“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар тодорсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийн шагналыг нь гардуулан өгчээ. Энэ талаар Монгол HD телевизийг үүсгэн байгуулагч, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат твиттер хуудастаа “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100 сая төгрөгийг гардууллаа. Урлагийн тэнгэрт гялалзаж яваарай” хэмээн жиргэсэн байна.

О.Энх-Эрдэнийн хувьд Монголын орчин үеийн хөгжмийн урлаг төдийгүй дэлхийн урлагт хөл тавих боломж бий гэдэг нь өнгөрсөн хугацаанд үзүүлсэн үзүүлбэрүүдээр нь нотлогдсон билээ. “Түүний хоолой бол алт” гэдгийг шүүгч Чука дахин дахин онцолсон юм. Шүүгч Рокит Бэй О.Энх-Эрдэнэд “Заавал дэлхийд нэрээ гаргасан дуучин болоорой” хэмээн хэлсэн билээ.

Мөн тэрбээр тус шоуны шилдэг оролцогч, Б.Шижирбатыг АНУ-руу аялах эрхийн бичгээр шагнажээ. Тодруулбал, “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа. Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.