2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Ө.А нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1 сар 15 хоногтой А.И-ийн  эмчилгээний хуудсан дээрх аскорбины хүчил, кокорбоксилаза тариануудыг 0.9 хувийн натрихлоридын уусмалаар найруулж, өвчтөнд тарих ёстой атал 7.5 хувийн калихлоридын уусмалаар найруулан судсаар нь хийжээ. Энэ нь Монгол улсын MNS 4621:2008 стандартыг зөрчиж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас А.И нь эмийг хүчтэй харшил урвалын шоконд орж гэнэт нас барсан хэрэг гарсан байна.  Энэ хэргийг шүүх Хан-Уул дүүргийн эргүүгийн хэргийн шүүх өнгөрсөн сард хэлэлцээд тариа хийсэн сувилагчийн эмчигээ хийх эрхийг 2 жилээр хасч 2 жилийн ял оноожээ.

Талийгаач хүү А.И нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цагийн Хан-уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ирж хэвтсэн. Халдварт өвчин судлалын эмнэлэгт улаан бурхан өвчний хатгаагаар 6 хоног эмчлэгдэж гараад, гэртээ 4 хоноод буцаж ханиалгаад, халуураад, амьсгаадаад байсан тул ийнхүү дүүргийнхээ  эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Талийгаач хүү улаан бурхан өвчнөөр өвчлөөд удаагүй байсан учраас тусгаарлах өрөөнд хэвтүүлсэн бөгөөд  2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмчлэгч эмч  үзэх үед биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчиндоо харьцаатай, цээж хонхолзсон, уушиг ширүүн шуугисан амьсгаатай, нойтон хэржигнүүртэй, уушигны хатгаа өвчний шинжтэй байсан. Өндөгний цус, биохими, цээжний зураг авах шинжилгээгээр уушигны хатгаа онош тогтоогдсон. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүүхдийн биеийн байдал тогтворжиж, шинээр хийгдэж байгаа эмчилгээ үр дүнгээ өгч, биеийн байдал наашлах төлөвтэй болж ирсэн гэдгийг ХУД-ийн эмч мөрлөн байцалтад мэдүүлсэн байдаг.

Энэ  хэргийн мөрдөн байцаалтын явцад талийгаач хүүгийн аав: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөөний 08 цаг 55 минутанд би эхнэр, хүү хоёртой цай, хоол хийгээд эмнэлэг дээр очтол өрөөнд эмч, сувилагч нар нийлээд 5 хүн зогсож байсан. Намайг өрөө рүү ороход манай хүүгийн зүрх нь зогсчихсон, ямар ч амьсгаагүй, ухаангүй болчихсон байсан. Би “юу болоо вэ” гээд эхнэрээсээ асуухад “хүүд цагийн тариаг нь эрт хийхэд хүү ухаангүй болоод амьсгалахгүй байна” гэж уйлаад хэлсэн. Н эмч нь манай хүүд 2 эрхий хуруугаараа цээжин дээр нь хиймэл амьсгал хийж байсан. Ц гэдэг сувилагч нь манай хүүгийн аман дээр том хүний хиймэл амьсгал хийдэг маск тавиад базаж байсан. Нөгөө 3 эмч, сувилагч нар нь зэрэг манай хүүгийн хоёр гар, нэг хөлөнд нь буюу 3 мөчинд тариа зэрэг хийж байсан. Сүүлдээ үлдсэн нэг хөлөнд нь тариа хийсэн. Намайг орж ирснээс хойш 15 минутын дараа нөгөө том хүнд хиймэл амьсгал хийдэг маскийг хүүхдийн жижиг маскаар сольж, хиймэл амьсгал хийж эхэлсэн. Хүчилтөрөгчийн аппарат нь манай хүүд залгаатай байсан боловч доогуураа гуурс нь аппаратнаасаа салгаатай байсан. Тэгээд ухаан оролгүй нас барсан. Манай хүү 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, төрөхдөө ямар нэгэн хүндрэлгүй, эрүүл саруул төрсөн. Эм тарианы харшилгүй Яармагийн эмнэлэгт 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хатгаа оноштойгоор хэвтсэн. Би хүүгийнхээ өрөө рүү 08 цаг 55 минутанд ороход миний хүүгийн зүрх нь зогсчихсон сэхээн амьдруулах үйл ажиллагааг эмч нар хийж байсан. Эмч нар бөөнөөрөө гараад явсны дараа 3 эмч өрөө рүү орох гэхэд нь би оруулаагүй, сүүлд нь Нэмч орж ирчихээд гараад явсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд, эм тариануудыг хурааж авсан. Харин ширээн дээр хурааж аваагүй жижиг ууттай, цэнхэр бичигтэй тариа үлдсэн. Мөрдөн байцаагч залуу А сувилагчаас “энэ тариаг хийсэн үү” гэж асуухад А “хийгээгүй” гэхээр нь хурааж авалгүй үлдээсэн юм. Би юмыг яаж мэдхэв гээд тарианы нэрийг хартал 7.5 гэсэн тоотой Кали хлорид тариа байсан. Би маш их гомдолтой байна. Одоог хүртэл сувилагч буруугаа хүлээж эхнэр, бид хоёроос уучлалт гуйгаагүй.” Гэж хэлж байжээ.

Шүүх эмнэлэгээс талийгаач задлан шинжилгээ хийгээд А.И-ий бие цогцост дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй. Эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж гэнэт нас баржээ. Үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. А.И-ий биед нас барахын өмнө хийгдсэн эмийн бодист хүчтэй харшил өгч шокийн байдалд орсон шинж илэрч байна. Тухайн үед хийгдсэн гэх адреналин тариаг хэт өндөр тунгаар хийсэн байна гэсэн дүгнэлт хийжээ.

Тиймээс Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ө.А нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Ө.Алтансувдыг эмчилгээ хийх албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилээр хасч, 2 жил /хоёр жил/ хорих ялаар шийтгэсэн байна.