ДЭМБ-ын тархвар судлалын тодорхойлолтоор “Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй,  тогтмол бэлгийн харьцаанд нэг  жил байгаа боловч жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ” хэмээн тодорхойлсон.

Үргүйдэлд хүргэдэг шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс нь эмэгтэй, эрэгтэй хүнд ялгаатай, олон төрөл байдаг. Эмэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг гол шалтгаанд бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, түүнээс үүдэлтэй умайн гуурсан хоолойн битүүрэл, бага аарцгийн наалдац сорвижилтын өөрчлөлт (35-40%), дотоод шүүрлийн хямрал (4-40%), эмэгтэйчүүдийн бусад өвчин (15-25%) ордог. Эрэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн төрөлхийн болон олдмол шээс бэлгийн замын эмгэг, халдвар, хавдар, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдах, генийн эмгэг, дархлалын хүчин зүйлс зэрэг шалтгааны улмаас үүсдэг. Дэлхий дээр дунджаар нийт хосын 12 хувь нь үргүйдэлтэй байдаг бөгөөд сүүлийн үед үргүйдлийн тархалт жил ирэх тусам ихсэж байна.

 

Манай улсын хувьд үргүйдлийн талаар хийгдсэн судалгааны ажил ихэнхдээ эмнэлэгт суурилсан эмнэлзүйн судалгааны загвараар хийгдсэн бөгөөд хүн амд суурилсан үргүйдлийн тархалт, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон судалгаа хомс байна. Үргүйдэлд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийн  талаар хийсэн судалгаанаас харахад 2013 оны байдлаар үр хөндөлтийн 15628 тохиолдол бүртгэгдэж, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 18.4 үр хөндөлт ногдож байгаа бөгөөд бэлгийн замаар дамжих халдварын 14904 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 39.9 хувийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 10000 хүн амд 1.5-аар нэмэгдсэн байна.

 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Монгол хүний үргүйдлийн шалтгаан” судалгааны дүнгээс үзэхэд нийт үргүйдэлтэй хосын дунд эмэгтэйчүүдийн 34,8 хувь, эрэгтэйчүүдийн 55,6 хувь нь ямар нэг эмгэг өөрчлөлт илрээгүй буюу шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй, эмэгтэйчүүдийн 56,3 хувь нь анхдагч, 43,7 хувь нь хоёрдогч үргүйдэлтэй байна. Бэлгийн замаар дамжих халдварт өртсөн байдлыг харахад эрэгтэйчүүдийн 44,1 хувь нь, эмэгтэйчүүдийн 43,9 хувь нь уг халдварт өртөж, үүнээс 25,1 хувь нь бага аарцгийн үрэвсэлт өвчнөөр, эмэгтэйчүүдийн 23 хувь, эрэгтэйчүүдийн 53 хувь нь бэлгийн дааврын үзүүлэлтийн хувьд  ямар нэг өөрчлөлт буюу дотоод шүүрлийн тогтолцоонд эмгэгтэй байна.

 

Үндэсний статистикийн хорооны албан мэдээлэл судалгаанаас харахад  судалгаанд хамрагдсан гэрлэсэн буюу хамтран амьдрагчтай  байгаа 15-49 насны  8674 эмэгтэйчүүдийн 5,1 хувь нь  үргүйдэлтэй буюу сүүлийн 5 жилд хүүхэд төрүүлээгүй, жирэмснээс хамгаалах арга огт хэрэглэдэггүй, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн боловч жирэмслэхгүй байгаа гэж, 6,8 хувь нь цэвэршсэн/саваа авахуулсан гэж, 11,9 хувь нь  үргүйдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, түүвэр судалгаанд оролцжээ.

 

Бодит амьдрал дээр Монгол Улсад үргүйдэл болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх харилцаа үүссэн болох нь  хэвлэлийн мэдээ, олон нийтийн сүлжээн дэх зар, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үр дүнд гарсан нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг болон төрийн бус байгууллага, иргэдийн өгч буй мэдээллээс харагдаж байна.

 

Мөн 2016 оны байдлаар үргүйдлийн асуудлаар 1909 иргэн бүртгүүлэн үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авчээ. Үргүйдлийн асуудалтай, үр шилжүүлэн суулгах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлтэй иргэд БНСУ болон ОХУ-ын эмнэлэгт их ханддаг бөгөөд 2015 онд БНСУ-д зорчихоор эмчилгээний виз авсан 3700, 2016 онд 3100, 2017 оны эхний 4 сарын байдлаар 900 иргэн байгаа нь гадагш эмчилгээ, үйлчилгээнд явах, нөхөн үржихүйд туслах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлт их байгааг харуулж байна.