УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв.

Уг хуулийн төсөл батлагдснаар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн буюу хувиргасан амьд организм манай улсад орж ирэхгүй болох юм.  

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд 1, 2 дугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглож, импортод хяналт тавих, 3 дугаар зүйлд хууль хэрэгжиж эхлэх хугацааг тогтоох юм. Тодруулбал,

  • Төслийн 1 дүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай,
  • Төслийн 2 дугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай,
  • Төслийн 3 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заах бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан.

            Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортод тавих хяналтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Манай улсын хувьд 2012 онд Монгол Улсын Их Хурал Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан бөгөөд уг хуульд, удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг гадаадын зээл, тусламжаар авахыг хориглосон байна. Харин энэ төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх, импортлоход ямарваа нэгэн хязгаарлалт тавьж, хяналт тогтоох эрхзүйн орчныг бүрдүүлээгүй байгаа нь хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэлийг үүсгэж байна.

2000 онд дэлхийн 84 орны 828 эрдэмтэн хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хор нөлөөг анхааруулсан ил захидлыг Засгийн газруудад илгээж, сав шим ертөнц, хүн төрөлхтөнд асар их хохирол учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлэн, цаашид арилжааны зориулалтаар тариалах, үйлдвэрлэх, худалдаалах, хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг уриалсан.  

НҮБ-ын Хүнсний комиссын мэдээллээр, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь экологийн аюултайгаар зогсохгүй зарим үйлдвэрлэгчид хориглосон бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, найрлагын тухай мэдээллийг нууцлах тохиолдол багагүй гардаг байна.  Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна. Тухайлбал А.Pusztai, S.Ewen /Ихбритани/, M.Malatesta /Итали/, V.Prescott /Австрали/, И.Ермакова /ОХУ/ зэрэг олон судлаач генийн өөрчлөлттэй төмс, шар буурцаг, вандуйгаар тэжээсэн харх, хулганын элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхай муудаж, биеийн болон зүрхний жин, дархлааны систем өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавар илэрч байгааг тогтоосноор өөрсдийн хийсэн туршилтаа давтан хийхийг дэлхий дахинд уриалжээ. Мөн зарим эрдэмтэн орчин үед асар хурдацтай нэмэгдэж байгаа харшил, хорт хавдар, хэт таргалалт, дархлааны хомсдлыг хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гэж үзэж байна. Дэлхийн улс орнууд хувиргасан амьд организмаас гаралтай хүнс хэрэглэхээс татгалзаж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хууль тогтоомждоо энэ талаарх зохицуулалтыг оруулж, хүнсний стандарт, хяналтаа сайжруулсаар байна. Тухайлбал 2014 онд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Орос улс бүх төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн импортлохоос татгалзах болно” хэмээн мэдэгдсэн бол 2016 оны 07 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин Хувиргасан амьд организмаас гаралтай малын тэжээлийн импортыг хоригложээ.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул  дотоодын хүнсний хэрэглээг ямарваа нэгэн генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна.   Тиймээс Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.   

Өнөөдрийн байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг 2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 хувьтай, будаа, өндөг, жимс жимсгэний хувьд 23-45 хувьтай байна. 2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мянган тонн шингэн сүү, 118.7 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мянган тонн гурил, 55.1 мянган тоннн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мянган тоннн төмс, 72,3 мянган тонн хүнсний ногоо үйлдвэрлэжээ. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгдсэнийг Засгийн газрын тэргүүн онцлов.

Мөн 2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшинг тооцож үзвэл саахар, чихрийн зүйл 100 хувь, жимс, жимсгэний 94,5 хувь, хүнсний тосны 92,3 хувь нь импортоос хамааралтай байна. 2015 онд байгаль цаг уурын гэнэтийн үзэгдлийн улмаас ургац алдсанаас буудайны 69, хүнсний ногооны 52, төмсний 20 хувийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаар авч үзвэл төмс, хүнсний ногоо, гурилыг дотооддоосоо бүрэн хангах боломжтой байна. Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна гэж байлаа.

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн актаас бүрдэж байна.