-Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэрнээ эмнэлгийн барилга барихад хувь нэмэр оруулжээ-

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшил давамгайлсан нийтийн тээврийн салбарт төрийн өмчит статустай гуравхан компани бий. Тэдний нэг нь “Цахилгаан тээвэр” компани. 

Нүсэр бүтэцтэй энэ компанийн захирал Д.Жаргалсайхан гэгч хязгаар нутгийн хүн бий. Тиймээс ч тус компанийн оффист ихэвчлэн Ховд аймгийн иргэд ажилладаг гэх юм билээ. За энэ ч яах вэ, гол асуудал биш. Тэртээ тэргүй нутгархаг үзэл хаа сайгүй байдгаас цааш. 

Харин хамгийн гол асуудал Д.Жаргалсайхан захирлын ашиг сонирхлын зөрчил. Тиймээс ч тус компанитай холбоотой гомдол байсхийгээд гардаг биз. 

Өнгөрсөн есдүгээр сард "Цахилгаан тээвэр" компани нь давуу эрхээ ашиглан өрсөлдөөний хууль зөрчиж, төсвөөс их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж, стандартын шаардлага хангаагүй троллейбус үйлдвэрлэж байна гэж салбарынхан нь ШӨХТГ-т хандаж байв. Харин энэ бүхнийг өрсөлдөгч компаниудын явуулга хэмээн Д.Жаргалсайхан захирал мэдээлж байсан билээ.

“Цахилгаан тээвэр” компани эргэлтийн үнээ нэмсэн ч ажилчдынхаа цалинг тавьсангүй

Энэ компанийн хувьд цалингаа цаг тухайд нь тавьж байсан тохиолдол өдрийн од шиг ховор. Ажилчид нь ч энэ байдалтайгаа хэдийнэ эвлэрсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Түүний ярьснаар бол энэ сарын цалингаа ч тавьж чадахгүй гэх тайлбарыг удирдлагууд нь өгсөн аж. Учир нь тус компани маш их алдагдалтай ажиллаж байгаа юм байх. Тиймээс ч ажилчиддаа тэвчээртэй байхыг сануулж, бүсээ чангалахыг анхааруулсан байна. Миний санаж байгаагаар мөн л өнгөрсөн оны сар шинийн баярын өмнөхөн ажилчиддаа урьдчилгаа болгож, хэдхэн төгрөг өгч байсан санагдана. Энэ мэтчилэн цалингаа хойшлуулах нь энгийн үзэгдэл. Хууччуул нь залуустаа бүр хэдэн сараар хойшлуулдаг байснаа бодвол харин ч гайгүй болчихоод байгаа тухай хэлж, тайтгаруулдаг байна.

Өнгөрсөн онд л гэхэд Д.Жаргалсайхан захирлыг урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийж, буян үйлдэж явах зуур тус компанийн 500 гаруй ажилтан, албан хаагч цалингаа хүлээж суусан удаатай. 

Сар шинийн баяр дөхчихсөн хэн бүхэн амьсгаа дээгүүр явдаг үед хөөрхий ажилчид бууз, баншаа бэлтгэчих санаатай цалингаа хүлээж суусан нь саяхан. Харин цалингаа цаг тухайд нь тавьдаггүй байдал энэ удаад мөн л давтагдсан байна. Оффист суудаг ажилчид нь “Бид өмнөх сарынхаа цалинг дөнгөж сая л авч байна. Та нарын цалин тодорхойгүй хугацаагаар хойшилно шүү” хэмээн жолооч, кондукторууддаа сануулжээ. Энэ бол наад захын асуудал. 

Ажилтнаа 1200 төгрөгөөс болж ажлаас нь чөлөөлж байсан тохиолдол ч бий. Тодруулбал, ажлын дундуур байн байн шалгалт явуулдаг бөгөөд 500-1000 төгрөг зөрсөн л бол шууд ажлаас халдаг аж. Тэр ч бүү хэл нэгэн кондуктор 1200 төгрөг дутааснаас болж ажилгүй болж байсан тохиолдол ч бий. Эрхэм захирал кондукторуудаа “мөнгө иддэг” гэж хардсаны улмаас ажилгүй болгож орхидог бололтой. Нийтийн тусын тулд жилийн 365 хоног нойр хоолоо умартан утаа, түгжээнд амьдралаа өнгөрүүлж буй нийтийн тээвэрчдийн амьдралд нь дорвитой тусламж үзүүлдэггүй юм гэхэд ядаж хийсэн ажлынх нь хөлсийг цаг тухайд нь өгчихөж болмоорсон.

