Манай сэтгүүлчид ямар дөрвөн уулын дундаасаа гарах юм биш дээ. Сэтгүүлч гэхээр л мэдээ бэлддэг, сурвалжлага маягийн юм хийдэг л хүмүүс шүү дээ.

Хэрэв дөрвөн уулын дундаасаа гараад хөдөө сумдаар явах юм бол их ч юм үзнэ дээ. Жинхэнэ феодализм өнөөдөр хөдөө сумдад бий болж засаг дарга нэртэй феодал ноён өнөөдөр дураараа дургиж байгааг харах болно. Монголын бүх л сумууд адилхан. Тиймээс хөдөөд 333 засаг ноён төсвийн мөнгөөр туйлж, газрын баялгаар гараа угааж байна.

Сүүлийн үеийн том том жиипээр гангарч, хамаатан саднаараа сумын өнгөтэй өөдтэй албануудад тавьж баяжицгааж байна. Төсвийн мөнгө, төсөл хөтөлбөрүүдийг хамаатнууддаа өгч байгаа. Засаг даргаар нь өөрөө ажиллаж, эхнэрээ эмнэлгийн дарга, хүүгээ газрын албаны дарга, бэрээ цэцэрлэгийн эрхлэгч, дүүгээ Иргэдийн хурлын дарга гэх мэтээр бүх л албан тушаалд тавьсныг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Энэхүү мэдээллийг захын нэг жижиг сумын иргэдтэй уулзахад л бүгдийг нь хэлээд өгнө.

Өнөөдөр засаг солигдож, дараагийн ээлж нь хоолондоо орж байна. Одоо хэмжээ хязгааргүй архидалт, хулгай, завхарал үргэлжилж эхлээд байна. Хорь хүрэхгүй настай залуу сумдуудын засаг дарга болцгоож юу хийхээ мэдэхгүй хэнхэглэн байна. Намчирхал дээд цэгтээ хүрч төрийн байгууллагуудыг дээрээс доош нь хүртэл цэвэрлэжээ. Тиймээс ажилгүй болсон олон залуус хот руу шилжиж байна. Монгол минь яасан ч баян юм бэ дээ. Сум бүр баялагтай, баялаг бүр нь лицензтэй, лиценз бүр нь эзэнтэй болжээ. Сумын удирдлагууд уул уурхайн компаниудтай, тэр дундаа хятадуудатай хүзүү сээрээрээ орооцолдож байна. Авлигал хээл хахууль нь дээд цэгтээ хүрээд, ил цагаан болчихсон байна. Үүнийг малчид тэднийг шоолж байна. Үүнийг л өнөөдөр гаргаж тавих ёстой сэтгүүлчид юу хийнэ вэ?. Тэнд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа хараад суугаад, өөгшүүлээд л байх гэж үү.

Үнэнийг хэлэхэд монголын төр монголын газар нутаг дээр бүрэн эрхээ хэрэгжүүлж, дөрвөн зүг, найман зовхист хүрч ажиллаж чадахгүй байна. Н.Алтанхуяг өнөөдөр хэдэн сайдынхаа хүрээнд л ажил хийж, хөдөө сумдад юу болж байгаа мэдэхгүй том том ярихыг сонсоод үнэхээр уур хүрэх юм. Төр минь үгүйлэгдэнэ. Жил бүр ой тэмдэглэж, морь уралдуулж, бөх барилдуул, архидаж төсвийн мөнгийг салхинд хийсгэж байна.

Хөдөө сумын жижигхэн олигархиуд дураараа дургисаар, нас нь улам залуужсаар байна. Хэзээ хариуцлага, хяналт тогтох вэ?