлсэн мөчөөс л чи өөртөө итгэх итгэлээ шууд л алдаж эхэлдэг.
 
Хөдөлмөрлөн хичээж зүтгэж биш нүүрном дээрх их мөнгөний зургийг шейрлээд баяжиж болно гэж итгэх, хулгай хийчихээд сүмд очоод залбираад эсвэл ламд мөнгө төлөөд аргалчихаж болно гэх бодол, аз жаргалыг сэтгэлээ ариусган чагнаж  байгаад мэдрэх биш их мөнгөтэй болж байгаад худалдаж авч болдог гэх мунхаглал бүхэн "ХҮН" байхаа больж "АДГУУС" болон хувирахын эхлэл.
 
Уншихаа болох тусмаа бусдын тавьсан цуурхлын түймэрт "шатаж", сонсохоо болих тусмаа бусдын өмнүүр хөндөлдөн мэдэмхийрч, харахаа болих тусмаа бусдыг хардаж сэрдэн муучлахын ад биш хүсэлд автдаг. "Гэсэн гэнээ..." гэх таамаг төдий  тайлбар, "тэгсэн л байх..." гэх сураг төдий хардлага, "тэгж л таараа..." гэх ам дамжсан тавлал бүхэн бусдыг үзэн ядахын их донд бидний сэтгэлийг чиглүүлнэ.
 
"Бодитой" зүйлд хад чулуу шиг хүйтэн хандах атлаа "худлаа" зүйлд өвсөнд тавьсан түймрийн гал шиг дүрэлзэж, "үнэн" ээс талд цахилах зээрийн сүрэг шиг үргэж дайжна. Дахиад л худал хуурмагийн дов сондуул дундуур "бүдчиж", өөрийгөө өрөвдөхийн хэрээр өрөөл бусдыг үзэн ядахын манан дунд төөрөлдөж, "үнэн гэж байхгүй" хэмээн өөрийн амьдралаараа баталгаа болгон өсч яваа залуусыг гунигийн шаварт живүүлэхийг хүсэцгээнэ. Хүмүүсийг байгаагаар нь ойлгож өөрийгөө байгаагаараа ойлгуулахын оронд, "сайн" эсвэл "муу"-гийн хязгаар дунд савалцгаадаг.
 
Гэрэл дундаас сүүдрийг нь олж харах тусам сэтгэлээ хиртээж, сайн хүмүүсээс дутааж муу хүмүүстэй ойртох тусмаа итгэлээ гээж, сайхан сэтгэл дундаас алдааг нь олж харах тусмаа амьдралд баярлан талархаж бус харааж зүхэж оршицгооно. Бид өөрөөрөө байж чадахаа больж, өрөөл бусдыг үзэн ядах хэрээрээ энэ амьдралыг "БАЯР БАЯСГАЛАН" бус "ТАМ" болгон хувиргахын эхлэл.
 
Яг үнэндээ монголчууд бидний мухар сүсэгтэй хийрхлийг улстөрчид маш сайн ашигладаг болсоор удлаа. Сонгууль дөхөхөөр л элдэв зүйл амлан мөнгө тарааж, худлаа цуурхал тараан өрсөлдөгчөө гүтгэн доромжилж, урьдчилаад бэлтгэсэн элдэв жүжиглэлийг бидний өмнө найруулан тавьцгаана. "Худлаа даа..." гэж бодох хэрнээ тэдний тооцоолсноор бид хийрхэн "солиорцгоодог", яг л "галзуугийн эмнэлэг" шиг. Амалж буй амлалт, аяглаж буй ааш болгоныг нь "хуурамч" гэдгийг нь мэдсээр атлаа, итгэж буй дүр эсгэн дагаж зусардацгаана, хошин шогийн тайз шиг гунигтай хэрнээ инээцгээнэ. Сонгуулийн дараа хууртсанаа мэдэрч хэн нэгнийг харааж зүхэцгээнэ, гэхдээ эзэнд нь огт хэлэхгүй. Учиргүй "Эх оронч" дүрд хувилан хийрхэж, "Эх орон минь мөхөж сөнөлөө" хэмээн гаслан хашгирцгаана, гэхдээ хуруугаа ч хөдөлгөхгүй.
 
Сонгуулийн өмнө "хариуцлага тооцох хэрэгтэй" гэж чанга дуугаар хашгирч байсан хэрнээ, сонгуулийн дараа бусдад сонсогдохгүйгээр бүдэгхэн шивнэнэ. Гаднаас нь харахад омголон догшин баатарлаг хэрнээ тулаад очихоор өчүүхэн дорой хулчгар. Тэгээд бүгдээрээ "Чингис хаан" шиг баатарлаг эр ирж, бидний "Монгол" ыг аврахыг хүлээнэ. Гэвч үлгэр аль хэдийн дууссан байх аж. "СЭТГЭЛГЭЭНИЙ ХЯМРАЛ" аа гэж.
 
Яг үнэндээ бид өөрсөддөө итгэдэг болсон цагт,  бусдыг байгаагаар нь ойлгож мэдэрдэг болсон цагт, алив сайн муу бүхэн зөвхөн надаас шалтгаална гэж мэдэрсэн цагт, муу бүхний эсрэг сайн сайхан үйлсээр нэгдэн байж өөрчилнө гэдгийг ухаарсан цагт ХӨГЖИЖ эхэлнэ дээ. Ширхэг чулуугаар байгаль дэлхий дутдагтай адил, дусал усаар гол мөрөн дутдагтай адил, ширхэг тоосонцороор агаар мандал дутдагтай адил, цор ганц танаар эх орон тань дутдаг юм даа. Бид бүхэн амьд оршиж байгаад л энэ бүхний шалтгаан нь буй. Хэрхэн орших нь өөр хэнээс ч бус гагц танаас л шалтгаална.
 
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах