Иргэд цалингаасаа сар бүр нийгмийн даатгалд шимтгэл төлдөг. Гэтэл Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ яагаад бага байна вэ. Энэ асуултыг өнгөрсөн хугацаанд олон хүн асууж хариулт авахыг хүссэн ч чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Яг үнэндээ манай улсад Нийгмийн даатгалын санд төвлөрч байгаа мөнгөний ихэнх хувь нь арилжааны банкинд хадгалагдаж, багахан хувийн хүүгээр арвижиж байгаа нь нууц биш. Хэрвээ бидний сар бүр нийгмийн даатгалд төлдөг мөнгөөр хөрөнгийн зах зээлд гүйлгээ хийдэг болчихвол одоо байгаагаасаа хэд дахин ашиг хүртэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөөр хувьцаа худалдан авах, хувийн компаниудад хөрөнгө оруулалт хийх зэрэг олон арга байдаг байна. Тэгвэл энэ удаа Нийгмийн даатгалын сангийн мөнгө яг юунд зарцуулагдаж байсан тухайсалбар яамны удирдлагууд нь хууль хяналтын байгууллага болон аудитийн шалгалтыг оруулж эхлээд байгаа билээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан юм. Тэрбээр “1995-2015 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл хэчнээн төгрөгийг, хэдэн хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад ямар хугацаатай хадгалуулж, харилцаж байсан бэ. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьсан конторын болон орон сууц, амралт, сувиллын зориулалтаар барьсан барилга байгууламжийн талаар, үүнд зориулсан хөрөнгө, бусад зарцуулалт”-ын талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Угтаа бол энэ удаагийн Засгийн газар нийгмийн даатгалын санд маш том хэмжээний шалгалт оруулж тус сангийн мөнгөн хөрөнгө яагаад багассан тухай хууль хяналтынхны олсон хөдөлшгүй баримтаар тогтоохоор боллоо гэсэн үг.
Мөн түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барагсдын нэрээр тэтгэврийн зээл авсан гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн гэмт этгээдүүдэд ял завших боломж олгож байсан юм. Тодруулбал, нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг зургаан тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болсон. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн эрх мэдэл бүхий этгээдүүд нь тогтоогдчихоод байхад яагаад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хаав гэхчилэн олон асуудал дахин хөндөгдөхөөр болжээ. Угтаа бол мөнгө идэж уусан нөхөдхуулийн ямар ч хариуцлага хүлээлгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Яг үнэндээ хууль хяналтынхан уг хэргийг анх сүр дуулиантайгаар нийгэмд тараасан хэрнээ яагаад ийнхүү хэргийг хаачихав гэдэг маш олон асуулт ирж байсан юм.
Нийгмийн даатгалын хөрөнгийг арилжааны банкинд байршуулаад түүнээсээ хүүгээ аваад орлого олох хууль эрх зүйн акц бий юу гэвэл байгаа. Гэхдээ гаргасан тодорхой хэм хэмжээ гэж байдаг учраас Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Капитал, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХААН банк, Чингис хаан банк гэх мэт долоон банкинд хадгалуулж буй юм.
Ямартай ч Нийгмийн даатгалын сангийн энэ оны аравдугаар сарын мэдээнээс үзэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа аж.
Угтаа бол нийгмийн даатгалд төлсөн татвар хэний халаасанд ордог вэ. Монгол Улсын хөгжил дэвшилд зориулагддаг уу. Аль эсвэл хэн нэгэн эрхмийн зугаа цэнгэл болоод дуусдаг уу гэх асуултын хариу тун удахгүй тодорхой болох нь. Монгол улсын иргэн Дорж та залуу наснаасаа эхлэн ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалд заавал даатгуулж насан туршийн амьдралын баталгаа болгох үүднээс сар бүр шимтгэл төлдөг учраас таны, миний төлсөн мөнгө хаана орж, юунд зарцуулагдагийг мэдэх ёстой гэсэн үг.

Эх сурвалж: