Монгол Улсын 17 дахь ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуайтай уулзаж улс төр, нийгэм эдийн засгийн зарим сэдвээр ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засаг сайнгүй байна. Дампуурал зарлах хэмжээнд ч очиж магадгүй гэж эдийн засагчид анхааруулж байна. Үүний үндсэн шалтгааныг та юунаас хамаарч байна гэж харж байна вэ?

- Манай улсын эдийн засаг ерөнхийдөө зогсонг төлөв байдалд орж, гүнцгий хямралд өртөж байна. Эдийн засгийн асуудлыг нэг талаас нь харж болохгүй юм. Мал нь өсөөд, тариа ногоогоо хураагаад, монголчууд хоол хүнсээр хангагдаж амьдрах баталгаа нь сайжирч байгаа ч гэсэн нөгөө талаар өр төлбөрөө дийлэхээ болиод үндэсний дамбуурлын ирмэгт очлоо. Олон улсын байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг С ангилал болголоо. Энэ бол монголын түүхэнд тохиолдолдож байгаа хамгийн хүнд үе болж байна. Ийм байдалд орсон нөхцөлд төр засгаасаа эхлээд ард түмэн нь гарах гарцаа зөв олох, тэвчиж туулах арга замаа бодох ёстой. Харамсалтай нь одоогийн төр засаг маань өвчнийг улам даамжруулах чиглэлээр ажиллаж байна гэж боддог. Монгол орон чинь буддын соёлтой орон. Буддын сургаальд “Зовлонгоос ангижирья гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж сургадаг нь хамгийн энгийн мөртлөө үнэн зүйл шүү дээ. Гэтэл хямралын шалтгааныг олж чадахгүй мухардалд ороод байна. Эдийн засаг хямарч буй шалтгаан нь юунд байна гэхээр миний бодоход гурван зүйл байна.

Баялгийн эзэн байж эзэмшихийн оронд баялгийг гадныханы гарт өгсөнөөс болоод уул уурхай, эрдэс баялгийн нөөц монголд үр ашигаа өгөхгүй байна. Жишээлбэл, Оюутолгой гэхэд жилд гурван тэрбум долларын экспорт хийж байна. Монголд 10 хувь нь л орлого болж орж ирээд бусад нь гадны хөрөнгө оруулагчдын ашиг болж байна. Монгол зөвхөн зэс гаргасан гэсэн тоо бариад л хоцорч байна. Үйлдвэр хөгжиж байна, гадаад худалдааны тэнцэл сайжирч байна гэж ярих ч доллар орж ирэхгүй байна. Валютын нөөц ховордоод, ханш унаад, бүтээгдэхүүний үнэ өсч олон түмний амьдрал хэцүүдлээ. Нэгдүгээрх шалтгаан нь энэ юм.

Хоёрдугаарт сүүлийн 10-аад жилийн турш голдуу уул уурхайг хөгжүүлэх бодлогыг түлхүү явуулж ирлээ. Уул уурхай гэдэг бол хамгийн тогтворгүй зах зээлийн салбар. Үнэ нь олон жилийн дунджаасаа 100 хувь өсч болно, доошоогоо 50 – 60 хувь ч унаж болдог салбар. Тэгэхээр уул уурхайн үнэ унасан энэ үед эдийн засгаа даахгүй байна л даа. Гурав дахь шалтгаан нь төсвийн дарамт маш их байна. Эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсөв баталдаг. Монголын төсвийн уутны ам тоссон аж ахуй нэгжүүд их олон болж байна. Тендер авна, үнэ өртөгөө нэмнэ. Төсвийн зардалаа нэмсээр байгаад ийм байдалд хүргэлээ. 2001 оны төсөв 380 тэрбум төгрөг байсан. Тэгэхэд одоо 8 их наяд төгрөгийн зарлагатайгаар батлагдах жишээтэй. Энэ хооронд маш их үнийн хөөрөгдөл бий болсон байна. Энэ гурван хүчин зүйлээс болж эдийн засгийн доройтолд орлоо. Ер нь төрийн бодлого төөрсөн явдалд улс орны хувь заяа төөрдөг гэдэг. Хамгийн харамсалтай нь Монгол Улс түүхэндээ байгаагүй их өрийн дарамтанд ороод тэрнийгээ төлөх ямар ч боломжгүй байдалд орчихлоо. Үүний улмаас монгол үндэстэн гуйлгачны дүрд хувирч үндэсний дампууралд орох хэмжээнд очлоо. Дампуурал, дефолт гэж мэргэжлийн талаас нь нэрлэдэг дээ. Дефолт зарлах хэмжээний байдал бодитой нүүрлэлээ гэж хэлж болох байх аа.

