Хоёр жилийн өмнө Хас банк хэрэглэгчдээ залилдаг байсан нь тогтоогдож билээ. Тухайн үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас тус банкинд шалгалт хийхэд бусад банкнаас хоёр дахин их мөнгийг иргэдээс шимтгэл, хураамж нэрээр авч байсан нь илэрсэн байдаг.

 Өөрөөр хэлбэл иргэдийн зээлсэн мөнгөнөөс давхардуулан шимтгэл авдаг байсан ноцтой үйлдэл нь ил болсон гэсэн үг юм. 

Шалгалт хийхэд “Хас банк” нь шимтгэл хураамж гэх нэрээр иргэдийн зээлсэн мөнгөнөөс 0.5-1 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр хураамжид 500-15 мянган төгрөгийг авдаг байсан байна. Бүр давхардуулан шимтгэл, хураамж авдаг байсан нь баримтаар илэрсэн тул ШӨХТГ-аас зөрчлөө арилгах хугацаа өгсөн чтухайн үед ямар нэгэн хариу өгөөгүй юм билээ.  

Тодорхой хэлбэл 50 сая төгрөгийн 20 жилийн хугацаатай орон сууцны зээлийг тус банкнаас авбал шимтгэлд нь 500 мянган төгрөгийг өгөх болно гэсэн үг.

Мөн түүний дараа нэрээ нууцлан ярилцлага өгсөн этгээд хэвлэлд ярихдаа “Би Хас банкнаас зээл аваад ямар ч хоцрогдолгүй, асуудалгүй зээлээ төлөөд явж байсан. Гэвч хямралын энэ үед зээлийнхээ хугацааг жаахан сунгаад эргэн төлөлтөө бага төлөхгүй бол болохгүй байна гэсэн хүсэлтийг Хас банканд тавихад урдаас маш олон шаардлага тавьж байна. Тухайлбал танайх цалингаа манай дансаар тавь, харилцах дансаа манай банканд нээгээд гүйлгээгээ харилцах дансаар хий, барьцаагаа нэм, таны байр, машин хаана байгаа вэ?, байр, машины гэрчилгээгээ авч ирээд барьцаанд тавьчих гэх зэргээр эдийн засаг хямарсан энэ цаг үед иргэд, харилцагчдаа улам л хүнд байдалд оруулж байна. Бид зээл авахынхаа хэрээр банканд хангалттай хүү төлж байгаа шүү дээ. Санхүүгийн хүнд, хэцүү ийм цаг үед иргэдийг бодох биш эсрэгээрээ дарамталсан бодлого, шаардлага тавьж байгаа нь харамсалтай байна.

Зөвхөн Хас банк гэлтгүй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны цөөхөн банкнууд бүгд ижилхэн. Бизнес эрхлэгчид бүх зүйлээ банканд барьцаалж, дандаа зээлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны зээлийн хүүнд зөвхөн нэг бизнес эрхлэгчийн төлсөн мөнгийг бодоод үзэхэд маш их мөнгө болно.  Банкны хүүний хүлээсэнд иргэд, бизнес эрхлэгчид үнэхээр сөхөрч байна. Тийм учраас гаднаас банк орж ирэх гэж байгаа бол үүнийг бараг дэмжиж, банкыг олон бас өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй.

Хэдхэн банк монополь эрх тогтоогоод үүндээ давраад одоо Хас банк мэтийн банкнууд зээл авсан харилцагчаа бараг дарамтлах маягтай байна” гэж ярьж байлаа. Байдгаараа пиардаж, олон нийтийн тархийг угаадаг Хас банкны иймэрхүү увиагүй байдал одоо өөрчлөгдсөн үү...

Үргэлжлэл бий...

Г.Нар 

zaluu.mn