Ардчилсан намын их хурал ирэх сард болно. Үүгээр намынхаа шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэх юм.

АН ҮЗХ-ны хурлаараа дүрмийн төслийг бэлтгэх ажлын хэсэг, их хурлаа зохион байгуулах ажлыг хэсгийг л байгуулсан. Харин намын дарга бол дараагийн асуудал хэмээн тэд үзсэн юм. Гэтэл зарим нэг нөхдөд намын даргын суудал хамгаас чухал бололтой. Даргын суудлын төлөө улайрч эхэлснээс нь харахад ойлгомжтой байна. Дарга болохын тулд Ардчилсан намын үүрийн дарга нарын холбоог байгуулж өөрөө тэргүүнээр нь сонгогдчихсон ажиллаж яваа гэнэ. Энэ эрхэм бол Г.Батхүү. Тэрбээр П.Цагаан, Ж.Батзандан шиг намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаагүй. Хэвлэлээр л намын даргад нэр дэвших нь гэсэн ганц хоёр мэдээ цацагдахаас цаашгүй байгаа Г.Батхүү далд байдлаар даргын эрх мэдлийг авахын төлөө шунаж эхэлжээ.

АН-ын дарга нар уг нь намын дарга дараагийн асуудал шүү, эхлээд дүрмийн шинэчлэлээ ярья гэсэн үг Г.Батхүүгийн чихний хажуугаар өнгөрчээ. Тэр намын үүрийн дарга нарын холбоо гээчийг байгуулж, үүрийн дарга нарыг удирдлагуудынхаа өмнөөс “сумлаад тавьжээ”. АН-ын үүрийн дарга нарын холбооноос намын дарга нартаа хандаж шаардлага хүргүүлсэн аж. Шаардлагадаа их хуралд үүрийн гишүүдийн төлөөллийг нэмж оруулах, намын даргыг бүх шатны гишүүдийн оролцоотойгоор сонгох, мөн их хурлыг хэвлэлээр шууд дамжуулах зэргийг дурьджээ. Намын үүрийн дарга нараа өөрийн талдаа оруулж чадсан түүний хувьд Ардчилсан залуучуудын холбоогоо 100 сая төгрөгөөр авчихсан гэж байгаа. Бүхнийг мөнгөөр үнэлдэг, мөнгөөр удирддаг, мөнгөөр шийддэг гэдэгт бат итгэсэн тэрбээр намын даргын суудлыг авах мөнгөө эхнээсээ цацаж эхэлсэн бололтой юм.

МоАН санаачилгыг байгуулж, намдаа эрх мэдлийг авах гэж оролдсон энэ нь амжилт олоогүй. Харин одоо бол намын дарга яригдаж байгаа дээр тэр хэдийг ч хамаагүй төлөөд эрх мэдлийг гартаа атгах нь түүнд чухал болоод буй аж. Иймдээ ч намын их хурлыг үүрийнхнээр дүүргэж, Ардчилсан залуучуудын холбооны залуусыг өөрийн талдаа урвуулж, Г.Батхүүг дэмжигчдийн багийг бүрдүүлж байгаа нь энэ аж. Энэ нь түүнд ашигтай учраас хэдийг ч зарцуулахад бэлэн байгаа гэнэ. Гэхдээ жинхэнэ утгаараа намынхаа шинэчлэлийг хийх чин хүсэлтэй АН-ын мянга мянган гишүүд Г.Батхүүгийн тархи угаалтад эрхбиш орохгүй байлгүй дээ. Намынхаа хэсэг гишүүдийг тэр “худалдаж авлаа” гээд дийлэнх олонхи гэж байгааг мартаагүй баймаар.