Монголчууд яг сарын дараа дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.  Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Иймээс улс төрийн намууд хөдөлгөөнд орж, сонгуулийн бэлтгэл хангах ажилдаа ороод байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа гишүүд нь уулзсан бол МАН Удирдах зөвлөлөө хуралдууллаа.

 

 

МАН-аас Ц.Нямдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэхгүй

 

МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүн нь бараг тодорхой гэдгийг хэвлэлийнхэн онцолсоор байгаа. Үнэндээ уламжлал ёсоор бол М.Энхболд нэр дэвших нь зүйн хэрэг. Намаа УИХ, Аймаг, дүүргийн сонгуульд илт давуу ялуулсан, орон нутгийн сонгуульд ч үнэмлэхгүй ялалт байгуулсан гэх түүнийг намынхан нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж гавьяаг нь үнэлэх учиртай. Намынхан ч Төрийн гурван тэргүүнийг өөрийн болгох мөрөөдөл тун удахгүй биелэлээ олно хэмээн  дараа дараагийн нүүдлээ тооцоолсоор сууна. Өөрөөр хэлбэл М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол дараагийн УИХ-ын дарга хэн байхав, намын даргаар хэнийг сонгох вэ, Ерөнхий сайдын суудал хэрхэн шийдэгдэхэв гээд л жинхэнэ цусгүй тулаан МАН-д өрнөж байна.

 

 

Бүр цаашилбал УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болох уу, түүний албан тушаалыг Ө.Энхтүвшин авах уу, М.Энхболдын сонгогдсон Төв аймгийн нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд М.Энхболдын мөрөөр УИХ-д орж ирэх үү гээд л алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэдэг үлгэр МАН-д өрнөж байна. Гэхдээ энэ бүх яриа хэлэлцээр ганцхан хүнээс болж нурах эрсдэлтэй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж саяхан нэгэн ярилцлагандаа Ерөнхийлөгчид дэвших эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж хэлээгүй. Гагцхүү намынхаа шийдвэрийг дагана гэсэн. Гэхдээ түүнд нэр дэвших хангалттай амбиц бий. Түүнийг нэр дэвшүүлэх талаар ярьж байгаа цөөнгүй гишүүд байгаа. Тэгэхээр МАН-аас аас Ц.Нямдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэхгүй юм.

 

АН-ынхан нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах вэ?

 

Ардчилсан намаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь байгаагүйгээр олон хүн өрсөлдөхөөр чармайж буй. Тодруулбал АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуяг,  Л.Болд, Г.Цагаан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Г.Батхүү, Э.Бат-Үүл, З.Энхболд, Баабар, П.Цагаан нарын 10 хүн өрсөлдөхөөр намдаа бүртгүүлээд байгаа гэх. Бас болоогүй тоон дотор үсэг зохиж явна гэгчээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан хүртэл Ерөнхийлөгчийн сэнтийг мөрөөдөн АН-аас нэр дэвших хүсэлтээ гаргасан гэх. Тэрбээр АН-ын удирдлагуудын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн гишүүдтэйгээ хийсэн уулзалтад очиж, Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхлоо намын удирдлагуудад илэрхийлсэн байна. Б.Жаргалсайханы хувьд АН-ын даргын сонгуулийн өмнө тус намд элссэн боловч БНН-ын даргаас нь албан ёсоор чөлөөлөөгүй, АН-ын дотоод сонгуульд өвдөг шороодсон гээд түүнд саад бэрхшээл цөөнгүй ч Ерөнхийлөгчид зүтгэхээр шийджээ.

 

 

Одоо АН-ыханд ганцхан зовлон байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчидээ хэрхэн тодруулах вэ гэж.  Хэдхэн хоногийн өмнө АН-ын нэр дэвшигчид С.Эрдэнийн үзэмжээр сонгогдох нь гэж шуугиж байсан ч АН-ын удирдлагууд энэ шийдвэрээ эргэн харсан бололтой. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Говь-Алтай аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ “Ардчилсан намын шинэчлэл амжилттай явагдаж байна. Энэ бол шинэчлэлийн эхлэл юм. Шинэчлэл цаашаа илүү өргөн хүрээнд хэрэгжих болно. Бидний хамгийн ойрын том зорилго бол Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг таслахгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах. Намын гишүүд та бүхний саналаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүн тодорч, мөн та бүхний саналаар ялалт байгуулах юм. Тиймээс Ардчилсан нам 2020 оны ялалтыг авахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Тэгэхээр үлдсэн 10 хоногийн хугацаанд АН-ынхан хэрхэн нэр дэвшигчдээ тодруулахыг харах л үлдлээ.

 

МАХН Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх зорилготой, харин үгүй гэвэл өөр хувилбартай

 

МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэмжээний рейтингтэй яваа ганц хүн Н.Энхбаяр. Сүүлд гаргасан судалгаараар Н.Энхбаяр нөлөөтэй улс төрчдийн түрүүнд Б.Бат-Эрдэнэтэй зуузай холбон яваа. Тэгэхээр МАХН Н.Энхбаярыгаа сойхгүй гээд яах билээ. Гэвч түүнд нэг саад бий. Ерөнхийлөгчийн сонгуульд ялтай хүн өрсөлдөж болдоггүй хуультай. Ийм шалтгаанаар өнгөрсөн сонгуульд МАХН-ынхан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх гээд бараагүй. Тэгвэл түүний “ял” энэ удаагийн сонгуульд ч гэсэн саад хийж мэдэх тул МАХН эртнээс өөр хувилбар бодож олсон бололтой. Тодруулбал Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунд тус намыхан санал тавьжээ. Энэ талаар О.Баасанхүү “МАХН өөрийн гэсэн дүрэмтэй нам.

 

 

Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Таван хүн нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсныг нь өрсөлдүүлнэ. Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Бага чуулганаасаа дэмжлэг авбал эцсээ хүртэл дэмжиж ажиллана. Ямар нэг шалтаг хэлээд, дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хувилбар бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй. Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна” гэж хэлсэн хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “МАХН-ын Бага чуулганы 200 орчим гишүүний 50-иас дээш хувь нь надтай ижил байр суурьтай байгаа. Би хувьдаа манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зорилготой орно гэж ойлгож байгаа. Санал хуваах, аль нэг намыг дэмжих зорилготой байж болохгүй. Яагаад гэвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явах болов уу. Шууд эхний сонгуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувиар гарчихна гэж харахгүй байна. Тийм учраас манай намд боломж бий” гэсэн байна.

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал 2017 оны наймдугаар сард дуусна” хэмээн мэдэгдсэн байдаг.

 

МАН АН тэрбум төгрөгийн хандив авахаар ярилцаж байна уу

 

Ардчилсан намынхан дотоод сонгуулиар мөнгөөр хийснээр санхүүгийн хувьд хараат болсон гэдгийг намын дарга нь онцолдог. Нийслэлийн АН, дунд шатны намын хорооны дарга нарын сонгуульд л гэхэд 54 хүн, ҮБХ-ны 380 суудалд 511 хүн нэр дэвшсэн. Тэдгээр нэр дэвшигчдээсээ 90 сая хүртэлх төгрөгийн дэнчин, хураамж авснаар 2.5 тэрбум төгрөг цугларсан гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан байдаг. Гэтэл улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээсээ ихээхэн хэмжээний хандив авахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл сонсогдсоор байна.

 

 

Тодруулбал Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээсээ тэрбум төгрөгийн хандив авахаар ярилцаж байгаа гэх. Тэгвэл МАН-ынхан гурван тэрбум төгрөгийн хандив авах гэнэ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “Гурван тэрбум гэж сонсоогүй тоо байна” гэсэн хариултыг өгсөн ч бүрэн үгүйсгээгүй юм. МАН-ын хувьд Удирдах зөвлөлөө хуралдуулж, сонгуулийн хандив цуглуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ахалж байгаа бөгөөд “Ажлын хэсэг энэ асуудлаар хуралдаагүй. Бид хандив цуглуулахдаа хуулийн хүрээнд ажиллана. Сонгуулийн хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, хувь хүн, иргэд рүүгээ хандаж, хандив цуглуулах ажлыг зохион байгуулна” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

 

24tsag.mn