- Энэ хүндрэлээс хэрхэн гарах арга зам байна вэ?

- Гарах арга замын талаар яривал их зүйл бий. Гарах арга замыг хоёр хувааж үзэж болно. Эдийн засгийнхаа дүрийг өөрчлөх хэрэгтэй байна. Бид уул уурхай гээд байдаг. Гэтэл нөгөө талдаа хониныхоо ноосыг талд овоолоод хаяж байна шүү дээ. Хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулах үйлдвэрээ дэмжээд явсан бол ажлын байр  нэмэгдэнэ. Нөөц их бий шүү дээ. Бид 70 сая малтай улс. Аймаг бүрт махыг өндөр технологиор боловсруулах жижиг үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнээ гаргах юм бол хэрэглэгчиддээ сайн чанарын бүтээгдэхүүн өгөөд зогсохгүй гадаад зах зээлд ч гарах боломжтой болно. Нөгөө талаас байгаа нөөц бололцоогоо зөв юманд зарцуулах хэрэгтэй. Тухайлбал Хөгжлийн банкны шугамаар авсан Чингис бондын хэдэн тэрбум долларыг үр өгөөжгүй зарцуулалт хийж хаяад төлбөрийн чадваргүй болж байна. Ямар ч хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үр ашгийг нь тооцоод эргүүлээд өөрийнхөө орлогоор зээлээ нөхөх чадвартай байх ёстой. Гуравдугаарт Монголын эдийн засаг импортоос маш их хамааралтай байна. Жишээлбэл, газрын тосны жилийн хэрэгцээ гэхэд тэрбум доллар давсан байна шүү дээ. Гэтэл бид газрын тосныхоо олборлолтыг гадны компанид өгчихөөд өөрсдөө гаднаас “ногоон”-оо өгч шатахуун авч байна. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож сэргээх ёстой. Өөр нэг зүйл нь хөрөнгө оруулалтаа үр ашиггүй баахан барилгад оруулсантай холбоотой. Улаанбаатарт олон өндөр замхагууд офиссын чиглэлээр баригдсан. Энэ барилгууд чинь доллар оруулж ирэхгүй шүү дээ. Барилга барихад хугацаа их шаарддаг. Дуусаагүй барилгад мөнгөө түгжих аюул байдаг. Одоо манай байшингийн зүүн талын барилгыг 10 жил барьж байгаа. Энэ мэт олон барилга бий. Ингээд барилгад мөнгөө түгжээд хаячихаар нэг талдаа ажил яваад байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа өгөөж байхгүй. Барилгын салбараас үүдэлтэй эдийн засгийн хямрал бий болсон.

 

"С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг ингэж шийдэж байгаа нь өөрөө гэмт хэрэг байж магадгүй" 

 

- Ардчилсан нам оны өмнө намын их хурлаа хуралдууллаа. Та АН-ыг шинээр үүсгэн байгуулалцсан гол хүний нэг. Нам шинэчлэгдэх тухай ярьж байна. Та энэхүү үйл явц, процессийг хэрхэн ажиглаж байна вэ?

