Х.МОНГОЛХАТАН

Агаарын бохирдлыг бууруулах оновчтой арга олж, төсөл хэрэгжүүлэхээр яваа түүхч, зохиолч М.Тогмидтой ярилцлаа.

-Агаарын бохирдлыг бууруулах шинэ боломжийг судалсан гэж байна. Тэр тухайгаа яриач?

-Манай улсын нийслэл агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Энэ бол эмгэнэл юм. Хүн бүхэн санаа зовж, ярьж хэлж байна. Төр засаг арга хэмжээ авах гэж зуух, сэнс гээд янз бүрээр үзэж байгаа ч үр дүн алга.

Би хотын иргэний хувьд санаа зовж 2004 оноос судалгаа хийж эхэлсэн. Тэгээд хотыг утаанаас салгах хамгийн сайн аргыг бодож олсон. Энэ бол салхины хонгил гаргах юм. Хотын салхины тухай ямар ч цаг уурын байгууллага судлаагүй, мэргэжилтнүүд нь мэдэхгүй байгаа юм. Гэтэл хотын салхи тэр дундаа Улаанбаатарын салхи өвөрмөц. Шөнө нь хөндийгөөр уруудаж салхилдаг. Өглөө нь нар туссан хойно эргээд хөндийгөө өгсөөд салхилдаг. Гэтэл Улаанбаатар гурван мухар хөндийн аман дээр байгаа юм. Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Бэлх, Сэлхийн мухар хөндийд өглөөний утаа нь бүтэн өдөржин хургадаг. Харин шөнийн утаа гурван цаг үргэлжлээд хөөгдсөөр Төв аймгийн Лүн сум ордог юм билээ. Надад салхи хэмжих багаж хэрэгсэл байхгүй учир би зөвхөн салхилж байгаа чигийг нь тогтоож чадсан.

-Та ганцаараа энэ судалгааг хийж төслөө бичсэн хэрэг үү, мэргэжлийн хүмүүстэй хамтарсан уу?

-Би мэргэжлийн хүмүүстэй хамтарч энэхүү судалгааг хийсэн. 2014 онд Инженерүүдийн зөвлөгөөнөөр энэ судалгаа, төслийг маань хэлэлцээд хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж сайшаасан. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг намайг хүлээн авч уулзаад утааг шийдэх төгс арга юм байна гээд ажлын хэсэг гаргасан. Гэтэл ажлын хэсэг нь тодорхойгүй шалтгаанаар огт ажил хийгээгүй.

-Таны төсөлд хотын салхийг хэрхэн ашиглах юм бэ?

-Толгойтын зүүн, баруун даваа, Гүнтийн, Хужиртын, Хандгайтын, Шижирийн гээд олон даваа хотод бий. Энэ дундаас салхины хонгил гаргахын тулд Толгойтын зүүн давааг сэтлэх юм. Яагаад гэвэл салхи шууд Баянхошуу руу орно. Өвлийн цагт Рашаантын хөндийд маш их агаар мухардаад цугларч байдаг юм. Жаахан хэсэг нь Сонгинохайрхан уулын наагуур хотод орж ирдэг. Энэ агаарын урсгалыг Толгойтын зүүн салаагаар оруулж ирэх хэрэгтэй байна. Ийм учраас энэ хөтлийг сэтлэх нь чухал. Энэ ганц хөтлийг сэтлэх маш амархан. Харин Хайлаастыг цаашаа хонгил болгож болох юм гэж Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэлж байсан.

-Энэ хөтлийг сэтэлснээр ямар үр дүн гарах бол?

-Энэ хөтлийг сэтэлснээр их хөрөнгө мөнгө зарахгүйгээр 10-аад том асуудал шийдэж болно. Тухайлбал, хурдны зам тавигдана. Ингэснээр энэ хоосон хөндий рүү Улаанбаатар хот өргөжин тэлнэ. Зам дагаж хөгжил шүү дээ. Хандгайт, Санзай руу энэ хурдны замаар явна. Морь барианы газар руу ч энэ замаараа давхина.  Дөрвөн эгнээтэй, төмөр замтай, дугуйн замтай, ердийн хөсгийн замтай зураг төсөл гаргасан байгаа.

Энэ хөндийг сэтлэхэд төвөггүй. “Цэвэр агаар сан” манай төслийг дэмжиж тооцоогоо хийгээд ир гэсэн юм. Гэтэл намайг компани биш гээд тооцоо хийж өгөх газар олдоогүй. Би уг нь санаагаа л өгч ажил хэрэг болгох хүсэлтэй байгаа юм. Түүнээс өөрөө удирдаад, тооцоо гаргаад, хөрөнгө мөнгө авах гээгүй юм.

-Нэгэнт хувь хүнд хаалттай юм бол та өөрийн санаачилсан төслөө ажил хэрэг болгохын тулд компани байгуулж юм уу, хамтарч болоогүй юм уу?

-Бид ярилцаад саяхан “Хотын салхи” гэдэг Төрийн бус байгууллага байгууллаа. Ерөөсөө ажлаа эхлэе, хөрөнгө босгоё, хүрз жоотуу бариад сэтэлж эхлэхээр болж байна. Уг нь доошоо 150 метр гүн, дээрээ 75 метр хөтөл л сэтэлнэ шүү дээ. Эдийн засгийн хувьд их мөнгө орохгүй.

