\"Сэтгэлгээний хямрал" цуврал-06\
...Бидний багад, хүүхдүүд хамтдаа тоглож байгаад хэрэлдэж маргалдах шалтгаан зөндөө тохиолдоно. Хэрүүл маргааныг нь сонсож байсан нэгэн, хэн нэгнийг өмөөрч үг хэлбэл, "Хар хүний өмнөөс шар хүн" гэгчээр чи муу юу юм бэ? Дут чи" гэж хашгираад дуугүй болгочихдог байсан сан.
 
Хэрүүл маргааны шалтаг шалтгааныг сайн мэдэж байгаа болохоор сэтгэл дотроо гэмшиж байсан сэтгэлийг өөрийг нь өмөөрч хашгичсан хэн нэгний "нэмэлт" хэрүүл, "нээрээ би буруугүй, харин энэ муу л..." гэсэн хорон сэтгэл болгон хувиргаж, хамтдаа нөгөө этгээдийн урьд өмнөх хамаг л муу муухай бүхнийг нь хамж шимж байгаад ч болов "шившиг" болгон ялалт байгуулах ид хавд сургадаг байсан байх.
 
Хоорондоо учраа олон ойлголцож болох боломжийг "хар" хүний өмнүүр орж хэрүүлийн галыг өрдсөн "шар" хүн үгүй болгож, холион бантан хутгах тохиолдол зөндөө. Дотроо гэмшиж асан нөгөө хүн нь өөрийгөө зөвтгөх боломжгүй болохоороо "Хүний олон нь хүнээ барьж иддэггүй юм шүү" хэмээн уйлан хашгичаад ч "буруутан" хэвээрээ үлддэг. Энэ бүхний эцэст буруу ч бай, зөв ч бай "Хүний олон нь хүнээ барж иддэг" бичигдээгүй зарчим үйлчилнэ. Хэтэрхий бүдүүлэг, хэрцгий, хэрүүлч хүний өөдөөс бусад нь үг хэлж зүрхэлдэггүйн шалтгаан нь энэ. "Тэмээ" гэхээр "ямаа" гээд орилоод байдаг болохоор тэр.
 
 Өнөө цагт бидний эргэн тойронд болж буй талцсан хэрүүл маргаануудыг уншиж мэдрэх бүрд дээрх үг санаанд ордог юм. "Сонингоор ялаа бас сайдыг "алж" болдог" өнгөрсөн үеэс "Сошиалаар хэнийг ч "алж" болдог" өнөө үе хүртэл өөрчлөгдсөн олон зүйлийн зэрэгцээ өөрчлөгдөөгүй элдэв сэтгэлгээний сайн муу үр дагавруудыг бид амсаж мэдэрч байна. "Монгол ТВ"-ээр гарч олны анхаарлыг ихэд татаж буй "Авьяаслаг Монголчууд" шоуны хагас шигшээ тоглолтын шалгаруулалтын дүнгийн талаар сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөөр маргаан дэгдэж буй.
 
"Монголын уртын дуу, гадаад дууны үнэ цэнэ"-ийн талаар болон Чимгээ шүүгч "их давгүй бүсгүй байснаа сүүлийн мөчид тэнэгтэж, олон хүний дургуйг хүргэсэн" талаарх санал сэтгэгдлүүдийг уншихад харамсмаар. Зүгээр л энэ бол "шоу" хөтөлбөр, энэ шоуг шүүж буй шүүгчдийн шийдвэр заавал олон нийтэд таалагдах албагүй, "Авьяастан нь заавал тийм үзүүлбэр үзүүлж байж шалгарах" шалгуур үгүй гэдгийг ойлгоход тийм ч их ухаан шаардахгүй дээ.
 
Нэг дуучинг тодруулах гээд нөгөө дуучинг "доош" нь хийж доромжлохдоо, тэр дуучны ард аав ээж, гэр бүл, анд найз нар нь байгаа гэдгийг ч мартаж орхицгооно. АНУ-ын Ерөнхийлэгчээр хуулийн дагуу сонгогдсон Д.Трамп, ялагдсан Х.Клинтоны талаар монголчууд америкчуудаас ч ихээр шүүмжилж, хоорондоо маргалдав. Эрх мэдлийн тодорхой хуваарилалт, тэгш хяналттай Америк гүрэнд нэг хүн тэгтлээ дураараа дургиад байх боломж бага гэдгийг, нөгөө талаасаа энэ бүхэнд хуулийн зохицуулалт заавал хэрэгтэй гэдгийг зарим нь ойлгосонгүй. Өөрийн дэмжсэн хүнээ магтаад л, дургүй хүнээ доромжлоод л.
 
Энэ бидний эрх чөлөө мөн үү?
 