- АН Монголын ардчилсан хувьсгалын үзлийг үүсгэж, олон түмнийг уриалан босгосон улс төрийн хүчний хувьд асар их хариуцлага хүлээдэг л дээ. Өнгөрсөн 25 жилийн түүхийг харахад малчид маань малаа хувьчилж авлаа, хотынхон нь орон сууцтай, дэлгүүр нь бараа таваартай болсон байна. Монголчууд дэлхийн улс оронд чөлөөтэй зорчих эрхтэй боллоо гээд олон сайн юм бий. Гэтэл нийгэм цаашаа яаж явах вэ гэхээр ардчиллын эхний тунхагийн хүрээнд тавьсан зорилтоор шийдэгдэхгүй. Орчин үед зөрчилтэй дэлхий ертөнцөд Монголоо яаж авч явах вэ гэдэг үзэл бодлоор тодорхойлогдоно. Үндсэндээ 2008 оны сонгуулиас хойш АН-ын улс төрд гүйцэтгэх үүрэг гуйвч, доройтож ирсэн. 2008 оны цуст үйл явдалын дараа АН, Ардын намтай нийлж Засгийн газар байгуулсан. Түүнээс хойш бэлэн мөнгөний амлалт, хувьцааны амлалт гээд хуурч мэхлэхэд хамтарч оролцоод тэр амлалт нь биелээгүй явж байна. Ард түмэн ойлгож байсан. АН-ын тавьсан зорилт, ярьж буй зүйлийг хэрэгжүүлэхэд бэрхшээл учир ч байгаа зүйл бий гээд 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-д нэлээн түлхүү санал өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч АН ялалт байгуулсан. АН төрийн эрх мэдлийг бүрэн авсан. Энэ үедээ бид яах ёстой вэ гэдгээ эрүүл ухаанаар харах ёстой байсан. Гэтэл 2012 – 2016 онд АН түүхэнд байгаагүй алдаатай алхам хийсэн. Монгол орон эдийн засаг тусгаар тогтнолоо бүрэн алдлаа. Монгол өр зээлэнд баригдаж, гуйлгачин болох үндэсний дампуурлын ирмэг дээр тулж ирээд байна. Гуравт АН төр барих ухаан чадвар дутаж байна. Худлаа хуурамч амлалт өгөх, эрх мэдэлтнүүд түүний дотор олигарх эрх мэдэлтнүүдэд үйлчлэх бодлого явуулж ирсэн. АН-ын 7, 8 фракцийн толгой дээр том хөрөнгөтэй бүлэглэлүүд сууж байдаг юм шүү дээ. Тэр ч байтугай Эрдэнэтийн үйл явдал, Оюутолгой, Тавантолгойн үйл явдалаас харахад Монголын улс төрд зөвхөн олигарх бүлэглэлээс гадна марфоз маягийн бүлэглэлийн сонирхол илэрхий орж ирлээ. Энэ бол Монголын эрх ашигт маш хүндээр тусна.

Ийм нөхцөлд АН цаашид яаж явахаа дүгнэлт хийх хатуу шаардлагатай тулгарсан. Нөгөө талдаа сүүлийн жил гаруйн хугацаанд гадаад орнуудын улс төрийн амьдралд доргилт бий боллоо шүү дээ. Үүнийг гадныхан улс төрийн тектоник өөрчлөлт гэж нэрлээд байгаа. Соёл иргэншлийн мөргөлдөөн бий болж байна. Дэлхийн гуравдугаар дайн холимог дайны хэлбэрээр эхэлчихсэн явж байна. Ийм нөхцөлд бодох юм их байсан. Гэтэл чадаагүй. Энэ бүхний өр төлөөсөнд өнгөрсөн сонгуульд АН-ынхан бага суудал авсан. Ардын намынхан их суудал авдаг нь сайндаа авч байгаа юм биш. Сонгуулийн үед АН тактикийн алдаа гаргасан. Эрдэнэтийн асуудлаас болоод сонгуулийн үйл явдалыг нэг нам руу санал өгөхөд хүргэсэн. Энэ байдалдаа АН дүгнэлт хийх цорын ганц даалгавар нь их хурал байсан. Гэтэл их хурлаараа үзэл бодлоо ч хэлэлцэж чадсангүй, өөрсдийнхөө алдааг ч ойлгосонгүй. Өөрсдийнхөө алдааг ойлгоогүй бол цаашаа явах замаа олохгүй.

- Одоо АН даргаа шинээр сонгохоор сунгаагаа эхлүүлчихсэн явж байгаа?

- Харамсалтай нь намын даргаа хуучин үзэл бодлынхоо хөрсөн дээр сонгон шалгаруулах шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар таван хүн явж байна. Таван хүнийг тавууланг нь мэднэ. Нэр дэвшигч дотор С.Эрдэнэ гэдэг хүн бол 90 оноос хойш Ардчилсан холбоогоор дамжаад тэдэнтэйгээ л явж байгаа хүн. Д.Эрдэнэбат МҮДН гээд хуучин үндэсний дэвшил нам, Н.Алтанхуяг бол Социал демократ нам талдаа явж байсан хүн. Л.Гантөмөр манай энэ 74 дүгээр тойргоос хоёр удаа сонгогдож байсан. Ж.Батзанданг бол олон түмэн Иргэний хөдөлгөөний намаас гарч ирсэн түүхээр нь мэдэх байх. Аавын хүү хэн ч байсан улс төрд оролцох эрхтэй гэсэн талаас нь харвал байж болох л юм. Гэхдээ Монгол орны улс төрийн амьдралын одоогийн нөхцөл байдал талаас нь авч үзэх юм бол хариуцлагатай алхам. Нэг зүйлийг боддог юм. Мял Богдын сургаальд байдаг юм даа. “Өөрөө хаашаа одохыг үл мэдэх атал өөр бусдын замыг заагч тэр этгээд өөрт хийгээл бусдад хорлогч мөн” гэж. Ийм байр суурин дээр оччихвий гэж бодох юм. Одоогийн улс төрийн хүчнүүд, улс төрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан зүтгэлтнүүд нь өөрийнхөө хийсэн гэм бурууг бусдад тохох, бусдаас хайх нь элбэг болж дээ. Миний харахад АН ийм л замаар орлоо.

