Энэ удаагийн “Мобайль ньюс” буландаа  Хөх монгол, Даяар Монгол хөдөлгөөний гишүүд Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгаар явж уул уурхайн компаниудыг дээрэмдсэн хэрэг гарсан. Тэд  нийтдээ Хэнтийн гурав, Сүхбаатар аймгийн дөрвөн компанийг дээрэмдсэн байна. Мөн аж ахуйн нэгжийн ажилтнуудад буу тулган бэлэн мөнгө, шатахуун дээрэмдэж байсан гэх мэдээлэл цацагдах болсон билээ.

Энэ талаар “Хөх монгол бүлгэм”-ийн  Д.Мөнхбаяраас тодруулахад “Үндэсэрхэг үзэлтэй залуучуудын хөдөлгөөн ийм дээрмийн үйл ажиллагаа явуулдаггүй. Ер нь сүүлийн үед нэр барьсан ийм асуудал их гарах болсон. Харин бид хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Өдрийн сонины эхний нүүрэн дээр Даяар Монгол, Хөх Монгол хөдөлгөөний залуучууд дээрэм хийлээ гэж мэдэгдсэн  байна лээ. Энэ бол ташаа мэдээлэл манай бүлгэмээс тэр дээрэм хийсэн хүмүүстэй ямар ч холбоогүй. Хамгийн гол нь эх орон ард түмний нэр барьж амьдрах амьжиргааны хэрэгсэл болгохоо болих хэрэгтэй. Үндэстний үзэл гэдэг бол арай өөр шүү дээ. Хүн үзэл бодлоо илэрхийлдэг тэрнээс биш мөнгө олох арга хэрэгсэл биш. Манай нэрийг барьж явсан байна лээ. Сүхбаатар аймгийн цагдаагаас залгаж танай Хөх монгол хөдөлгөөн, Даяар Монгол хөдөлгөөнөөс явж байна гээд залуучууд дээрэм хийсэн байна танайхтай ямар холбоотой нь гэж асуусан. Бидэнтэй ямар ч холбоогүй ээ гэдгийг мэдэгдсэн байгаа” гэлээ.

Д.Ана