Цахим ертөнц нь даяаршил, улс орон, хувь хүн хоорондын сайн харилцаа, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, соёлын дэвшлийг бүхэлд нь төлөөлж, нийгмийн хөгжлийн гол үзүүлэлт болохын зэрэгцээ урьдчилан таамаглах боломжгүй эрсдэлийг дагуулсаар байна.

Тодруулбал, фэйсбүүк, ухаалаг гар утаснаас үүдэлтэй гэмт хэрэг, дарамт, цахим тоглоомоос шалтгаалан сэтгэц, зан төлөвийн өөрчлөлтөд орсон, сурах чадвараа алдсан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд өсч, эдгэршгүй өвчтэй болж байгааг эмч нар хэлдэг. 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 803 сургуульд 500 гаруй мянган хүүхэд суралцаж байна. БСШУСЯ-наас өнгөрсөн онд өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаанаас үзэхэд хүүхдүүд мэдээлэл олж авахаар интернэт, фэйсбүүкт орохдоо ухаалаг гар утсыг хамгийн их ашигладаг. Тэдний интернэт хэрэглэх нөхцөл нь гэр орон, сургууль, албан байгууллага, гудамж талбай, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг бүх орчинд нээлттэй байдаг аж. Уг судалгааны дүнгээс харахад сургууль дээр фэйсбүүкт орохгүй, ухаалаг гар утас хэрэглэхгүй байх боломжтой юу гэсэн асуултад өсвөр үеийнхний дийлэнх нь “боломжтой” гэсэн хариулт өгчээ.

 

Багачууд ухаалаг гар утасны тоглоом, сургуулийн насныхан, өсвөр үеийнхэн фэйсбүүкт донтох болсон нь сурагчдын сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс гар утасны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хичээлийн цагийг үр ашигтай өнгөрүүлэхийн тулд БСШУСын сайд өнгөрсөн есдүгээр сарын 16- нд тушаал гарган багш, сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарласан билээ.

 

Салбарын сайд тушаал гаргаад хоёр сар орчим хугацаа өнгөрч байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиуд хэрхэн хэрэгжүүлж байгааг сурвалжиллаа.

 

НЭГДҮГЭЭР СУРГУУЛЬ ТУШААЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДИТОЙ АЛХАМ ХИЙГЭЭГҮЙ

 

        Сайдын тушаалын хэрэгжилтэд энэ сард яамнаас шалгалт хийсэн юм. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар БСШУСЯ­ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын З.Энхболд “Сайдын тушаалын хэрэгжилтийг яамны зүгээс ажлын хэсэг гаргаж, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт хяналт, шалгалт хийлээ. Уг тушаалыг маш сайн хэрэгжүүлж, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн сургууль байна. Тухайлбал, Хан­Уул дүүргийн 34, Баянгол дүүргийн 38, 13, Сонгинохайрхан дүүргийн 65, 106, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль болон Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор, Сүхбаатар дүүргийн Монгол, Оросын хамтарсан Гуравдугаар сургууль нь сайдын тушаалыг маш сайн хэрэгжүүлж ажиллаж байгаа нь шалгалтын багийн дүгнэлтээр гарчээ. Харин бодит байдалд тушаалыг хэрэгжүүлэхэд бодитой алхам хийгээгүй сургууль байгаа юм. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн удирд лагууд шалгалтын явцад ажлын хэсэгт хэрхэн хэрэгжүүлж ажилласан талаар тайлагнаагүй байна. Сайдын тушаалыг сургуулиуд дотоод журамдаа тусгаж, сурагчдын эцэг эхтэй нь гэрээ байгуулж, дотоод журмын дагуу багш нарын гар утасны хэрэглээг зохицуулах зэрэг ажлыг хийсэн байх ёстой. Түүнчлэн сургуулийнхаа ойр орчимд тушаалтай холбоотой мэдээллийг байршуулсан эсэх мэдээллийг шалгалтын явцад шалгаж үзсэн. Шалгалтын үр дүнгээр сайн ажиллаж буй сургуулиудынхаа жишээг тусгаж, зарим анхааруулга өгөх албан бичгийг боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүргүүлэхээр төлөвлөөд байна. Цаашид уг тушаалын хэрэгжилтийг шалгахаар дахин ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж ажлын хэсгийн дүгнэлтэнд тусгасан байна” хэмээн ярилаа.

 

Ийнхүү албаны хүний мэдээллийг авсныхаа дараа Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр дунд сургуулийг зорив.

