Аргын тооллын 4 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 10, Үнэг одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана.

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.