Үүнээс гадна тус компани эргэлтийнхээ мөнгийг өнгөрөгч есдүгээр сард нэмэгдүүлсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 5-наас эхлэн нэг эргэлтийн тооцох нэгж нь 37 мянган төгрөг байсныг 50 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ. Эл шийдвэрийг тус компанийн зарим ажилтнууд эсэргүүцсэн бөгөөд тэдний үзэж буйгаар нэг эргэлтээр 50 мянган төгрөг бүрдүүлэх боломжгүй аж. Тус шийдвэр нь тэдний цалинд нөлөөлөх аюултай хэмээн үзсэн байна. Ингэснээр жолооч, кондукторуудын нуруун дээрх ачаа улам нэмэгдэж, орлогоо биелүүлэх хүндхэн даалгавартай үүр цүүрээр ажилдаа гардаг байна. Цагийн хуваарь, орлогын төлөвлөгөө, замын түгжрэл зэрэг нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс нийтийн тээвэртэй холбоотой осол, гэмтэл их гардаг гэдгийг ч тэд ярьж байгаа юм.

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг гэр бүлээрээ хувааж идэж байна

Үүнээс гадна “Цахилгаан тээвэр” компанийн бөөрөнд наалдсан нэгэн эмнэлэг бий. Энэ нь “Натул” эмнэлэг юм. Тус эмнэлэг яагаад өдий олон жил “Цахилгаан тээвэр” компанийн бөөрөнд наалдаж явсныг учир мэдэх хүмүүс арай өөрөөр тайлбарлаж байгаа юм. Д.Жаргалсайхан захирал бусад баячуудын адилаар эхнэрээ ч мөн сольж, залуу бүсгүйгээр гангарсан гэдэг. Харин “Натул” эмнэлгийн хувьд түүний анхны эхнэрийнх нь мэдэлд байдаг ажээ.

Тиймээс ч “Натул” эмнэлэг “Цахилгаан тээвэр” компанийн байрны нэг хэсгийг түрээслэж, багагүй хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Харин эдүгээ тус эмнэлэг туурга тусгаарлахаар орчин үеийн байр бариулж байгаа юм. Гэхдээ туурга тусгаарлахдаа “Цахилгаан тээвэр” компаниас холдохыг хүссэнгүй. Яг дэргэд нь газар авч, “Натул” клиник эмнэлгийн барилга баригдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол эмнэлгийн барилга баригдах төсөв, зардалд “Цахилгаан тээвэр” компанийн хувь нэмэр байгаа аж. Өөрөөр хэлбэл, Д.Жаргалсайхан захирал компанийн орлого, төсвийн хөрөнгөнөөс хумсалж, эхнэрийнхээ эмнэлгийн барилгад нэмэрлэсэн байх юм. Монгол хүний ур ухаан, инженерийн чадварыг шингээн эх орондоо анхны цахилгаан тээврийг угсарч, өнөөдөр тэр нь нийтийн тээвэрт үйлчилж байгаа. Энэ бол үнэхээр бахархмаар үйлдэл мөн. Гэхдээ энэ ажлыг хийх нэрийдлээр“Монголын цахилгаан тээвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Жаргалсайхан улсаас та бидний татварт төлсөн мөнгөнөөс гамгүй ихийг хэрэглэж байгаа юм.

Ингэхдээ нийслэлийн төсвөөс чамгүй их мөнгө тусгуулсан бөгөөд гүйцэтгэлийг нь “Эрдү” ХХК гүйцэтгэсэн байна. “Эрдү” ХХК нь “Монголын цахилгаан тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Жаргалсайханы охины мэдэлд байдаг компани гэх мэдээлэл байна. “Цахилгаан тээвэр” компани 2011 оны аравдугаар сарын 21-ний өдөр БОНХЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн хэрэгсэл есөн ширхэг дуобус угсрах” 150 сая төсөвт өртөг бүхий гэрээг байгуулан ажиллаж 2012 онд долдугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”-гаас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авчээ.

Мөн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд автомашиныг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг найман хоногийн хугацаанд мөрдөхтэй холбогдуулж, троллейбусны тарифыг мөн хугацаанд тэглэсэн гэх нэрийдлээр нийслэлийн төсвөөс, нөхөн олговор нэрээр багагүй мөнгө авсан гэх асуудал ч анхаарлын гадна үлдээгүй. Гэтэл нийтийн тээврийнхэн алдагдалтай ажиллаж байгаа тухай цаг үргэлж гомдоллодог. Үнэндээ бол жил бүр Засгийн газрын сангаас нөхөн төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад олгодог. Харин энэхүү нөхөн олговрын дийлэнх хувийг нь “Цахилгаан тээвэр” компани авдаг юм билээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд өдөрт 600 мянган зорчигч тээвэрлэдэг гэх статистик судалгаа бий. Харин нийт зорчигчийн 56 хувь нь төлбөрөө төлдөг бол 44 хувь нь холбогдох хуулийн хүрээнд үнэ төлбөргүй зорчдог аж. Харин дээрх 160 гаруй мянган иргэний тээврийн зардалд төсвөөс нөхөн олговор хэлбэрээр 2010 онд 26.8 тэрбум төгрөг өгсөн бол 2011 онд 30.4 тэрбумыг олгож, харин 2012 онд 34.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тиймээс ч Д.Жаргалсайхан захирлыг АТГ-аас шалгавал яасан юм бэ. Ядаж ШӨХТГ-аас шалгах цаг нь болсон юм биш үү.

Э.Очир