 

САЙДЫН ТУШААЛ БИДНИЙ АЖИЛД ХҮЧ НЭМСЭН

 

        Тус сургуулийн Нийгмийн ажилтан Г.Галнаран “Сайдын тушаал гарахаас өмнө манай сургууль өнгөрсөн жилээс сургуулийн орчинд ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах тухай асуудлыг авч хэлэлцээд хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, сургуулийн багш, удирдлагууд ярилцаад, эцэг, эхчүүдэд хандаж, хэрэглээг хязгаарлах тухай ил захидал явуулахад маш эерэгээр хүлээн авч, 95 хувь нь хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий боловсролын сургуулиуд дотроос анх энэ санаачлагыг манай сургууль гаргасан гэж болно. Ерөнхийдөө эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулбал энэ ажил илүү үр дүнтэй байдаг талаар бусад сургуультай туршлага солилцсон.

 

Яамнаас шалгалт ирсэн өдөр манай сургуулийн удирдлагууд “Цахим гадуурхал цаашаа” аяны нээлтэд оролцож байсан. Энэ үеэр яамнаас шалгалт ирсэн байна лээ. Би байсан бол энэ ажлыг өнгөрсөн жилээс хойш хэрэгжүүлсэн гэдгээ тайлбарлах байлаа. Манай сургууль сайдын тушаалыг “Сургуулийн орчинд утасгүй хичээлийг зохион байгуулъя” гэсэн уриалгыг гаргаж, багш сурагчдад хэвлэмэл байдлаар тарааж дотоод сүлжээ, бүх нийтийн радио, сурталчилгааны самбар зэргээр эцэг, эхчүүд болон сурагчдад мэдээлэл хүргэх зэргээр хэрэгжүүлж байна. Өмнө нь жил гаруй хугацаанд хэрэгжүүлж байсан зүйл учраас сайдын тушаалыг хэрэгжүүлэхэд элдэв хүндрэлгүй байгаа. Харин ч сайдын шийдвэр бидний ажилд хүч нэмсэн. 2015 онд судалгаа хийхэд манай сурагчдын 80 гаруй хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байсан. Бид бүхэн шууд хорихгүйгээр эхлээд товчлууртай гар утас барихыг зөвлөж байсан бол одоогоор сургуулийн орчинд гар утас ашиглахыг бүр мөсөн хориглоод байна” гэсэн юм.

 

Тус сургуулийн 11б ангийн сурагч Г.Насантулга “Хичээлийн цагаар ухаалаг утас ашигладаггүй. Ингэснээр хичээлээ маш сайн ойлгож нийгмийн идэвх маань дээшилсэн. Манай сургууль өнгөрсөн жилээс хойш ухаалаг гар утсыг хэрэглэхийг хориглосон учир товчлууртай гар утас барьдаг” гэв. Биднийг очих үеэр жижүүрлэж байсан 11г ангийн сурагч Б.Цэцэгдарь “Ухаалаг утсыг сургуулийн ойр орчинд хэрэглүүлдэггүй. Хэрвээ нууцаар утсаа ашиглаж байгаад баригдвал эхлээд сануулга өгч, зургаан сар хүртэлх хугацаагаар хурааж авах зэрэг арга хэмжээ авдаг. Хүүхэд бүрт сургуулийн захиргаанаас хариуцлагын карт хөтөлдөг. Тиймээс бид сургуулийнхаа дүрэм журмыг зөрчихгүй байхыг хичээдэг. Манай ангийн дийлэнх нь ухаалаг гар утас ашигладаг байсан. Харин одоо бүгд товчлууртай утас барьдаг” гэлээ.

 

 

“НАМАЙГ ЯАЖ Ч ШИЙТГЭСЭН БОЛНО. ГАР УТАСТАЙ МИНЬ БАЙЛГААД ӨГӨӨЧ”

 

        Харин Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн Нийгмийн ажилтан Б.Даваажаргал “Сургуулийнхаа дотоод журамд “Хичээлийн цагаар багш, сурагчид гар утас хэрэглэхгүй” гэдгийг тусгасан. Бидний ажилд хамгийн гол нөлөөлөх хүмүүс эцэг, эх байдаг. Тиймээс нээлттэй хаалганы өдрөөр эцэг, эхчүүдийг урьж яамнаас гаргасан тогтоол, дүрэм журмыг танилцуулж, сургуулийн сониндоо энэ талаар мэдээлэл гаргаж сурагчдад тараасан. Гэхдээ мэдээллийн эрин зуун учраас хүүхдүүдийг гар утас хэрэглэхийг хориход “Намайг яаж ч шийтгэсэн болно. Гар утастай минь байлгаад өгөөч ээ” гэж хэлдэг. Энд анги удирдсан багш нарын оролцоо, хяналт маш чухал. Хүүхдүүдийг хориглоод байхад утсаа ашиглах тохиолдол гарвал түүнийг нь хурааж аваад хичээлийн дараа өгөх зэрэг арга хэмжээ авч байна. Манай сургуульд энэ хичээлийн жилд 2700 гаруй хүүхэд суралцаж байна. I­III ангийнхныг эцэг, эхчүүд нь байнга анхаарч сургууль, гэр хооронд нь зөөдөг учраас гар утас бараг хэрэглэдэггүй. Харин IV, V ангийнхан өөрсдөө гэртээ харьдаг учраас заавал гар утас ашиглах шаардлагатай болдог. Ахлах ангийнхан бүгд ухаалаг гар утас хэрэглэдэг байсан. Багш, сурагчдын гар утасны хэрэглээг хорьсноор сургалтын чанар сайжирч, илүү их идэвхтэй болж байна” хэмээлээ.