Энд зөвхөн түлшний утаа яриагүй. Тоос, тоосонцор, үнэр, угаар, ердийн утааг агаарын урсгал хөөх юм. Бохирын муухай үнэр ч алга болно. Айлын хаалга, цонх нээлттэй байхад 10 хүн тамхи татсан ч үнэр нь гардаг шүү дээ. Түүн шиг хотын утаа салхинд хөөгдөөд явах юм. Агаарыг сэлгэх 3-5 м/сек салхи байхад л болно. Туулын хөндийг Их нууруудын хөндий рүү шууд холбох нь байгалийн хууль. Хотын салхийг манайд судалсан бол байшингуудаа хааж биш дагуу барих байж. Гадаад улс орнуудад барилгаа хүртэл салхиндаа тохируулж барьдаг юм билээ.

-Гэр хороолол байсан цагт хот утаанаас салахгүй гэдэг шүү дээ?

-Үүнийг шийдэх нэг арга бий. Нэг хашаанд байгаа 2-3 айл нэг яндантай болох юм. Энэ технологийн зураг төслийг би бас нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан. Бүр нарийн зураг гаргаад гудамжиндаа нэг яндантай ч байж болно. Газар доогуур халуун утаа нь гүйгээд бусад айлаа халаагаад яндангаар гарахдаа хүйтэн болсон байна. Манайхан өндөр үнэтэй мод, нүүрс түлээд гарч буй халуун утааг ашигладаггүй. Энэ аргыг хэрэглэж эхэлбэл халуун утааг ашиглаж, түлшээ хэмнэх, утааг багасгах боломж бүрдэнэ. Амгаланд халуун наар байсан байшинг очиж үзсэн. Тэгэхэд тэр пийшингээс гарсан утаа нь газар доогуур яваад байшингаа халааж явсаар яндангаараа багахан утаа гардаг юм билээ.

Саяхан Бээжин хотод агаарын хонгил гаргаснаа зарласан. Гэтэл би 10 жилийн өмнө энэ асуудлыг тавихад хэн ч тоогоогүй. Одоо Хятадыг болголоо гэхээр болох нь гээд харж байна.

Завшаанаар Улаан­баатар хот уулын хөндийн аман дээр байна. Хэрэв тал газар байсан бол сэлгээ салхи гарахгүй. Тиймээс бидэнд хөтөл сэтлэхээс өөр гарц байхгүй боллоо. Хотын удирдлагууд ч хийх нь зөв гэсэн. Гадаадад агаарын хонгил гэж ярьдаг, харин манайд салхины хонгил гэх юм.

-Хөтөл сэтэлснээр сөрөг тал бий юу?

-Энд ямар ч аюул байхгүй. Ганц нэг шир­гэсэн булаг бий. 100 гаруй мод тайраг­дах юм билээ. Тэр моднуудаа зөөгөөд тарьж болно. Ингэж арга хэмжээ авахгүй бол хотын иргэд бүгд янз бүрийн өвчтэй болох нь.

Ганц Баянхошуугаар хүчтэй салхи ороод ирэ­хэд бусад салхи нь татаг­даж утаа агаарын орчил хөдөл­гөөнд орж, маш хурдан цэвэр­шинэ. Гүнтээр сэтэл­бэл Долоон буудлаар агаар орж ирнэ. Тиймээс л энэ ажлыг хийх гэж би яриад яваа юм.

-Хотын агаар цэвэр болсноор хуурайшилтад нөлөөлөх болов уу?

-Манай хот маш их хуурайшилттай, хавартаа байнга хуурай шороогоор шуурч байна. Тиймээс хотын агаарыг чийгшүүлэхийн тулд Хужирбулангийн хөндийн олон га газрыг доошоо арван метр гүн ухаад том нуур байгуулах хэрэгтэй. Мөн Яармагийн бэлэн хонхор газрыг нуур болгох нь. Яармагаас Баянзүрхийн гүүр хоёрын хооронд Туул гол маань Сэлэнгэ мөрөн шиг их устай туналзах болно. Ингэснээр хотын иргэд нуурын дэргэд амарч, аялж, усанд орж, завиар зугаалж болно. Энэ бол миний мөрөөдөл. Би аль 2004 онд энэ тухай ярьж байсан.

Хужирбулангийн нуурыг хийхдээ карьераар хуулж, чулууг нь шиг­шиж авна. Тэнд ус туна­хаар маш их ус хөрс рүү орно. Түүнийг нь Дүнжингаравын дээд талд 100 худаг зоогоод соруу­лаад авчихна. Ингэснээр хот цэвэр усаар дутахгүй, харин ч илүүдэлтэй болно. Хотод нуурууд бий болсноор хотын үзэмж сай­жирч, агаар чийгтэй болох юм. Энэ ажлуудыг зориглон хийх л ёстой. Өөр ямар ч арга байхгүй.

2016 оны 4 сарын 15

Зууны мэдээ сонины архиваас