УИХ-ын гишүүн М.Билэгт нэр бүхий есөн гишүүний 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийгөчигдөр орой УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль 2003 оны 11 дүгээр сарын 7-нд батлагдаж 2013 оны 7-р сарын 5-ны өдөр УИХ-аар шинэчлэн найруулагдаж батлагдсан. Дээрх хуулийг хэрэгжүүлснээр архи хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон иргэдийг түр саатуулан нийгмийн хэв журмыг сахиулж байгаа юм.

Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмч, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчдийн эрх ашиг, эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулж байна.

Иймд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харъяанд байлгах, саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчилэн найруулсан болно гэж байлаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хууль санаачлагч хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэхүү үйл ажиллагаанд оролцогч иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангаж, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын нийт 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу нэгтгэн нэг төсөл болгох асуудлыг анхны хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэхээр тогтсон юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь нар асуулт асуусан юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Уг хуулийн төслөөр эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллах юм байна. Мөн эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгасан болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар тус тус тусгасан гэж байв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл, Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.