Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаж мөрдөгдөж эхэлснээс хойш нийгэмд таатай гэхээсээ илүүтэй сөрөг уур амьсгал давамгайлах боллоо. Уламжлал, ёс заншил, улс орныхоо онцлог, иргэдийн аж амьдралын хэм хэмжээнээс хэт тасархай, аль нэг орны хуулийг хуулбарлан баталсны гор иргэдийн хувьд дарамт, гэр бүлийн хувьд салалт, үл ойлголцолыг бий болгов.

Иргэдийн ярьж заншсанаар Ганц худагийн хорих төв сүүлийн өдрүүдэд байнгын 300-400 “зочин”-той байх болсон тухай мэдээлэл байна. Тэнд голдуу архи ууж гэр бүлийн гишүүдтэйгээ үл ойлголцон маргалдсны улмаас саатуулагдсан иргэд хоригдох болсон байна. Шинэ гарсан хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэд ноцтой, эс ноцтой үйлдлээс эс хамааран 10-30 хоног шууд албадан саатуулагдахаар болсон аж.

Тус хорих ангид саатуулагсдад долоо хоног бүрийн мягмар гарагт эргэлт оруулах боломжтой. Энэ үеэр умбагар өрөөнд ээлж, ээлжээр орж албадан саатуулагсадтай уулзаж буй ар гэрийнхэн нь цагдаа дуудаад энд авчираад саатуулчихна гэж мэдээгүй шүү дээ, өмнө нь эрүүлжүүлээд гаргачихдаг байсан, түүн шиг санаад цагдаа дуудсан шүү дээ хэмээн учирлах.

Гарч байгаад гайгүй дээ, нэгэнт иймдээ тулсан юм салъя даа, ахиж битгий над дээр ирээрэй гэх хатуу үгс эндэхийн шалан дээр унах нь даанч хатуу. Хүчирхийлэлээс хүчирхийлэл л төрдөг. Хүчирхийлэл үнэртүүлсэн энэхүү хуулийн чанга хатуу заалтын улмаас гэр бүл салах, үр хүүхэд өнчрөх, саатуулагдсан иргэд ажилгүй болох олон сөрөг тал харагдаад эхэллээ.

Уламжлал, ёс заншилаас хэт хол барууны хуулийн дэг жаягаар батлан гаргасан хуулийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөлийн талаар судалсан, олж харсан, нягталсан зүйлгүйгээр гэр бүлийг хүчирхийлэлээс хамгаалах сайхан нэрийн дор баталсан хууль гэр бүл салалтын хууль хэмээн нэрлэгдэх болов.

Уг нь гэр бүл салалтыг сааруулах, гэр бүлийн баталгаат байдлыг хангах, гэр бүлийн орчинд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх тухай намууд, УИХ, холбогдох байгууллагууд ярьдаг ч хууль нь түүний эсрэг гэр бүлийн салалтыг дэмжих тухай хууль болсон нь дэндүү харалган, болчимгүй үйлдэл болон хувирлаа.

Эсвэл энэхүү хуулийг санаатайгаар нийгэмд сөрөг уур амьсгал бий болгох зорилгоор санаачлан батлуулсан уу гэдэг асуулт урган гарах болов. Тус төвд хоригдоод гарч ирсэн нэгэн залуу

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн улмаас энд хоригдогсод улам нэмэгдэх төлөвтэй. Хоригдож буй залуус гэмээ ухамсарлах бус харин ч эндээс гараад шууд гэр бүлээ цуцлуулна, нэгэнт ажилгүй болсон хүн яасан ч яахав гэсэн хандлагатай болж байна. Ер нь энд хоригдож буй хүмүүсийн яриа ийм л байна гэсэн юм.

Сурган хүмүүжүүлэх, ухамсарлуулах, соёлжуулах, эвлэрүүлэх гэхээсээ илүүтэй эвдрүүлэх, тэрсэлдүүлэх, харилцан ойлголцолын үүдийг хаах зорилго агуулсан энэхүү хууль нь гэр бүлийн хүчирхийлэлээс ч илүүтэй гамшигийг бидэнд үлдээх нь тодорхой болов. Цаашид энэхүү хуулийг мөрдүүлсээр байх аваас гэр бүлийн салалт тэр хэмжээгээр нэмэгдэх төлөв ч бий болоод байна.

Нэгэн хүн гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж. Авсан хүнийг нь ч мэдсэн байна. Эд зүйлээ хулгайд алдагчийг хулгайчийг цагдаагийн хажууд доромжилсон хэмээн тус төвд саатуулагдсан тохиолдол ч гарч. Хулгайч нь бус эд зүйлээ хулгайд алдсан нь саатуулагдсан гэхээр энэхүү хуулийн жинхэнэ хохирогч нь хэн болж таараад байна вэ. Хууль гууль болохын цагт улс орон самууралд идэгддэг. Ардчилал бол хуулийн нэрээр хүчирхийлэл үйлдэх бус хүн ардыг гэгээрүүлэх замаар нийгмийг тохинуулах үйл хэрэг гэж би боддог. Харин манай улсын хууль хүн ардаа айлган сүрдүүлэх, заналхийлэх, хүчирхийлэх, чанга хатуу аргаар барих гэсэн далд санаархал тээн батлагдах болсон нь бид ардчилал руу яваад байна уу эсвэл гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

Д.Оюун

www.bataar.mn