Би сошиал ертөнцийн монголчууд бидэнд сайнаар нөлөөлж байгаа олон үзэгдлүүдэд баярлан дэмждэг. Бялдаржуулалтаас үүдэлтэй "гоо сайхан", байгальд хог хаяхгүй байх уриалга, зовж ядарсан хэн нэгэнд туслах хандивын аян, эрүүл мэндээ хөгжүүлэхийн тулд ууланд аялах аялал, эрүүл хооллолтын жор болон дэглэм, нийгэмд муугаар нөлөөлж буй үзэгдлүүдийн эсрэг анхааруулга, бусдад туслах "сайн үйлсийн аян" гээд хичнээн сайхан мэдээллүүдийг олж авдаг гээч.
 
"Сайны хажуугаар саар" гэдэгчлэн хэн нэгнийг олон нийтийн дунд гутаан доромжлох гэсэн хэрүүл маргаан, доромжлол гүтгэлэгүүд ч мундахгүй. Өөрийн санаа бодлоо "зөв" гэдэгтээ итгэж байгаа мөртлөө, үүнд нь санал нийлэхгүйгээр бодол зөрсөн хүн болгоныг гутаан доромжилж, үүндээ олон нийтийг татан оролцуулдаг цөөн бус хүмүүс энэ бүхний ард байдаг.
 
Ямарваа асуудал дээр хүмүүс 100% өөртэй тань санал нийлэх боломжгүй бөгөөд, өөрийн зүгээс "эсрэг" байгаа санаа бодлоо өөр шиг тань бичих эрхтэй гэдгийг тэд ойлгодоггүй, бас ойлгохыг ч хүсдэггүй. Санал бодол зөрсөн асуудлын талаар эелдгээр хариулахын оронд, санал зөрсөн хүнээ "хувь хүн"-ийх нь талаар гутаан доромжилдогт хамаг гай байгаа юм. "Ядаж байхад яр" гэгчээр "даган далдаганагчид" мундахгүй. "Хүний олноор хүнээ барьж идээд" байгаа юм даа.
 
...Бидний багад хүүхдүүд гэрийнхээ ажлаа хийж дуусгаад, аав ээжийнхээ зөвшөөрлөөр гадаа гарч тодорхой хугацаанд тоглодог байсан болохоор хэрүүл маргаан гарах нь харьцангүй бага байлаа. Сошиал ертөнцөд маш их цагийг өнгөрүүлж бусдын "хэрэгт дурлаж" байдаг хүмүүс ийм талцсан маргаанд идэвхтэй оролцдог. "Хоол болтол шийр зугаа" гэдэгчлэн "Хийх ажилгүй хүнд сошиал зугаа" байдаг бололтой. Сошиалд хичнээн цагаа зарцуулж ямар мэдээлэл уншиж, юугаа бичих нь хүн болгоны эрх чөлөө. Харин:
 
- Таны бичиж буй санаа бодол шүүмжлэлтэй тань санал адил бус байгаа нь, хэн нэгний танд доромжлуулах шалтаг, шалтгаан нь биш. Бусдыг ч бүү турхир.
-Та өөрийн санаа бодлоо өөрийн дур зоргоороо илэрхийлж байгаатай адил, бусад хүнд ч тийм эрх бий.  Тэгэхээр сошиал ертөнцөд "атаман" гэж байхгүй.
-Зөвхөн тухайн сэдвээр санал солилцож байгаа бол сэдвээ тойрч санал бодлоо соёлтойгоор илэрхийл. Тэр хүний өмнө нь хэн байсан, одоо хэн байгаа нь бусдад огт хамаагүй.
 
-Өширхөж зэвүүцсэндээ бусдыг муу муухайгаар нь гутаан доромжилж бичиж буй тэр хүний ард талд, тантай адил аав ээж, ах дүүс, анд нөхөд нь байгаа гэдгийг бүү март
 
-Заавал зөрүүдэлж хашгичсанаар та "зөвтөн " болдоггүй, цаг хугацаа л аажимдаа зөв бурууг ялган ойлгуулдаг юм шүү дээ.  Хэрүүл маргаанд "ялагч" бараг байдаггүй юм даа.
 
Уг нь зөвөөр ашиглавал "Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг" сошиал ертөнц бидний өөрчлөлт, хөгжил дэвшилд маш сайнаар нөлөөлнө дөө. "Хар" ба "Шар" хүмүүс соёлтойгоор маргалдаж мэтгэлцээд өөр хоорондоо учраа ололцож байвал юутай сайн сан. Энэ ертөнцөд бидний амьдрах хугацаа бага шүү дээ. Энэхэн бага хугацаанд юугаа ч булаалдан "хэмлэлдэж" байх билээ. Нэгэн өдөр доромжилсон, доромжлуулсан бүгдээрээ "яваад" л одно шүү дээ. Өөдрөгөөр харвал энэ амьдрал их гоё л доо.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 2016-11-15