Өнөөдөр буюу 2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр “Хүүхдийн эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийн нээлт болж байна. Өнөө жилийн энэ өдрийг “Эхчүүддээ ойртож хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Хэдийгээр хүндрэлгүй төрсөн ч эхчүүд төрсний дараах долоо хоног эсхүл сарын хугацаанд эхийн сүүгээр хооллох үзүүлэлт, дадал тэр тусмаа эхийн сүүгээр дагнан хооллох нь эрс буурах хандлагатай байдаг байна. Эхчүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хандаагүй байх хугацаанд олон нийтийн дэмжлэг туслалцааны тогтолцоо зайлшгүй чухал. Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг байнга дэмжих олон арга зам байдаг. Гэр бүлийн түвшинд хэрэгжүүлэх уламжлалт аргууд ч байдаг ажээ. Хамгийн сайн дэмжлэг үзүүлэгчид бол мэргэшсэн эрүүл мэндийн ажилтан, хүүхдийг хөхүүлэх зөвлөгч, олон нийтийн удирдагч, аль хэдийнэ эх болсон найз нөхөд, хүүхдийн аав байдаг.

Эхийн сүү хүүхдийн биед шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, бичил тэжээлийг хамгийн зохистой харьцаагаар агуулсан байдаг бөгөөд хүүхдийн хэвийн өсөлт хөгжлийг зургаан сар хүртэл нь бүрэн хангаж чаддаг байна. Хүүхдийг хэдий чинээ ойр ойрхон хөхүүлнэ төдийн чинээ сүү сайн ордог. Хоногт арваас доошгүй удаа, ээлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдээ хөхөөр тогтмол хооллосноор эх хүүхэд хоёрын хоорондын холбоог бэхжүүлж, цаашид хүүхдийн зан ааш төлөвшихөд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөжээ. Түүнчлэн эхчүүдийн төрсний дараах цус алдалт, эхийг хэт ойрхон жирэмслэхээс сэргийлдэг төдийгүй эмэгтэйчүүд өндгөвч, хөхний хавдраар өвчлөхөөс зайлсхийдэг байна.

Хүүхдийг зөв хөхүүлж байгаа эсэхийг дараах байдлаар шалгана. Үүнд:

- Хүүхдийн ам том ангайж, уруул гадагшаа эргэсэн байх

- Хөхийг зөв амласан үед хүүхдийн уруул, буйл, хөхний толгойн эргэн тойронд буюу хөхний толгой, нөсөөт хэсэгт даралт үүснэ

- Хэл амны хөндийн доод хэсэгт байж, доод эрүүтэй хамт жигд хөдөлгөөн хийнэ

- Хүүхдийн хэл хөхний толгой, уруул хоёрын хооронд цухалзаж харагдана

- Хүүхэд удаан жигд хөхнө. Хөхөх үед залгих чимээ сонсогдоно. Эрүү хамрын үзүүр хөхөнд хүрсэн байна

- Хүүхдийг зөв байрлалд хөхүүлбэл эхийн хөх өвддөггүй байна.

Иргэд та бүхэн дараах цахим хаягуудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

http://www.facebook.com/breastfeeding.mon

http://twitter.com/Ehiin_Suu

http:/www.youtube.com/channel/UCWgbrhIhal3DsssNTGy8Jrg