Цагаан тахал гэгдэж буй хар тамхины хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаа. энэ төлийн гэмт хэрэгт тодорхой хэмжээгээр нөлөөлөх мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал Монгол улсын 15 000 орчим га талбайд ургаж байна. Үндэсний эмгэнэл болж мэдэхээр хар тамхитай холбоотой тоо баримтуудыг хүргэж байна.

  Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр 2014 онд Цагдаагийн ерөнхий газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн хамтарсан судалгаагаар мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болох намуу, зэрлэг олс, зээргэнэ, лантанз зэрэг 9 овог, 11 төрөлд хамаарах 18 зүйл ургамал нь манай улсын 14 аймгийн 49 гаруй сумын нутаг дэвсгэрт 15,000 орчим га талбайд ургадаг гэсэн тооцоог гарсан байна. 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мансууруулах, донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамлыг устгахад нэг га талбайд гарах зардлыг механик аргаар 53,300 төгрөг, химийн аргаар 40 300 төгрөг буюу байхаар тус тус тооцон гаргажээ. Өөрөөр хэлбэл энэ тооцоогоор энэ төрлийн ургамалыг устгахад нэг жилд 64 500 000 - 79 950 000 төгрөг шаардлагатай байна.  Гурван жил дараалан  устгавал 193 500 000-239 850 000 төгрөг шаардлагатай аж. Учир нь энэ төрлийн ургамал нь нэг наст ургамлын төрөлд багтдаг бөгөөд энэхүү ургамлыг үрээ цацахаас өмнө буюу 5, 6 дугаар сард 3 жил дараалан устгавал бүрэн устах боломжтой. Энэ дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан бөгөөд дүгнэлтийг үндэслэн мансууруулах болон донтуулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж бэлтгэх эрсдэлтэй 500 орчим га талбайг сонгон авч 2013 онд орон нутгийн цагдаагийн газрын хөрөнгөөр, 2014, 2015онд Хууль зүйн яамны /хуучин нэрээр/ дэмжлэгтэйгээр устгах арга хэмжээг зохион явуулснаар талбайн хэмжээ 157 га орчим болон багассан, зарим газарт устаж үгүй болсон, тархац багасаж, сийрэгжсэн үр дүн тус тус гарсан байх юм.

Цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзвэл БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд азийн орноос гэсэн 3 урсгалаар амфетамин, метамфетамины төрлийн болон мансууруулах ургамлын гаралтай бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, зарж борлуулсан гэмт хэрэг, зөрчил ихсэж байна. Одоогийн байдлаар БНХАУ-с ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс  болон мансууруулах ургамлын гаралтай шавар,  ОХУ-с сэтгэцэд нөлөөт анданте зэрэг эм хууль бусаар нийлүүлэгдэх болсон.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлээр сүүлийн арван жилд /2006- 2016 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196 дугаар зүйлд заасан /мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх/ гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан бөгөөд дээрх бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттай үйлдэж байна.

Уг гэмт хэргийн нөхцөл байдлыг сүүлийн гурван жилээр харьцуулж харахад:

  • 2014 онд гэмт хэрэг 69,4 хувь, холбогдогч 45.5 хувиар,
  • 2015 онд гэмт хэрэг 29.5 хувь, холбогдогч 17.4 хувиар өссөн,
  • 2016 онд гэмт хэрэг 24.0 хувиар, холбогдогч 30.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Насны байдлаар авч үзвэл 18 нас буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19- 25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар тус тус өсчээ.

Улсын хэмжээнд 2014 онд каннабис 13841 гр, гашиш 15,5 гр, мөс 140,8 гр, 2015 онд каннабис 9808,2 гр, гашиш 24,5 гр, мөс 344,2 гр, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 2331 ширхэг, экстази 4 ширхэг, 2016 онд каннабис 10816 гр, гашиш 89,9 гр, кокаин 0,4 гр, мөс 626,5 гр, мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм 654 ширхэгийг эд мөрийн баримтаар тус тус хураан авчээ,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэсэн байдлыг харахад 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар нийт 131 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, 189 шүүгдэгчийг гэмт буруутайд тооцон, баривчлах болон хорих ялаар шийтгэсэн байна.

Гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай улсын 117 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус тухайн орны шүүхээс ял шийтгэгдсэн бөгөөд 2016 оны эхний 10 сарын байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдаж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсч байгаа нь хэд хэдэн үндсэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал манай орны зарим нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн ургамал ургадаг, түүнийг хүүхэд, залуучууд бие биеэсээ сонсох, даган дуурайх, цахим сүлжээнд энэ төрлийн мэдээлэл хяналтгүй цацагдаж байгаатай холбоотойгоор төрөл бүрийн эх сурвалжаас буруу, ташаа мэдээлэл, үлгэр дууриал авах хандлага их байна. Жишээлбэл: тухайн бодисыг хэрэглэсэн тохиолдолд таашаал авдаг, өвчин шаналлаа мартдаг, урлагийн онгод ордог гэх мэтээр ташаа мэдээлэл их авч байна.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг жил ирэх тусам өссөн нь геополитик, нийгэм эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, хяналт шалгалт, эрх зүйн орчин, иргэдийн эрх зүйн боловсрол муу байгаа зэргээс шалтгаалж байгаагаас гадна үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх төрийн цогц ажиллагаа, нэгдсэн бодлого дутагдаж байна.

Нөгөө талаас хүн хүч хомс байна. Тухайлбал, Өнөөдрийн байдлаар мэргэжилтэн, боловсон хүчнийг Хууль сахиулахын их сургуулийн бакалаврын сургалтаар бэлтгэж байгаа бөгөөд 2015 онд Эрүүгийн цагдаагийн газрын бүтэц, орон тоог өөрчлөн баталж, тус газарт Хар тамхитай тэмцэх хэлтсийг дарга 1, тасгийн дарга 2, ахлах төлөөлөгч 8, төлөөлөгч 4, ахлах мөрдөн байцаагч 3, мөрдөн байцаагч 2 нийт 20 орон тоотойгоор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Дээрх алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ЦЕГ-ын сургалт дадлагын төвд сургалт зохион байгуулахын зэрэгцээ гадаад улс орнуудаас мэргэжилтэн урьж алба хаагчдыг мэргэшүүлэх, Тайланд, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжян Уйгур, ӨМӨЗО, Филиппин, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг улс оронд алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг тус тус зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд АНУ-д үйлдвэрлэсэн, хар тамхи, мансууруулах бодис шээснээс илрүүлэгч тест, богино хугацаанд танигч ТЯШАЯС маркийн багажийг ашиглаж байгаа ч, сүүлийн үеийн лабораторийн аргаар боловсруулсан мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг илрүүлэхэд техник, технологийн хувьд шаардлага хангахгүй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хар тамхи, мансууруулах бодис шинжлэх химийн лаборатори ажиллаж байгаа бөгөөд уг лаборатори нь эрхлэгч-1, ахлах шинжээч-2, шинжээч-2, лаборант-1 орон тоотойгоор хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан байгалийн болон нийлэг гаралтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисод шинжилгээ хийж, холбогдох дүгнэлтийг гаргаж байна. Харин хүний биологийн материал болох үс, цус, шээс, хумсанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийх техникийн боломжгүй бөгөөд зориулалтын багаж, тоног төхөөрөмж шаардлагатай байна. Тиймээс олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, гадаад улсад сургах, нарийн мэргэшүүлэх, шаардлагатай орчин үеийн техник, багажхэрэгслээр хангах, хэрэглэгч, донтогчдыг эмчлэх, туслалцаа үзүүлэх, эмчилгээний арга зүй, стандарттай болох, мэргэшсэн эмч ажилтан бэлтгэх, зориулалтын наркологийн төвийг байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг хаана хаанаа анхаарахад илүүдэхгүй.

М.Мөнгөн