“Хамгийн баталгаатай эргэн төлөлттэй зээл бол ипотекийн зээл” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тодотгожээ. 

Тэрбээр “Ипотекийн хөтөлбөр үргэлжилнэ” хэмээн мэдэгдэв. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг дэмжиж ажиллана гэдгээ төв банкны ерөнхийлөгч онцолж байна. Ипотекийн хөтөлбөрт он дуустал нийтдээ дөрвөн их наяд төгрөгийн эх үүсвэрийг Монголбанк гаргаж буй. Үүний эргэн төлөлт, хүүгийн төлбөр нийлээд ойролцоогоор сар болгон 25-30 орчим тэрбум төгрөг төв банкинд орж байгаа аж. Энэ мөнгийг ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулж байна.

Орон сууцны зээлтэй иргэдийн тоо 88.5 мянгад хүрэв

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгосноор иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлал руу шилжинэ. Иргэдийн хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн ил тод, тунгалаг байдал бүхэлдээ сайжрах төсөөлөл бий. Үүний дүнд манай улсын нийгмийн даатгалын сангийн хуримтлал өснө. Энэ бүхэн нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлж, улс орны хэмжээнд хуримтлал нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд түлхэц болох юм.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг санхүүжүүлж буй. Энэ нь дунд болон урт хугацаанд ипотекийн зээл тогтвортой хэрэгжих илүү сайн нөхцөл болж байна.

Өмнө нь шинэ эх үүсвэр гаргаж мөнгө нийлүүлдэг байв. Харин одоо орж ирсэн мөнгийг нь буцаагаад өгч байгааг дуулгая. Тухайлбал, энэ сард ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 35 тэрбум төгрөг төвлөрөх нь. Үүгээр сар тутам ипотекийн хөтөлбөрөө санхүүжүүлэх боломжтой аж. Ипотекийн хөтөлбөр ид хэрэгжиж байх үед сар тутам 60-аад тэрбум төгрөг гарч байжээ. Харин найман хувийн хүүтэй зээлийн эрэлт тогтворжсон энэ үед 30- 35 тэрбум төгрөг боломжийн хувилбар гэж төв банк үзлээ.

Банкуудын ипотекийн зээлийн тайланг мягмар гарагт Монголбанкнаас танилцууллаа. Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сард 1072 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Ингэснээр нийт зээлдэгчийн тоо 88.5 мянгад хүрэв. Тайлант сард зээлийн үлдэгдэл 3.9 тэрбум төгрөг болжээ. Үүний 3.8 тэрбумын зээл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”- ийн зээл юм.

Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг санхүүжүүлж байна

Тухайн сард олгосон зээлийн дундаж хүү 9.2 хувьтай тэнцжээ. Хугацаа болон чанаргүй зээлийн үзүүлэлт ипотект маш бага хувийг эзэлдэг. Өнгөрсөн сарын байдлаар тус зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.1 хувьд хүрэв. Харин чанаргүй зээл үүнээс гурав дахин бага хувийг эзэлжээ. Сар тутам олгож буй ипотекийн зээлийн мөнгөн дүн, тоо хэмжээ харилцан адилгүй байгаа. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт өмнөх сартай харьцуулахад 0.6 нэгж хувиар буурчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.9 нэгж хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн эрэлт, нөгөө талаасаа банкны шалгуур хангах зээлдэгч ховордсоныг дээрх үзүүлэлт илтгэнэ.

  • Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгосноор иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлал руу шилжинэ.
  • Энэ оны арваннэгдүгээр сард 1072 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 88.5 мянгад хүрэв.
  • Тайлант сард ипотекийн зээлийн үлдэгдэл 3.9 тэрбум төгрөг болов. 

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарах болсон нь валютын зээлтэй иргэдэд хүндрэл үүсгэж буй. Өнгөрсөн сарын байдлаар уг зээлийн үлдэгдлийн 99.8 хувь нь төгрөгийнх. Үлдсэн хувийг валютын зээл бүрдүүлж байна. Тайлант сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 86.5 хувиар өсчээ. Гэвч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурсан дүнтэй харагдаж байна. Харин тухайн сард 36.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Мөн үлдэгдлийн 76.9 хувийг Улаанбаатар хотод олгосон зээл бүрдүүлж байна. Монголбанкнаас сар тутам ипотекийн зээлийн явцын тайланг мэдээлж ирсэн. Энэ сарын тайланг ирэх оны эхний сард олон нийтэд мэдээлэх юм.

Б.Тулгат

Засгийн газрын мэдээ