Нефть шатахуун импортлогч компаниуд бензин үнээ нэг л өглөө 100 төгрөгөөр нэмээд иргэдийг бага үгүй бухимдуулсан. 

Чоно борооноор гэгчээр амралтын өдрүүдэд албан байгууллагууд хаалтай үеэр үнэ нэмсэн тэдэнд хариуцлага оноохыг эгэл жирийн иргэд шаардаж байсан ч холбогдох албанаас хяналт шалгалт хийж, эцсийг хариуг өгнө гэсээр өдийг хүрсэн билээ.

Засгийн газраас онцгой албан татварын нь багасгаад хөнгөлөлт урамшуулал үзүүлээд байхад үнээ нэмсэнд иргэд сэтгэл дундуур байсан юм. Бараг хагас сар гаруй хугацаа өнгөрсөн ч нэмэгдсэн үнээрээ өдийг хүртэл борлуулж буй шатахуун импортлогч компаниуд одоо үнээ буулгах нь юу л бол. 

Учир нь манай улсын Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллаж Стэйнд Бэй хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор хэд хэдэн татвар нэмнэ гэдгээ мэдэгдээд байгаа. 

Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс

Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх

Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар

Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.

Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх

Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Энэ бүгд татвар нэмэгдэхийн өмнө шатахуун импортлогч компаниуд дур мэдэн бензиний үнээ нэмсэн нь тэд урьдчилсан мэдээд тэгэв үү эсвэл тааж мэдээд үнээ өсгөчив үү гэсэн хардлага төрж байна. 

Ямартаа ирэх долдугаар сараас шатахууны онцгой албан татвар нэмэгдэх учир шатахуун импортлогч компаниуд  одоогийн энэ үгсэн хуйвалдсан үнээ буулгаж иргэдийн магнайг тэнийлгэх нь ДАШИЙН шог гээч болсон бололтой.