 Н.Алтанхуягийн хувьд Ерөнхий сайд байсан, олон удаа сайд байж үзсэн хүн. Ерөнхий сайд болохынхоо өмнө Оюутолгойн гэрээг байгуулахад Ардын намынхантай нэг команданд байсан шүү дээ. Энэ үеийн бүх алдаа завхарлын хариуцлага зайлшгүй Н.Алтанхуягтай яригдах ёстой. Гэтэл өнөөдөр “Би ерөнхийлөгч болно. Би намын дарга болно” гэнэ. Харахад албан тушаалын нэлээд том донд хөтлөгдөж байх шиг байна. Нөгөө талдаа Н.Алтанхуягийн Засгийн газарт байсан хүмүүс бүгдээрээ л Оюутолгойн шийдвэр гаргахад, Дубайн гэрээ байгуулахад, Чингис бондыг зарцуулахад хамт дэмжиж гараа өргөж байсан л нөхдүүд шүү дээ. Энэ хүмүүсийн хувьд улс төрийн хариуцлага гэж байдаг бол ямар нэгэн хэмжээгээр түүнийгээ ойлгодог бол нам удирдаад явна гэхэд харамсалтай л санагдаж байна. Ер нь улс төрийн мухардалд орсон нөхцөлд АН-ыг үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй, Монголын орчин үеийн нөхцөл байдлыг ойлгодог, мэдлэгэ ухаан, боловсрол эзэмшсэн тийм хүн л өөд татаж гаргах байх.

АН-ын дотоод зөрчил, фракц бүлэглэлд оролцож явсан аль нэг хүн өөрчилж чадахгүй. Үүнийг цоо шинээр түрж гарч ирсэн залуу хүн л шинэчлэлийг хийж чадах байх гэж хардаг юм.

-Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал боллоо. Гэмт этгээдүүдийг хуулийн байгууллага олж тогтоосон гэж үзэж шүүх гурван хүнд хорих ял оноосон. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой ч олон түмэнд итгэл төрүүлэхгүй байна л даа? Хэлмэгдүүлэлт болчихлоо гэж харж байна?

- С.Зоригийнх чинь манай баруухан талд 100 метрийн цаадах  байшинд амьдарч байсан шүү дээ. С.Зоригийг би хүүхэд байхаас нь мэднэ л дээ. Энэ хүнийг хороосон явдал бол ирээдүйн монголын улс төрчийг хороосон, тэр үеийн ардчилсан хүчинд цохилт өгсөн маш хүнд хохирол учруулсан гэмт хэрэг болсон. Түүнээс хойш арван хэдэн жил өнгөрлөө. Олон янзын хувилбар ярьж, хүн итгэхийн аргагүй хувилбар гаргаж байсан. Энэ хэргийг сая шийдэх шиг боллоо. Хэргийг шүүх явцын мэдээлэл олон түмэнд хомс байлаа. Түгээж байгаа мэдээллээс харахад Зоригийг хөнөөсөн гэмт этгээд гэж тэр үед 17 настай байсан хөдөөний нэг хүүхэдэд тохож байна л даа. Энэ хэрэг бол улс төрийн хэрэг биш ээ, ахуйн гэмт хэрэг гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлэх эцийн зорилготой байх л даа. Миний бодоход монголчуудыг доромжилж болохгүй. Монголын түүхийг доромжилж болохгүй ээ. Монгол орон тусгаар тогтнолоо олох эхний алхамаа хийж байсан 20-р зууны эхэн үеэс хойш миний мэдэхэд Монголын 11 ерөнхий сайд гадныхны гарт амиа алдаж явсан юм шүү дээ. Тэгээд бодоход би ийм асуудалд болгоомжтой, хардлагатай ханддаг юм уу даа гэж өөрийгөө боддог юм. Ингэж бодоход энэ хэргийг ингэж хөнгөн үзээд шийдсэн нэр зүүгээд өнгөрч байгаа нь өөрөө гэмт хэрэг байж магадгүй.

 

Т.Амараа

www.zindaa.mn