 

УТСАА ДЭЭРЭМДҮҮЛЖ, АЛГА БОЛГОСОН ТОХИОЛДОЛ ГАРАХГҮЙ БАЙГАА

 

        Тус сургуулийн 5е ангийн багш Ц.Дорждулам ангийнхныхаа гар утсыг хичээл ороход хурааж авч, тусгай хайрцагт хийдэг байна. Энэ арга хүүхдүүдэд анхааруулга өгч, байнга хэлэхээс илүү үр дүнтэй хэмээн ярьсан юм. Тэрбээр “Энэ аргыг интернэтээс харсан. Ангидаа хэрэгжүүлэхэд өдөр бүр “Хүүхдүүд ээ утсаа унтраагаарай” гэж тайлбарлахаас илүү үр дүнтэй юм байна. Манай ангийхан өглөө орж ирэнгүүтээ тусгай хайрцагт утсаа хийгээд, хичээл тарахаар аваад хэвшчихсэн. Эцэг, эхчүүд нь ч зөвшөөрөөд, яаралтай үед надруу мэссэж бичдэг. Би гар утсаа мөн сурагчидтай адил хайрцагт хийгээд завсарлагааны үеэр яаралтай дуудлага ирсэн эсэхийг шалгадаг. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлдээ суухаар гарсан хойгуур ангиас утас алга болох зэрэг тохиолдол гардаг байсан. Одоо бол утсаа дээрэмдүүлсэн, алга болгосон тохиолдол гарахгүй байгаа” гэв.

 

1.9 САЯ ОРЧИМ ХҮН УХААЛАГ ГАР УТАС ХЭРЭГЛЭДЭГ

 

        Интернэт, мэдээллийн технологийн хэрэглээ орчин үеийн хүүхэд залуучуудын өдөр тутмын амьдралтай шууд холбоотой. Мэдээллийн технологи бол тэдний ярих хэл, интернэт бол тэдний хөгжих, амьдрах орчин гэж хэлж болно. Иймээс хүүхдийг аль болох багаас нь мэдээллийн технологид бичиг үсэг тайлуулах, хэрэглээний соёлд дадлагажуулахын зэрэгцээ интернэтийн орчны сөрөг нөлөөллийг таниулах, хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал чухал юм. Манай улсын хувьд сонин, сэтгүүл, телевиз, радио, цахим хуудас зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, гар утас хэрэглэгчдийн тоо, интернэтийн хүчин чадал хурдтай нэмэгдсээр байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны тайланд интернэт хэрэглэгчдийн тоо 2014 оны байдлаар нэг сая 962 мянга болсноор өмнөх оныхоос 28 хувиар өсч, 2015 оны байдлаар нэг сая 900 мянга орчим хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь өмнөх оныхоос 56.4 хувиар нэмэгдсэн тухай мэдээлжээ.

 

Цахим хуудас, фэйсбүүк харилцаанд доромжилсон, айлган сүрдүүлсэн, танилцахыг санал болгосон, садар самуун, хүчирхийллийн агуулгатай мэдээлэл, зураг, сэтгэгдэл түгээмэл байгаа ба үүнийг хүүхдүүд “Хэвийн зүйл” гэж үзэх хандлагатай, түүнчлэн хүүхдийн сурлагын амжилтад гол сөрөг нөлөө үзүүлдэг зүйл нь ухаалаг гар утас, фэйсбүүк харилцаа болох нь судалгааны үр дүнгээс тодорхой харагдаж байгаа юм. Эдгээр тулгамдсан асуудлын шалтгаан нь хэвлэл, мэдээллийн талаарх иргэд, өсвөр үеийнхний мэдлэг, чадварын хангалтгүй байдал, интернэтийн хязгаарлалтгүй орчин дахь замбараагүй хэрэглээ, эрх зүйн хяналт, зохицуулалтын дутмаг байдлаас болж байна. Нэгэнт технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нийгэмд ухаалаг хэрэглээнээс татгалзах амаргүй. Гэсэн ч хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг аврахын тулд ямар нэгэн алхам хийхээс өөр аргагүй болоод байна.

 

Ц.Заяа

Монголын үнэн